“Чойрт халуурснаас хүн нас барсан тохиолдол гараагүй”

Twitter Print
2020 оны 01-р сар 28-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Говьсүмбэр аймгийн Чойр хотод нэг иргэн өндөр халуурсны улмаас нас барсан талаарх мэдээлэл зарим хэвлэлээр гараад байна. Энэ асуудлыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Манай аймагт халуурсны улмаас эсвэл хатгалгаа болон ханиад томуугийн шинж тэмдгээр нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй. Манайд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүтгэгдээгүй байна. Гэтэл өндөр халуурч хүн нас барлаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагаар гараад байна. Энэ нь худал мэдээлэл тул бид худал мэдээлэл тараасан газруудыг шүүх байгууллагад өгнө” гэлээ.

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас коронавирустэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.01.28/ мэдээлэл хийх үеэрээ Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй,  Хэнтий аймагт 14 настай хүүхэд нас барсан нь уушигны хатгалгааны улмаас гэсэн таамаг дэвшүүлж байна гэв. Гэхдээ шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа аж.  Мөн 14 настай охинтой ойр байсан гурван хүүхдийг тусгаарлажээ. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж.

Харин Хонгконгийн онгоцоор ирсэн хоёр иргэнийг тусгаарлаж, ХӨСҮТ-ийн хяналтад авсан, биеийн байдал сайн байгаа гэлээ. Мөн коронавирустэй холбоотой мэдээллийг монголчууд ЭМЯ болон ГХЯ-наас гаргасан албан мэдээлэлд тулгуурлах хэрэгтэй гэдгийг зөвлөв. ДЭМБ, Хятадын эрүүл мэндийн хороо, Хятадын өвчний хяналт, сэргээлтийн төв, Синхуа агентлагаас гадаадад оршин суугаа иргэд мэдээлэл авахыг хүслээ.

Коронавирусийг оншлох оношлуур Япон улсаас ирсэн. Энэхүү оношлуурыг ХӨСҮТ-д ашиглана. Нэг сорьцод нэг оношлуур ашиглана. Шинжилгээний хариу 24 цагийн дотор гарна. Одоогийн байдлаар 200 ширхэг оношлуур хүлээн аваад байна. Цаашид оношлуур тасрахгүй байх тал дээр ажиллаж байна.

Коронавирусийн шинжилгээнд орсон хүмүүсийн хариуг гарсан дурайд нь мэдээллийг шуурхай өгнө гэв. Эм ханган нийлүүлэх байгууллагууд маск их хэмжээгээр оруулж ирж байгаа боловч хомсдол үүсч байна. Одоогийн байдлаар Тавин ус, Монос зэрэг байгууллагын аптекуудад маск худалдаалж байгаа. БНХАУ-ын зүгээс хилийн боомтыг хаах хугацаа дуусч байгаа тул хилээр монголчууд орж ирэх тохиолдол ихсэх хандлагатай байна. Иймээс ЭМЯ-ны зүгээс тухай бүрт иргэдэд хяналт тавьж, ажиллана гэв.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.