
Багана нурууны элдэв өөрчлөлт, гэмтэл, суулт, ивэрхий гэх мэт олон асуудлууд ихэнхдээ нэлээд гүнзгийрч газар авсан үедээ л өвдөлт өгдөг. Өөрөөр хэлбэл эхэн үедээ мэдэгдэх зүйл бараг үгүй. Энэ нь олон хүнийг хэт оройтсон үедээ л эмчид хандах нөхцөл болдог. Тэгэхээр заавал өвдөж барьж, босож сууж чадахгүй болтлоо хүлээлгүй, хэн хүнгүй нуруугаа гамнаж, дасгал сунгалт зэргийг ямар нэгэн хэмжээнд тогтмол хийж хэвших нь алсдаа хөдөлмөрийн чадвар алдах, магадгүй бүр явах ч боломжгүй болгож чадах аюулаас урьдчилан сэргийлж чадна.
Ерөнхийдөө өвдөлт мэдрэгддэг, хөших, чилэх мэдрэмж байгаа бол заавал мэргэжлийн эмчид үзүүлж, зураг авахуулах, оношлуулах зэрэгт санаа тавьж бх нь зүйтэй. Тогтмол хийдэг ажлын нөхцөл, нэг хэвийн хөдөлгөөн, гэртээ суух дуртай хагас суугаа, хагас хэвтээ байрлал зэрэг нь нуруунд их халтай байдаг.
Нурууны жийрэг, холбогч эд, булчин шөрмөс зэрэг нь үндсэндээ зөв хөдөлгөөнөөр бэхжиж, эд эс нь шинэчлэгдэн сэргэдэг. Олон хүн хөдөлгөөн бүхэн адил мэт ойлгож, би ажил, гэртээ их хөдөлж ажилладаг, надад хөдөлгөөн ихдэснээс дутагдаагүй гэж хэлдэг. Үнэндээ тэдгээр хөдөлгөөнүүд нь нурууг гэмтээх гол нөхцөл болдог ба нурууг барьж байдаг булчингуудыг жигд бус чангаралтай болгосноор нурууны олон эмгэг асуудлууд үүсэх нөхцөл болдог.
Тэгэхээр заавал ямар нэг дасгалд цаг гаргахгүйгээр сууж байхдаа, ажлын ачаалал багатай үедээ нуруугаа хөдөлгөж, муригануулж, усны давалгаа мэт дотроо дүрслэн бодож, үл мэдэг ганхах мэт хөдөлгөөн хийж байхад тустай л байдаг шүү. Дахиад хэлэхэд нурууны нугалам завсрын жийргүүд нь зөв, зохист хөдөлгөөний хүчээр л тэжээгдэж байдаг. Алхах нь бас нуруунд сайн.
Бас нэг санах зүйл бол дан ганц булчинг нь чангалах эсвэл зөвхөн сунгалт хийснээр асуудал шийдэгдэхгүй. Нурууг зөв байрлалд барьж буй булчингууд чадалтай төдийгүй бас уян хатан, налархай чанартай байж байж л нуруу эрүүл байдаг. Хүчний дасгал хийгээд заавал сунгалт хийж бх ёстой. Зөвхөн сургалтаар булчин чадал тэнхээтэй болдог биш.
Харин миний бодлоор ёога бол булчин шөрмөсийг суллах, мөн чангалах зэрэгт адилхан нөлөө үзүүлдэг. Мөн сэтгэл санаанд ч бас тайвшруулах нөлөөтэй.
Тэгэхээр зав боломжтой бол дасгалд явах, үгүй бол нетээс хийж болох элдэв дасгал сонгон авч, эсвэл заалгаж, бие даан хийж, дээр хэлсэнчлэн нуруугаа болгоомжтой, тогтмол хөдөлгөж байх нь олон таагүй асуудлаас сэргийлж чадна. Нурууны асуудал бол зөвхөн нуруугаар ч зогсохгүй, бүх биед, дотор эрхтэн, тархи толгойд бүгдэд нөлөөлж чаддаг учир маш их хайрлаж гамнаж явах ёстой шүү. Тэгээд ч одоохондоо багана нурууг солиод тавьчихдаг болчихоогүй байгаа шүү.
Нэмээд хэлэхэд нурууны булчингийн ачааллыг багасгах, гулсалт зэргээс сэргийлэхэд гэдэсний булчинг хөгжүүлэхэд анхаарал тавих ёстой шүү.
Жич: Хэвлийн таргалалт нь нуруу өвдөх томоохон хүчин зүйлийн нэг. Нуруу нь анх удаа хөдөлгөөн хийхэд /тонгойх, бөхийх г.м/ хэцүү үед шууд эмчид ханддаггүй, эмийн сангаас өвчин намдаах эмийг өөрөө дур мэдэн авч уудаг нь хүндрүүлэх нөхцөл нь болдог.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(202.21.124.130) 2022-04-01 16:42Хүзүүний 5,6,7-р үёүүд шохойжилттой, яс ургасан бна.Мөр,гар,хөл өвдөнө. Уламжлалтаар эмчлүүлсэн нь дээр үү ээсвэл мэдрэлийн эмчид хандах уу?
Хариулах