
\АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдээлснээр Суданд байлдаж буй талууд даваа гарагийн шөнө дундаас эхлэн 72 цагийн турш галаа зогсоох зөвшилцөлд хүрчээ. Суданы зэвсэгт хүчин болон хагас цэрэгжсэн RSF байгууллага хоорондын зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш талууд галаа зогсоох тал дээр зөвшилцөлд хүрч чадаагүй байсан юм.
Э. Блинкений мэдээлснээр энэ удаад талууд 48 цагийн турш хэлэлцээр хийсний эцэст зөвшилцөлд хүрч чаджээ. Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 400 гаруй хүн амь үрэгдээд байгаа ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш Суданд үүссэн нөхцөл байдал хурцдах нь бүс нутгийн тогтвортой байдалд аюул учруулна хэмээн онцолжээ.
Тулаан эхэлснээс хойш нийслэл Хартум хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Иймээс иргэд удахгүй хоол хүнс, цэвэр усны хомстолд орох эрсдэлтэй байгаа аж.
Цэвэр усны хоолой зэрэг дэд бүтцүүд цохилтонд өртсөнөөс болж иргэд хотын дундуур урсах Нил мөрнөөс ус авч уухад хүрсэн ба талууд галаа тодорхой хугацаанд зогсоосон нь энгийн иргэдэд хотоос гарах боломжийг олгох юм.
Бусад улс орнууд мөн адил энэ үеэр иргэдээ Суданаас татан авч, нүүлгэн шилжүүлэх аж. Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш тус улсаас хэдэн арван мянган иргэд дүрвээд байна.
Төрийн нарийн бичгийн дарга Э. Блинкений мэдээлснээр иргэдийг нүүлгэн шилжүүлэх цувааг тонон дээрэмдсэн тохиолдол ч гарсан аж. NetBlocks хяналтын байгууллагаас мэдээлснээр Суданд интернет сүлжээ тасарсан байна.
2021 оны төрийн эргэлтээс хойш Африкийн 3 дахь том улс Суданыг цэргийн удирдагчдаас бүрдэх зөвлөл удирдаж байгаа ба гол зөрчилдөөн нь Суданы зэвсэгт хүчний тэргүүн, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Абдель Фаттах аль Бурхан болон түүний орлогч, хагас цэрэгжсэн RSF байгууллагын тэргүүн Мохамед Хамдан Дагало нарын хооронд үүссэн байна.
Тэд RSF байгууллагын 100 мянган албан хаагчийг Суданы зэвсэгт хүчинд нэгтгэсний дараа Суданы зэвсэгт хүчнийг хэн удирдах вэ гэдэг дээр санал зөрөлдсөн аж.
Мохамед Хамдан Дагало Абдель Фаттах аль Бурханы засгийн газрыг "исламын хэт даврагчид" хэмээн буруушаахын зэрэгцээ RSF байгууллага нь "ардчилсан нийгэм байгуулахыг зорьж байгаа Суданы ард иргэдийн төлөө" тэмцэж байгааг онцолсон бол Абдель Фаттах аль Бурхан иргэний нийгэм байгуулах санааг дэмжиж байгаа ч төрийн эрхийг зөвхөн сонгуулиар сонгогдсон засгийн газарт шилжүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.