Засгийн газрын хуралдааны тойм

Twitter Print
2014 оны 06-р сар 15-нд 20:38 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн бямба гаригт болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улсын Их Хурлаас баталсантай холбогдуулан Засгийн газраас “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-ыг тогтоол гарган, шинэчлэн баталлаа.

Өмнө нь Засгийн газрын 2009 оны 316, 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолын дагуу жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 37 чиглэлийн 1065 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлж ирсэн бол тогтоолоор Засгийн газрын 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолыг хүчингүй болгож, үйлдвэрийн шинж чанаргүй бүтээгдэхүүн болох зурагт, компьютерын дэлгэц, принтерийн хор, Ай пад болон гаднаас сэлбэг хэлбэрээр оруулж дотоодод угсран борлуулж байгаа мэдээллийн технологийн зарим сэлбэг хэрэгсэл, ахуйн үйлчилгээний зориулалт бүхий тоног төхөөрөмжийг жагсаалтаас хаслаа.

Гаалийн болон НӨАТ-ын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, хэсэгчлэн төлөх журмыг баталлаа

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 дахь хэсэгт “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих, нано, био технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих, эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж болно” гэж заасан боловч Татварын ерөнхий хуульд “татварыг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэсний дагуу холбогдох татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болсон. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 6-нд Улсын Их Хурлаас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх” журмыг Засгийн газрын тогтоолоор баталлаа.

Энэ журмын хүрээнд улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагч нь татвар хойшлуулах, хэсэгчлэн төлөх хүсэлтээ хөрөнгө оруулалт хийх тухайн салбарын яаманд хүргүүлнэ. Салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн нэгдсэн санал, дүгнэлтэд хүрсний үндсэн дээр татвар хойшлуулах асуудлыг Засгийн газарт тавьж шийдүүлэх юм.

Наадам гурав биш тав хоног болно

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр  бөгөөд улс, аймаг, нийслэл, сум (дүүрэг)-ын баяр наадмаас бүрдэж, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа гэсэн төрлөөр нааддаг уламжлалтай. Мөн Их Монгол Улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ойг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэдэг монголчуудын өргөн дэлгэр баяр наадам юм.

Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амран тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар тусгасан байна.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус хуульд “дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г Монгол Улсад нэвтрүүлэх талаар хэсэг, заалт нэмэхээр хуулийн төслийг боловсруулсан бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа учраас аливаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй юм.

Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэж хэрэглэгч цахилгааны холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж буй дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж олгох үйлчилгээ юм. Үүрэн холбооны хэрэглэгч нь үйлчилгээ эрхлэгчийг чөлөөтэй сонгох боломжтой боловч өмнө ашиглаж байсан дугаараа зайлшгүй солих шаардлагатай болдог. Харин дугаартайгаа шилжих үйлчилгээ нэвтэрснээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг олгоно. Ингэснээр оператораа сольж байгаа хэрэглэгч бусдад дугаараа шинээр хэлэх, нэрийн хуудсаа солих үйлдлийг хийхгүй, ирж буй дуудлагыг алдахгүй, илүү чанартай үйлчилгээг авах зэрэг үр дүн гарна хэмээн тооцоолж байна.

Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд нэмж оруулах нэр томъёог, үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг тусгаж, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг тусгажээ. Энэ хуулийн төсөл батлагдсанаар үндэсний соёлыг хамгаалах хэрэгцээ өсч, үндэсний уран бүтээлчдийн эрэлт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ хэмээн үзэж байна.

Телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, хэрэглэгчийг үндэсний эрх ашиг, хэл, соёл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээлээр хангах, үндэсний соёл, зан заншлыг дэмжих зорилгоор хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал, Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Бусад Монгол Улсад бүртгэлтэй эфирийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Мөн кино театр, үзвэрийн цэгүүдийн дэлгэц тус бүрээр түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь 50-аас доошгүй байхаар тусгажээ.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш 20 жил болж, энэ хугацаанд уг хуульд 10 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулсан ч нийгмийн даатгалын одоогийн мөрдөж буй хуулийн зарим зүйл заалт нь өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг зохицуулах боломжгүй болж, хэрэглэхэд ойлгомжгүй нөхцөл үүсгэж байгаа учраас тус хууль болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэхээр хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжлээ

Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, батлуулахыг дэмжлээ.

Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрөөс төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын нийлүүлэлт, хэрэглээг хязгаарлан зохицуулах, үйл ажиллагааг хянах, тоглогчийг мөрийтэй тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх, өртөмтгий тоглогчийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хуулийн төсөл 7 бүлэг, 32 зүйлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдах Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, журмыг батлах, хэрэгжилтийг хангах, зохион байгуулах замаар зохицуулалт, хяналтын механизмыг хэрэгжүүлнэ.

Ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан болон үржлийн мал экспортлох боомтуудад Сүхбаатар аймгийн Бичигт, Дорнод аймгийн Баянхошууны боомтыг нэмлээ

Халх голын бүс нутагт атаршсан талбайг эргэлтэд оруулснаар 2013 онд 9.4 мянган га талбайд үр тариа, 16.0 мянган га талбайд тосны ургамал тариалж, 10.1 мянган тонн үр тариа, 7.9 мянган тонн тосны ургамал хураан аваад байна. Цаашид тариалалтын хэмжээ 40.0 мянган га-д хүрч, үр тариа, тос, малын тэжээлийн ургамлын тариалалт, ургацын хэмжээ нэмэгдэхээр байгаа тул энэ бүс нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх нь тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг тогтвортой үйл ажиллагаа явуулах, хөрөнгө санхүүгийн хувьд чадамжтай байх боломжийг бүрдүүлнэ. Дэвшилтэт технологи ашиглан атаршсан газрыг тариалангийн эргэлтэд оруулах, тариалангийн талбайн салхины элэгдэл, цөлжилтөөс хамгаалах зорилгоор ойн зурвас байгуулах, ээлжлэн тариалалтын сэлгээнд тэжээлийн олон наст ашигт ургамал тариалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ургамлын үр, үрслэг, суулгацыг тус боомтуудаар нэвтрүүлэх саналыг тариалан эрхлэгчид, орон нутгийн удирдлагын зүгээс олон удаа тавьж байгаа юм.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан, түүхий мах, дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх болон тэдгээрт ариутгал, халдваргүйжилт, хяналт шалгалт хийх нөхцлийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай нарт даалгалаа.

Харваачдад олгох шагналын хэмжээ нэмэгдлээ

Үндэсний сурын харваачдад олгох шагналын хэмжээг үндэсний бөх, хурдан морины бай, шагналаас илт бага хэмжээгээр тогтоосныг өөрчилж, “Жишиг хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг нэг дахин нэмэгдүүлж, байрны тоог 2-оор нэмэгдүүлж, 5 байранд шагнал олгохоор өөрчлөлт орууллаа. Харваачдад олгох шагналын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан 25.0 /хорин таван сая/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

ТОВЧХОН:

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэл болон Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтын дагуу Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

·      2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо болох Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга О.Чулуунбатад даалгалаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • matilda

      (197.234.221.42) 2019-11-20 16:10
      • 0
      • 0

      Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлээрэй. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +33 7 52 89 40 37

      Хариулах