Өнгөрсөн мягмар гарагт нурангинаас 9 хүнийг гаргаж авчээ

Twitter Print
2023 оны 02-р сар 15-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн мягмар гарагт аврагчид нурангин доороос 9 хүнийг эсэн мэнд гаргаж авсан байна. Өнгөрсөн даваа гарагт Турк болон Сирийн нутаг дэвсгэр газар хөдлөлтийн гамшигт өртөж, олон мянган байшин барилгууд нурж, амь үрэгдсэн иргэдийн тоо 41 мянгыг даваад байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар эрх баригчид болон олон улсын байгууллагууд өвлийн хүйтэнд гэр орон, хоол хүнсгүй хоцорсон иргэдэд туслах ажилд түлхүү анхаарч эхлээд байна.

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган энэ сарын 6-нд болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа засгийн газрын авсан хариу арга хэмжээ хангалтгүй байсныг хүлээн зөвшөөрсөн ба нөхцөл байдлыг хяналтандаа авсан гэжээ. Тэрээр, "Зөвхөн манай улсын ч биш бүх дэлхийн түүхэнд байгаагүй байгалийн гамшигтай бид нүүр тулаад байна." хэмээн онцолжээ.

Өнгөрсөн мягмар гарагт Кахраманмараш мужид аврагчид нурангинаас 17 ба 21 насны ах дүү хоёрыг гаргаж авсан бол Антакьяд нурангин доор 200 гаруй цаг байсан нэг эрэгтэй, нэг эмэгтэйг гаргаж авсан нь газар хөдлөлтөөс хойш олон цаг өнгөрсөн ч нурангин доор амьд сэрүүн хүн үлдсэн гэх найдварыг төрүүлсээр байна.

НҮБ-ын мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар эрэг хайх ажиллагаа дуусах шатандаа орж, орон гэргүй үлдсэн иргэдийг байр, хоол хүнсээр хангах ажлыг эрчимжүүлж эхэлжээ.

Туркийн Газиантеп хотод газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон Сирийн дүрвэгчид хуванцар хавтан, дэвсгэр, картон цаас зэргийг ашиглан хүүхдийн тоглоомын талбай дээр өөрсдөө майхан босгожээ. Тэд орон гэргүй болсон иргэдэд тусламж дэмжлэг хүрэхгүй байгааг онцолж байна.

ДЭМБ-ын Европыг хариуцсан захирал Ханс Хэнри П. Клуге иргэдэд шаардлагатай тусламж дэмжлэгийн хэмжээ цаг тутам нэмэгдэж байгааг, Турк болон Сирид нийт 26 сая хүнд хүмүүнлэгийн тусламж дэмжлэг шаардлагатай байгааг онцолсон байна. Түүний хэлснээр хүйтний улирал, ариун цэвэр зэрэгтэй холбоотой эрүүл мэндийн асуудлууд тэр дундаа халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа аж. НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа Туркийн талаас шинээр нээсэн Баб аль Салам боомтоор дамжин Сирийн босогчдын хяналтанд байгаа бүс нутаг руу нэвтэрчээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад НҮБ-ын тусламжийн цувааг Туркийн талаас нээсэн хоёр боомтоор дамжуулан оруулахыг зөвшөөрчээ. НҮБ-ын тооцоогоор Сирид болсон газар хөдлөлтөнп 9 сая орчим хүн өртсөн ба үүнтэй холбоотойгоор НҮБ 400 сая ам. долларын тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

Сири дэх Цагаан Дуулга ТББ-ын тэргүүн Раид аль Салех Сирийн баруун хойд хэсэгт явагдаж буй авран хайх ажиллагаа дуусах шатандаа орсон хэмээн мэдэгдсэн бол Турк болон Сирид ажиллаж байгаа ОХУ-ын аврагчид ойрын хугацаанд эх орон руугаа буцна гэдгээ мэдэгджээ.

Ерөнхийлөгч Т. Эрдоганы мэдээлснээр гамшигт өртсөн бүс нутгуудаас 2.2 сая гаруй хүн явсаг ба хэдэн зуун мянган барилга цаашид ашиглагдах боломжгүй эвдэрсэн байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.