Төр засгийн хэл, хөл, сэтгэл болж ажиллах нөхцөл анхан шатанд бүрдээгүй байна гэв

Twitter Print
2014 оны 06-р сар 14-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

Багийн шинэчлэл: Ховд

Шинэчлэлийн Засгийн газраас боловсруулж буй багийн шинэчлэлийн бодлогод Ховдчууд саналаа хэллээ. Анхан шатны нэгжийн ажлыг сайжруулахын тулд хууль эрх зүйн орчноо шинэчилж, төрийн байгууллагуудын ажилд уялдаа зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай гэж “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэгт оролцсон Ховд аймгийн 17 сумын 91 багийн засаг дарга нар дүгнэж байна.

Багийн засаг даргыг намаас нэр дэвшүүлдгийг халж төрийн албан хаагч болгоё, Иргэдийн нийтийн хурлын даргыг орон тооны албан хаагч болгож хариуцлагажуулъя. Төвийн багуудад засаг дарга, нийгмийн ажилтан хоёроос гадна хэсгийн ахлагч ажиллуулъя. Багийн засаг даргын хөтлөн гаргадаг 18 нэр төрлийн судалгааны заримыг сумын ЗДТГ-ын тухайн чиглэлийн мэргэжилтнүүдэд бүрэн хариуцуулъя. Харин иргэний бүртгэл, татвар, нийгмийн халамжийн чанартай ажлуудыг сумаас багт шилжүүлбэл үйлчилгээний шат дамжлага цөөрнө гэж тэд үзэж байна. Хилийн цаана олон жил амьдарч байгаа иргэн Ховд аймгийн харъяанд бүртгэлтэй хэвээр байдаг, хүүхэд нь сургуульд ороход өрх толгойлсон зохиомол гэр бүлүүд үүсдэг, өрхийн амьжиргааны судалгаагаар 20 ишиг, 20 үхэртэй айлыг адилтгаж тооцсон гээд улсын бүртгэл, лавлагаа цалгардсан олон жишээг орон нутгийнхан хэллээ.

Нутаг усаараа цуглан тулгамдсан асуудлаа шийдэх ёстой Багийн иргэдийн нийтийн хурал элдэв төрлийн зар түгээх арга хэрэгсэл болсон учраас иргэд ирэхээ больж, ирцээ бүрдүүлэхийн тулд өдөрлөг тэмцээн зохион байгуулдаг уламжлал тогтсон. Малаа маллахын зэрэгцээ хилээ манадаг хязгаар нутгийнханд төрийн дэмжлэг дутаж байна, хөдөөгийнхөнд аж ахуйгаа удирдах эдийн засгийн мэдлэг олгох сургалт хэрэгтэй гэсэн санал ч цөөнгүй гарлаа.

Багийн засаг дарга нар бүрэн цугларсан энэ хэлэлцүүлгийн үеэр аймгийн удирдлагууд хөгжлийн бодлого, зорилтоо анхан шатны нэгждээ танилцуулж, хөдөөгийн 63 багтаа шинэ мотоцикль гардуулж өгсөн юм.

Ховд хот эх газрын боомт, баруун бүсийн ложистикийн зангилаа төв болно

Ховдчууд бид хүн амьдрахад таатай орчинтой, үйлдвэрлэл эрхлэхэд ээлтэй бодлоготой, ногоон хөгжлийн загвар аймаг болж хөгжих эрхэм зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилтдоо хүрэх хөгжлийн 5 гарцыг Ховд аймгийнхан тодорхойлжээ. Ойрын ирээдүйд баруун бүсийн боловсруулах үйлдвэрлэлийн төв болж, улмаар Алтайн уулсыг тойрсон 800 км бүсэд амьдарч буй хөрш зэргэлдээ улсуудын 20 сая хүнийг экологийн бүтээгдэхүүнээр хангахыг эрмэлзэж байна. Орос, Хятадыг холбосон Транс-Сибирийн болон эртний Торгоны замыг холбосон босоо тэнхлэгийн автозам Ховдоор дайран 2015 оны сүүлчээр ашиглалтад орох ба үүнийг түшиглэн Ховд хот эх газрын боомт, транзит тээвэр, баруун бүсийн ложистикийн зангилаа төв болж, түүхэн үүргээ дахин гүйцэтгэх болно.

Мөн их Алтайг тойрсон эко болон этно аялал жуулчлал хөгжүүлнэ, хариуцлагатай уул уурхайн зарчим баримтлан Ховдын хязгаар дахь газрын хэвлийн арвин нөөц баялгаа ашиглана. Шинжлэх ухаан, мэдлэгт суурилсан хөгжлийн бодлогыг Ховдчууд анхлан боловсруулсан, одоо манай аймагт хамгийн олон эрдэмтэн судлаач ажиллаж байна. Энэ бүхний үр дүнд Ховдын ДНБ-ий хэмжээ ойрын 3 жилийн дотор хэд дахин нэмэгдэхээс гадна улсын хэмжээнд эдийн засгийн таталцлын нэг том бүс болно гэж аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэллээ.

Бүтээн байгуулалтын ажлаар зүүн бүсэд Сүхбаатар, баруун бүсэд Ховд аймаг үлгэр жишээ ажиллаж байгааг Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир онцоллоо. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Ховдод 1000 айлын орон сууц баригдсан бол Шинэчлэлийн Засгийн газар 4-хөн жилийн дотор энд 2000 айлын орон сууц босгохоор төлөвлөж, 640 гаруй нь баригдаж байна.

Өнгөрсөн онд Ховдын нутаг дэвсгэрт 280 гаруй км хатуу хучилттай зам тавьж, дулааны станц, цахилгааны дэд станц, цэвэр усны насос, цэвэрлэх байгууламж зэргийг ашиглалтад оруулж байна. Хөгжлийн суурь дэд бүтцээ ийнхүү цогцоор нь шийдсэнээр өдгөө 40 мянган хүнтэй энэ хот ойрын ирээдүйд 100 мянган хүнтэй том хот болж өргөжнө гэж аймгийн удирдлагууд дүгнэж байна.

Олон ястны өлгий Ховд нутгийнхан үеийн үед эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж, шинэчлэл сэргэлтийн үндсийг тавьж ирсэн түүхтэй. Эртний түүхэн улбаатай Ховд хот үүсэн байгуулагдсаны 330 жилийн ой энэ онд тохионо. Ойгоо угтан Ховдчууд “Галдан бошигт” дуулалт жүжиг, олон улсын хөөмийн их наадам, олон үндэстэн ястны өв соёлын наадам болон Монгол, Орос, Хятадын жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг энэ зун зохион байгуулах аж. Мөн Галдан бошигт хаан мэндэлсний 370 жилийн ойг тохиолдуулсан Баруун бүсийн даншиг наадам 7 дугаар сарын 25-27-нд Ховд хотноо болох юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.