
Энэтхэгийн баруун зүгийн Гужарат мужид өнгөрсөн ням гарагт гүзр нурсны улмаас 81 хүн амиа алджээ. Морби хотын дундуур урсах Маччу голын дээрх гүүр нурсны улмаас Дивали буюу Гэрлийн баяр тэмдэглэхээр цугларсан олон арван хүн гол руу унажээ.
Эрэг рүү гарч ирж чадсан гэрчүүдийн ярьснаар гүүр хэдхэн хормын дотор нурсан ба аврах багийнхан голоос 81 хүний цогцсыг гаргаж авсан байна.
Гүүр нурах үед гүүрэн дээр болон гүүрний ойролцоо нийт 400 гаруй хүн цугларсан байсан ба гүүрэн дээр 150 орчим тооны хүн зогсож байсан аж.
Энэтхэгчүүдийн томоохон баярын нэгд тооцогддог Дивали баярыг тэмдэглэхээр цугларсан олны дунд хүүхдүүд цөөнгүй байсан аж.
19-р зуунд Их Британийн колончлолын үед баригдсан 230 м урт дээрх гүүрийг сэргээн засварлан дөнгөж өнгөрсөн 7 хоногт дахин нээгээд байжээ.
Гужарат мужид 3 өдрийн айлчлал хийж буй Ерөнхий сайд Нарендра Моди аврах ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгосон байна.
Онцгой байдлын албаны сураггүй алга болсон иргэдийг хайх ажиллагаанд тэнгисийн цэргийн хүчний 50, агаарын нисэх хүчний 30 албан хаагч тусалж байгаа ба ослын шалтгааныг тодруулах 5 гишүүнтэй багийг бүрдүүлжээ.
Энэтхэгийн сөрөг хүчнийхэн эрх баригчид гүүрийг дахин нээхээсээ өмнө техникийн хяналт шалгалтыг дутуу гүйцэтгэсэн хэмээн буруутгаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.