Хайр зарласан Харангынхан буюу хүсэн хүлээсэн Пүүжээгийн тоглолт

Twitter Print
2014 оны 06-р сар 15-нд 20:40 цагт
Мэдээний зураг,

Монголын рок попын алдарт "Харанга" хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хамтлагийн гишүүд бие даасан тоглолт хийж байгаа бөгөөд энэ удаа бөмбөрчин Пүрэвдашынхаар үргэлжилсэн юм. UB palace-ийн Концертийн их танхимд энэ сарын 13-ны 19:00 цагаас эхлэх байсан тоглолт нэлээд оройтож эхлэв. 

Үзэгчид ээлжлэн орж ирсээр тоглолт эхлэхэд бөмбөрчин хамтлагийн гишүүн Чука Пүүжээг энэ тоглолтоо хийхээс өмнө олон сар БНХАУ-д  бэлдсэн гэдгийг дурдаад авав. Үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, алтан үеийн номер нэг "Харанга" хамтлагийн тоглолтыг үзэхээр үе, үеийнхэн ирсэн харагдана. Тоглолтыг Пүүжээгийн шинэ бөмбөрийн цохилтоор эхлүүлсэн нь үзэгчдэд таалагдсан.

Монголдоо л хамгийн цөөхөн видео клиптэй гэх тус хамтлагийн дуунууд бүгд л олны хит, дуулах дуртай дуунуудын нэг яах аргагүй болж чаджээ. Дуу эхлэх бүрт үзэгчид хамтдаа дуулж, бүжиглэж байсныг энд дурдахгүй өнгөрч боломгүй. "Харанга" хамтлаг амжилттай яваагийн гол утга учир хөгжим техник, хөгжимчдийн ур чадвар, дээрээс нь сайн баг гэдэг дээр оршин тогтнодог гэдэг нь эндээс харагдана. Хөгжим техникийг бүрэн хариуцаж, бүхий л цаг үеийн тоглолтыг нь амжилттай явуулж ирсэн бөмбөрчин Пүүжээд хамтлагийн гишүүд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн “Пүүжээд хайртай” гэж нэгэн дуугаар хэлсэн нь үзэгчдийн болоод бөмбөрчний хувьд сэтгэл догдлуулж баярлуулсан ховорхон агшнуудын нэг болсон.

Тоглолт болох бүрт л тайзны өмнө ил харагддаггүй ч бөмбөрийнхөө ард, бүхий зүйлийг нь хариуцаж ажилладаг Пүүжээгийн хувьд жинхэнэ уран бүтээлийн тоглолт  болж байгаа нь харагдсан. Арын алба хариуцаж, үзэгддэггүй Пүүжээ үзэгчдийн өмнө тэнгэрээс бөмбөртэйгээ бууж ирсэн юм.

Түүний уран бүтээлийн тоглолтод нь зориулж “Талх чихэр” ХХК захиалж хийлгэсэн бөмбөрөө цохиж бусдын ямар их хайр хүндэтгэлийг хүлээсэндээ баяртай байгаа нь харагдсан.

Мөн бөмбөрчин Пүрэвдашийн гэх шавь нар нь ирж бөмбөрийн цохилтоор багшдаа мэндчилгээ дэвшүүлэв. Үзэгчдийн сэтгэлд бас нэг үлдсэн зүйл нь түүний ээж хамтлагийнх нь бүх гишүүдэд цагаан сарнай бэлэглэн баяр хүргэсэн явдал байлаа. Мөн “Ум мани бадми хум” дууг хамтлагийнхан Ice top хамтлагтай хамтран дуулсан нь хип хопыг роктой хослуулж үзэгчдийг баярлуулж байсан. Мөн энэ дууг лам нарын тухай хөгжилтэй зохиомжоор чимэглэсэн нь  үзэгчдийг хөгжөөгөөд авсан. 

Үзэгчдийн хайр хүндэтгэлийг яахын аргагүй хүлээж чадсан Харангын гишүүдийн тоглолт ийнхүү бөмбөрчин Пүүжээгээр үргэлжилсэн нь үзэгчдэд урлаг, ялангуяа бөмбөрийн гайхамшгийг мэдрүүлж чадсан гэж хэлж болохоор байлаа.

Тайзан дээр үргэлж ард байдаг Пүрэвдаш энэ өдөр үзэгчдээсээ ч тэр, хамтлагаасаа ч тэр хамгийн олон удаа нэрээ дуудуулж, хамтлагийн андуудынх нь хувьд хайр зарласан мартагдашгүй тоглолт болж чадсан юм.

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.