
"Номын баяр"-ын Гэгээн шүншиг дор
Есдүгээр сарын ухаа хонгор өдрүүдэд саяхан “Номын баяр” болоод өнгөрлөө. Номыг дээдэлдэг ард түмэн номын баяртай байгаа нь ямар сайхан юм бэ гэж өөрийн эрхгүй бодогддог юм байна. Найз нөхөд “Талбай дээгүүр номын баяраар уулзалдах уу” гэж ярьж байгаа нь хүртэл сайхан.
90 насны өндөр босго алхсан Тангадын Галсан гуай минь энгэртээ баатрынхаа Алтан соёмбот тэмдгийг гялалзуулаад Ри багшийнхаа “Аянган егөө үгс” 2 боть тэргүүт номуудаа, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч буурал Бадарч ах минь “Эрээвэр хураавар” тэргүүт шилмэл бүтээлүүдээ өмнөө дэлгээд тавьчихсан, жаргал дүүрэн суухыг харах, мөн энэ сайхан бурхдаасаа ном бүтээлийг нь гарын үсэгтэй авч буй олон түмэн сэтгэл дүүрэн байгааг харах гоё юм.
Долгорын Цэнджавын “Босоо жаран” тэргүүтнээс шүншиг мэдрэгдэж, Мэнд-Ооёо, Бавуудорж багш шавийн барилдлагат хоёр эрхмээс дорнын намуухан аялгуу цацарч, Соёлын гавьяат Дамдины Жамъян ахаас эзэн Чингисийн маань сүр сүлд мэдрэгдэж, Төрийн соёрхолт ТАСАМ-ын Ц.Санчираас эзэнт гүрний буурал түүхийн улбаа уншигдаж, Соёлын гавьяат Баярхүүгийн Ичинхорлоо найрагчаас үндэсний бичиг соёлын гэгээ татаж, Оюунбадамын Сундуй тэргүүтнээс хүүхдийн ертөнц гэрэлтсэн нь мэдээж.
Уншигч олондоо “Цагаан бороо” асган үер буулгасан Баасангийн Наминчимэд энэ удаа бас л баруун Алтайгаас “Байтаг богдын нүргээн”-тэй ирж, нэрт дипломатч, орчуулагч Чоёгийн Даваадаш "Логикийн шинжлэх ухаан"-аар зангаргаа харуулж, Соёлын гавьяат Б.Сарантуяа, А.Баатархуяг, “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх гээд өөр өөрийн уншигч фэнүүдтэй аваргууд шинэ бүтээлээ дээжлэн, Монголын Зохиолчдын эвлэл, Монголын үндэсний номын сан тэргүүт үндэсний утга соёлын алтан сан хөмрөг болсон байгууллагууд, мөн “Сэлэнгэ пресс”, “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрууд Монголын болон дэлхийн сонгодгуудаа дэлгэсэн сайхан баяр болоод өнгөрөв үү дээ.
32 дахь жилтэйгээ золгож буй номын баяр УИХ-ын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар боллоо. Үндсэндээ Монгол төр минь, төрт ёс номоо дээдэлж, бичиг соёлоо дээдэлж буй нь үнэтэй санагдлаа. Үүний төлөө Гомбожавын Занданшатар Танд талархаж байна. Нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бадамдоржийн Ганчимэгийн номын баяртай холбогдуулж Их хурлын даргын тухай оруулсан хөгжилтэй постыг уншаад кайфтай санагдсанаа энэ дашрамд илэрхийлье. Буянгийн Жагаагаас аваад олон хүн нийтийн сүлжээнд номын баярын тухай сайхан сэтгэгдэл бичиглэж үлдээснийг харлаа. Монголчууд бид бүхий л зүйлийг харлуулж, төр рүүгээ нулимж, дандаа бусдыг шүүмжилж, доог тохуу хийж ирлээ. Нэг зүйл дээр ч болов бүгдээрээ гэгээн сайхан баярлалдаж, эерэг гоё байцгаая. Тэрхүү зүйл нь номын баяр мөн болов уу гэж санана.
Зохиолчид, орчуулагчид, уран бүтээлчид, хэвлэлийн компаниуд ном бүтээлээ талбай дээрээ дэлгээд суух нэг хэрэг. Төр нь соёрхож, төр нь хүндэтгэлээ үзүүлж, төр нь зохиолчид, уран бүтээлчид, бичгийн мэргэдийнхээ өмнө мэхийж байж энэхүү баяр төгс утгаараа болдгийг бүгдээрээ харлаа.
Эрэнжидийн Хархүү, Данзанноровын Хүү, Гүнрэгжавын Ишхүү, Заяатын Ядмаа нарын асарт Г.Занданшатар дарга зочлоод шуудхан Жамъянгийн Болд-Эрдэнийн номыг шүүрэн авч, “Болд-Эрдэнэ бид хоёр найзууд юм” гэж хэлээд худалдан авч байгаа нь надад лав гоё санагдсан. Ийм л гоё баяр болоод өнгөрлөө. Түрүү жилийн номын баяраар Цоодол багш маань “Матадын цагаан чоно” Акимтайгаа суудал зэрэгцэж суугаад номоо зарсан. “Улаан дээлээ өмсөж очоод багш нь сая шахуу төгрөгтэй ирж энэ Цэвэлмааг уулга алдуулж баярлуулж байлаа” гэж өндөр багш минь хэлдэг.
Тийм ээ, зохиолчидтойгоо, уншигчидтайгаа бүгд номын баяраа хүсэн хүлээдэг болжээ. Зохиолч, орчуулагч, уран бүтээлчид маань хавар, намрын номын баярын энэ хугацаанд хэрхэн сайн бүтээл туурвиж, уншигчдын дунд давалгаа үүсгэх вэ гэдгээ боддог болж. Үүн шиг бахархал, баяр гэж юусан билээ.
Мөн “Номын баяр” зөвхөн Улаанбаатар хотноо болоод зогсохгүй Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул, Хөвсгөл, Дорнод гээд эх орны минь өнцөг булан бүрт зохиогдож, улс даяараа хүрээгээ тэлсэнд бас л баярлан бахдаж байна. Хонгор нутгийн зохиолч нөхөд маань бүх сумдаараа явж номын баярыг тэмдэглэн алс хол Сэгс цагаан Богдын бэл Шинэжинстийн сууринд номын цагаан гэгээтэй буугаад мордож буйг хараад баяр төрж байна. Тийм ээ, номоо дээдэлж, үндэсний бичиг соёлоо дээдэлсэн цагт улс орны минь тусгаар тогтнол мөнхөд оршино оо.
Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай.
“Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.126.89.49) 2020-01-25 23:390-3nasni hvvhdee hardag eejvvdin 50k nemegdej baigamu
Хариулах
Зочин
(202.9.40.148) 2020-01-25 20:02Хариугүй нэмчихдэг тэгээд юмныхаа үнийг нэмчихдэг. 20-30 мянга нжмж хэнийг доромжлоод байгаа юм бэ
Хариулах
ҮО
(202.179.27.137) 2020-01-23 10:178% нэмнэ гэж мэдэгдсэн. Одоо 3%-с бага нэмсэн бна,Бусад нь ХААЧСАН ХЭНИЙ ЗАРМАНД ОРСОН БЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ
Хариулах