Нойрны нууцаас…

Twitter Print
2019 оны 12-р сар 02-нд 20:18 цагт
Мэдээний зураг,

Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг хэрнээ яагаад гэдгийг одоо хэр нь мэдэхгүй л байна.

Сент-Луисийн Шерил Дингез бол 29 настай армийн түрүүч. Цэргүүдэд гар тулааны урлаг заадаг тэрээр Бразил жюүжицү барилдааны 2-р дантай цөөн цэрэг бүсгүйчүүлийн нэг. Хоёрдугаар зэрэг гэдэг ганцаараа хоёр этгээдтэй зэрэг тулалдан “амиа авч гарах” чадвартай болсныг илтгэнэ. Гэхдээ энэ зэрэгт хүрэхэд нэлээд хүнд дасгал сургуулилт хэрэгтэй гэж Дингез тайлбарласан юм.

Гэвч Дингезийн цаашдын амьдралд үүнээс ч хүнд зүйл хүлээж буй. Учир нь тэрээр гэр бүлд удамшдаг, үл эдгэх нойргүйдэх өвчтэй. FFI (Fatal Familial Insomnia) буюу удамшлын нойргүйдэх энэ өвчин туссан хүн огт унтдаггүй. Эхэндээ өдөр дуг хийж чадахгүй болж байснаа яваандаа шөнө бүтэн нойртой хонохоо байж, сүүлдээ огт унтахаа больдог бөгөөд их төлөв 50 орчим насанд хам шинж илэрдэг. Голцуу жил орчмын дараа өвчтөн өөд болдог. Гэвч Дингез генийн шинжилгээ өгөхөөс татгалзжээ. “Шинжилгээгээр өвчтэй болох нь батлагдчихвал амьдралын төлөө тэмцэхээ больчих вий гэж эмээх юм. Амьдралд буугаад өгчихвөл яана” гэх.

FFI хэмээх энэ аюулт өвчний механизмын талаар бид даанч бага мэдэж байгаа нь байдлыг хүндрүүлнэ. FFI туссан үед прион хэмээх мутацид орсон уураг хүний тархины гүнд байрлах таламус буюу харааны төвгөрийг гэмтээж, нойр хулждаг болохыг судлаачид олон жилийн судалгааны эцэст олж тогтоосон ч энэ өвчин үүсэх учир шалтгаан, дарангуй шинж тэмдгийг зогсоох, намжаах аргыг хараахан олж чадаагүй л байна.

FFI-ийн судалгаа хийгдэхээс өмнө ихэнх судлаачид харааны төвгөр нойртой холбоотой гэдгийг мэддэг ч үгүй байсан юм. FFI бол дэлхийн хэмжээнд маш ховор өвчин бөгөөд мэдэгдэж буйгаар одоо дөчин гэр бүлд тохиолджээ. Гэхдээ энэ өвчин шиг ноцтой биш атлаа олон сая хүмүүсийг зовоосоор буй бусад төрлийн нойргүйдэх өвчинтэй ерөнхий шинжээрээ төстэй байгаа нь оньсого болж, анхаарал татна.

Унтаж чаддаггүйн учрыг мэдэхгүй байгаагийн нэг шалтгаан бол бид яагаад унтах ёстой вэ гэдгийг сайн ойлгож амжаагүйтэй холбоотой. Хэрвээ унтахгүй бол нойр алдана гэдгээ бид сайн мэднэ. Бас унтахгүй гэж яаж ч гүрийж, тэмцээд эцсийн эцэст нойр биднийг үргэлж дийлдэг гэдгийг ч мэднэ. 7-9 цаг унтаж аваад бид эргэж сэрдэг ч 15-17 цаг болсны дараа эргээд нойроо үгүйлдэг нь жам. Хүний нойрсож унтах хоёр үе байдаг гэсээр бид 50-иад жилийг үджээ. Нэг нь нүд үл хөдлөх буюу гүн нойр, нөгөөх нь сэрүүн байх үеийнх шигээ тархи идэвхтэй мөртлөө булчингууд идэвхгүй саажмал байдалд оршдог нүдний хурдан хөдөлгөөнт үе буюу REM (Rapid Eye Movement) үеийн нойр. Бүхий л сүүн тэжээлтэн, шувууд унтдагийг бид мэднэ. Далайн гахай унтахдаа тал тархи нь сэрүүн байдаг учраас усан доторх орчноо анзаарсаар байдаг. Загас, хэвлээр явагч, шавж хүртэл ямар нэг байдлаар амсхийнэ. Гэвч энэ бүх амсхийлт өөрийн гэсэн төлөөстэй. Адгуус амьтан унтах зуураа удаан цагаар хөдөлгөөнгүй хэвтэх нь араатанд хялбар идэш болчихож мэднэ. Ингэж амь насаараа дэнчин тавьж унтах ямар хэрэгтэй юм бол? Нэрт нойр судлаач Аллан Рехтшаффен нэгэнтээ “Хэрэв нойр амин чухал үүрэг гүйцэтгэдэггүй байж таарах аваас хувьслын явцад үүссэн хамгийн агуу алдаа болох байсан биз” хэмээсэн буй.

Нойрны талаар голлон зонхилж буй онолоор тархи унтахыг шаарддаг гэдэг. Энэ нь шөнө сайн унтаж авсан толгой сэргэг болдог гэсэн түгээмэл санаанд үндэслэжээ. Гэвч үүнийг бодит байдалд батлах төвөгтэй. Нойр нь тархинд яаж тус болоод байгаа юм бол? Саяхан Роберт Стикгольдоор удирдуулсан Харвардын Их Сургуулийн судлаачид төгсөх оюутнуудаар авьяас, чадвар шаардсан төрөл бүрийн тест гүйцэтгүүлээд унтуулж, дараа нь тестүүдээ дахин давтсан аж. Судалгааны дүнгээс үзэхэд унтахдаа REM нойронд илүү автагсад зөв бичгийн дүрэм зэрэг хэв загвар таних даалгаврыг сайн гүйцэтгэж байсан бол гүн нойронд автагсдын ой тогтоолт илүү сайжирсан байв. Нойрсож байгаа үед тархи тухайн өдөр олж мэдсэн зүйлсээ тогтоон хадгалахыг эрмэлздэгийг ч мөн бусад судлаачид олж илрүүлсэн байдаг.

Тэгэхээр нойр бол ой тогтоолтыг сайжруулан бэхжүүлдэг юм шиг. Гэвч хэдэн жилийн өмнө хүндтэй нэгэн нойр судлаач Жулио Тонони уг онолын эсрэг нэгэн сонин санаа бүхий өгүүлэл нийтлүүлсэн нь тархи унтаж амарснаар илүүц, шаардлагагүй синапс ууд буюу нейрон хоорондын холбоосуудыг шүүрдэн цэвэрлэдэг тухай өгүүлсэн байлаа. Өөрөөр хэлбэл нойрсохын утга учир нь хэрэггүй зүйлсийг мартаж, хаях замаар хэрэгтэйг нь ялган санаж тогтооход оршдог аж.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.