
Эрүүл мэндийн тал дээр бага өвдөж байна гэдэг нь ямар нэг хүнд өвчин тусаагүй гэсэн үг биш юм. Бидэнд түгээмэл тохиолддог зарим нэг зовиурууд хүртэл хорт хавдрын анхны шинж тэмдэг байж болно. Харин бид түүнийг “Байдаг л юм” гэж үзээд тоолгүй өнгөрүүлснээр өвчнөө улам хүндрүүлж эдгэрэлтийг удаашруулдаг ажээ.
Англид насанд хүрсэн 1729 хүнээс судалгаа авахад 50-аас дээш хувь нь 17 төрлийн хорт хавдрын анхны шинж тэмдгүүдийг “хорт хавдрыг илэрхийлэхгүй” гэсэн ташаа ойлголттой явдаг бөгөөд хэрвээ өөрт нь илэрвэл эмчид үзүүлэхгүй хэмээн хариулсан байна.
1. Ямар нэг овон, товон, булцуу
Учир битүүлэг овон товон бүрийг эмчээр заавал шалгуулах хэрэгтэй. Судалгаагаар хүмүүсийн 7,5% нь биеийнхнээ хаа нэгтээ ойлгомжгүй булцуутай хэмээн хариулсан бөгөөд тэдний 77 хувь нь үүнийг ноцтой зүйлийн шинж байж болно гэж санаанд нь ороогүй гэжээ.
2. Урт хугацаанд үргэлжилсэн ханиад
Ялангуяа ханиад томууны улиралд үүнийг байх л ёстой зүйл юм шиг бодох нь олон. Гэхдээ хэрвээ чиний ханиад яасан ч эдгэхгүй удаад байвал уушги юм уу бамбайн хорт хавдар байх магадлалтай аж. Ханиад хүрсэн хүн бүрийг хавдрын эмнэлэгт ханд гэж зөвлөхгүй ч, хэдэн сарын турш эдгэхгүй ханиалгах нь хэвийн үзэгдэл биш юм.
3. Хүндрэх явцад өөрчлөлт орсон
Өтгөний гадагшлах хугацаа, хэмжээ, хэлбэрт өөрчлөлт орох нь ихэвчлэн идсэн хоол хүнс, уусан эм зэрэгтэй хамааралтай байдаг. Хэрвээ сүүлийн үед ямар нэг онцгой өөр зүйл идээгүй байхад өтгөнд үе үе гэнэтийн мэдэгдэхүйц өөрчлөлт ороод байвал бүдүүн гэдэсний хорт хавдрын шинж байж болно гэдгийг анхаараарай.
4. Давсагны үйл ажиллагааны өөрчлөлт
Цистит бүсгүйчүүдийн дунд хамгийн түгээмэл байдаг өвчнүүдийн нэг. Тиймээс эдгээр шинжүүдийг “Ахиад л цистит байна” хэмээн тоохгүй өнгөрөх нь олон байдаг. Гэхдээ удаан хугацааны турш маш ойр ойрхон шээс хүрч, бие засахад хүчтэйгээр хорсож, шээс цустай гараад байвал давсаг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдрын шинж байж болно гэдгийг санаарай.
5. Тайлбарлашгүй өвдөлт
Зарим хүн бие нь байнгын зовиуртай байхад бүр дасчихсан байдаг. Өвчин намдаах эм ууж өдөр өдрийг өнгөрүүлсээр байгаа хэрнээ эмчид хандахгүй байх нь ч бий. Гэтэл учир битүүлэг, байнгын арилашгүй өвдөлт нь маш олон төрлийн хорт хавдрын шинж байж болдог аж. Ихэнхдээ бие үргэлж өвдөж эхэлвэл хорт хавдар бусад эрхтнүүдээр тархсаны шинж байдаг юм байна. Гэтэл дээрх судалгаагаар хүмүүсийн 40 хувь нь л ийм өвдөлтийг ноцтойгоор хүлээн авч эмнэлэгт хандана хэмээн хариулжээ.
6. Удаан хугацаанд хоолой өвдөх
Хоолой өвдөх нь өвлийн улирлын бас нэгэн “бэлэг” байж болох ч эдгэхгүй удаад байвал улаан хоолойн хорт хавдрын шинж байж болно.
7. Учир битүүлгээр жин хасах
Нэг харахад өөрийн мэдэлгүй 4-5 кг хасчихсан байвал “турж байна” гэж баярлаж болохгүй ажээ. Ходоод, уушги, нойр булчирхай болон хоол боловсруулах эрхтний хорт хавдрын шинж ийм байдлаар илэрдэг.
8. Юм залгихад хүндрэлтэй болох
Хоолойн бүтцэд өөрчлөлт орох нь мэдрэлийн эсхүл дархлааны үйл ажиллагаатай холбоотой байж болно. Эсвэл улаан хоолой, ходоодны хорт хавдрын шинж байж болох талтай.
9. Цус гарах
Цусаар ханиалгах нь уушгины хорт хавдрын шинж байж болно. Харин цустай хүндэрвэл бүдүүн гэдэсний хорт хавдар байж болно. Ямар нэг шалтгаангүйгээр, сарын тэмдгээс бусад үед дотоожин дээр цус үзэгдсэн бол эндометрийн болон умайн хорт хавдрын эмчид заавал ханд. Харин хөхний толгойноос жаахан ч болов цус гарч үзэгдсэн бол хөхний хорт хавдрын шинж байж мэднэ шүү. Шээс цустай гарвал давсаг, бөөрний хорт хавдрын шинж байж болно. Иймээс “Яагаад гарсан юм бол?” гэж бодогдохоор жаахан ч болов цус гарвал эмчид үзүүлээрэй.
10. Мэнгэнүүдэд өөрчлөлт орох
Судалгаанд оролцогчдын 7 хувь нь ямар нэг байдлаар арьсан дээрх мэнгэ, сэвх, ургацагны харагдах байдалд өөрчлөлт орсныг анзаарч байжээ. Гэхдээ тэдний 47 хувь нь л эмнэлэгт хандсан байна. Хамгийн сэтгэл зовмоор нь, тэдний 88 хувь нь үүнийг арьсны хорт хавдрын эхний шинж тэмдэг гэдгийг огт мэдэхгүй гэж хариулжээ.
Бид дандаа ханиад, цистит, жижиг халдварт өвчнүүд тусаж, эдгэж, эм ууж явсаар ийм шинж тэмдгүүдийг “Ингэсгээд зүгээр болчих биз” гэж хүлээж авах нь элбэг байдаг. Эсвэл өөрсөддөө онош тавиад, өөрийнхөөрөө эмчлэх гэж оролддог. Өөрийгөө эрүүл мэндийн талаар “мэддэг” гэж бодолгүйгээр, аливаа өөрчлөлтөнд сонор хандаж, түүнийг анзаарч, ажиглаж, шалгуулж байх нь дараа нь гарах илүү том хүндрэлээс хамгаалж буй хэрэг юм шүү.
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.