Учир нь бид тийм хоолойг алдаж болохгүй байсан...

Twitter Print
2020 оны 01-р сар 29-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Алдарт тенор Пласидо Доминго Мадридаас гаралтай, харин Хосе Каррерас Каталони гаралтай билээ. Зарим нэг улс төрийн шалтгааны улмаас тэд 1984 оноос дайснууд болсон байдаг. Хоёр дуучны бүх гэрээнд зөвхөн нөгөө дуучнаа уригдаагүй тоглолтод л дуулна гэсэн хатуу болзол байдаг байжээ.

Гэвч 1987 онд Каррерасын өмнө өөр нэг аюултай дайсан гарч ирсэн байна. Түүнд ЦУСНЫ ХОРТ ХАВДАР гэсэн онош тавигджээ. Энэ өдрөөс эхлэн өвчинтэй хийсэн тэмцэл урт удаан, маш шаналгаатай бэрхшээл байлаа. Хэдэн удаагийн курс эмчилгээг давсны дотор чөмөг шилжүүлэн суулгах, цус сэлбэх гэх мэт олон эмчилгээ хийгдсэн агаад сар бүр АНУ руу нисэх шаардлагатай болж байв.

Ийм байдалтай ажлаа хийх ямар ч боломж байгаагүй тухай хэлээд ч хэрэггүй биз. Түүнд хуримтлуулсан хөрөнгө нэлээд байсан ч энэхүү эмчилгээний явцад зарцуулагдаж дуусаад санхүүгийн хүндрэл үүсжээ. Сүүлдээ бүр бүх зүйлээ шавхаад байх үед Мадрид хотод цусны хавдартай өвчтөнүүдэд зориулсан сан байдаг тухай олж мэджээ. Энэхүү “Хермоса” сангийн ачаар Каррерас өвчнөө ялж, аялгуут хоолой нь дахиж дуулж эхэлжээ. Төд удалгүй түүний хоолой дахин өндөр үнээр үнэлэгдэх болов. Хосе Каррерас сангийн үйл ажиллагаанд оролцохыг хүсжээ.

Гэвч тэрхүү сангийн бүтэц, зохион байгуулалттай танилцах үед “Хермоса” сангийн гол ивээн тэтгэгч, ерөнхийлөгч нь Пласидо Доминго болохыг олж уншжээ. Мөн энэхүү сан анхнаасаа түүнийг өөрийг нь дэмжих зорилгоор байгуулагдсаныг ч мэдсэн байна. Хэзээ ч дайснаасаа тусламж гуйхгүй бардам Каррерасын сэтгэлийг зовоохгүйн тулд Пласидо Доминго өөрийнхөө нэрийг нууцалжээ.

Пласидо Домингогийн хувьд гайхалтай, гэнэтийн нэгэн уулзалт Мадридад болсон концертын үед болжээ. Хосе Каррерас тоглолтоо гэнэт зогсоож, Домингогийн өмнө ирж сөхрөөд хуучны дайснаасаа уучлалт гуйж, талархлаа илэрхийлжээ. Пласидо түүнийг түшиж босгоод чангаар тэвэрчээ. Энэ бол дэлхийн агуу хоёр тенор дуучдын гайхалтай нөхөрлөлийн эхлэл байлаа. Пласидо Домингогоос сурвалжлагч яагаад өөрийнхөө өрсөлдөгчид зориулж “Хермоса” санг байгуулсан тухайг нь асуухад тун товчхон ганц өгүүлбэрээр хариулжээ. “Учир нь бид тийм хоолойг алдаж болохгүй байсан”...

Ш.Батзориг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.