
“Насны намар” дууг сонсоход яагаад ч юм бэ миний нүдэнд нулимс хурдаг юм. Намрын шаргал цагт нутагтаа очоод төрсөн нутгийнхаа дүнэгэр уулс, хоржигнон урсах гол мөрөнг хараад насны намар нэгэнт гадаа ирснийг сэтгэл биеэрээ мэдрэх юм. Энэ дууг сонсох бүрт сэтгэл гэгэлзэж ээжийн минь гэгээн дүр сэтгэлд тодроод ирдэг сэн. Насны намар дууг би анх 1989 онд Хэнтий нутагтаа радиогоор сонсож байсан юм. Түүнээс хойш олон ч жил өнгөрч дээ. Дуу бүхэн түүхтэй байдаг.Энэ дууг хэрхэн бүтээсэн юм бол?
Хөгжмийн залуу зохиолч Б.Магсаржав 1988 онд Цэргийн ансамлийн баян хуурч хөгжимчин байхдаа ардын армийн сурталчилгааны тоглолтоор Хэнтий аймагт явж байжээ. Сүүлийн өдрийн тоглолтон дээр Магсаржавын ээж Увс нутагтаа бурхан боллоо гэсэн мэдээ иржээ. Тэр үед Магсаржавт хүнд хэцүү байсан ч шүд зуугаад бие, сэтгэлээ барьж тоглолтоо дуусгаж байжээ. Тэр үед Хэнтий аймгийн Хорих ангид ажилладаг байсан хошууч цолтой Дүгэрийн Амгалан гэдэг хүн таарч: "Миний дүү сэтгэлээ барь. Хорвоогийн жам хойно яая гэхэв. Ах нь ч гэсэн ээжтэйгээ уулзаж чадалгүй өнгөрөөсөн дөө. Хорвоогийн мөнх бус гэдэг хэцүү шүү. Би чамд нэг дууны шүлэг өгье. Би энэ шүлгийг цэрэгт байхдаа бичсэн. Чи энэ дууны аяыг зохиогоод Төмөрхуяг маань дуулвал миний энэ шүлэг дуу болж амилна даа" гээд
"Үсний минь сор мөнгөрөх тусмаа
Үгүйлэн санах юм төрсөн нутаг аа
Уулзаж амжаагүй ээжээ бодохоор
Уугуул нутаг минь хагсраад байх юм аа
Насны намар гадаа ирэхээр
Нартын жамыг ухаарах л юм даа..." хэмээн алгын чинээхэн цаасан дээр дурайтал бичсэн шүлгээ түүнд өгчээ. Магсаржав нисэх онгоцон дотор нисч явж байхдаа энэ дууны аяыг бичжээ. Ингэж энэ дууны шүлгийг Хөвсгөл нутгийн Д.Амгалан бичиж, аялгууг нь Увс нутгийн Б.Магсаржав зохиож, дууг нь Хэнтий нутгийн залуу дуучин Н.Төмөрхуяг дуулж ард түмний сонсох дуртай дуу болсон түүхтэй аж.
Магсаржавын аялгуу, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг “Зүүдэн бороо” хэмээх алдартай дуу нь 1988 онд “Морин хуур” хөгжмийн наадмаас Тэргүүн шагнал хүртэж байсан. Энэ дууг яаж бүтээсэн юм бол?
1987 онд Цэргийн дуу бүжгийн чуулгад хөгжимчин байсан Б.Магсаржав төмөр замаар жил бүр аялж уран бүтээлчдийн аялан тоглолт хийдэг байжээ. Ингэж явахдаа алдарт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайтай нэг купенд хамт явах завшаан тохиожээ. Лхагвасүрэн түүнд хандаж: “Чи чинь хө, “Сүүн далай ээж”, “Зүрхний уяа”-г зохиочихсон гэл үү? Их сайхан аялгуутай дуу юм байна. Чамайг ганзага хоосон буцахгүй ээ “гэжээ. Магсаржав “Энэ хүнээс ганц сайхан дуутай буцах юмсан” хэмээн бодож байжээ.
Нэгэн удаа вагоны ресторанд үдийн зоог барихаар оржээ. Лхагвасүрэнтэй нэг ширээнд өөд өөдөөсөө хараад суучихжээ. Лхагвасүрэн түүнд хандаж: “Чи надаас дууны шүлэг хүсээд байгаа билүү. Ард чинь гурван хүүхэн сууж байна. Аль нь хөөрхөн байна даа. Чи сайн хар” гэжээ. Эргээд харсан чинь цэргийн хувцастай ромбо зүүсэн гурван хүүхэн сууж байна. Хүнээс хүн шинжинэ гэдэг хэцүү. Гурвуулаа л сайхан хүүхэн байна гэсэн чинь Лхагвасүрэн найрагч “Үгүй, үгүй нэг нь бүр онцгой сайхан хүүхэн байна” гэжээ. Магсаржав дахиад эргээд харжээ. Дунд талынх нь их сайхан бүсгүй харагдаж гэнэ. Магсаржав “Дундах нь мөн үү, Лхагваа ах аа ? гэхэд Лхагвасүрэн найрагч “Мөн мөн. Яг юу нь сайхан байна вэ. Чи тэрийг нь олж харж чадвал чи жинхэнэ уран бүтээлч хүн болж чадна” гэлээ. Тэгснээ Лхагвасүрэн найрагч “ Чи ахдаа цаад буфетнээсээ тамхи аваад ир. Ирэхдээ чи тэр бүсгүйг дахин сайн хараад ир” гэжээ.
Эхлээд хажуугаар нь гарахдаа анзаарч чадсангүй. Буцахдаа зориуд хажууд нь тамхиа унгачихаад авах гэтэл тэр бүсгүй “Зүгээр зүгээр, найз аа. Би аваад өгье” гээд аваад өгөхдөө харц тулгарсан чинь үнэхээр өөдөөс өрөмдөж байгаа юм шиг харцтай, тас хархан нүдтэй сайхан бүсгүй байжээ. Тэгээд л Лхагвасүрэн найрагчид очоод “Нүд нь үнэхээр гоё юм” гэлээ. Лхагвасүрэн яруу найрагч “Тэрийг чинь би чамд хэлээд байгаа байхгүй юу” гээд:
Халин халин нисээд ирдэг шувуу
Харзны усанд элгэн жиндэн ганганах юм
Харын хар нүдэн чамайгаа
Харж л суух минь хэзээ л юм бол доо” гээд тэр дор нь эхний бадгийг нь биччихсэн сууж байжээ.
Тэгээд Лхагвасүрэн найрагч вагон ресторанаас гарахдаа нөгөө гурван бүсгүй дээр очоод “Та бүхэн гучин минутын дараа манай купенд орж ирээд шинэ дуу сонсоорой, 9 дүгээр купе шүү” гэж хэлчихээд яваад өгчээ. Магсаржав ихэд сандарчээ. Магсаржав Лхагвасүрэн найрагчид “Та ч яахав тавхан минутад шүлэг биччихдэг юм байж. Би гараагүй аяыг одоо яах болж байна аа” гэхэд нь “Чи чадалтай юм бол таван минутанд дуугаа бичиж л таараа” гэжээ. Лхагвасүрэн найрагч купендээ оронгуутаа:
“Нэмэн нэмэн дүүрэх шөнийн саран
Нэг л зөөлөн дээшээгээ дэгдэн мандах юм
Сайны дээд энхрий чамайгаа
Санаж л явах минь заяа юм даа хөө” гээд биччихжээ. Тэгсэнээ жаахан нойрмоглосоноо гэнэт босож ирээд л:
“Нойрон дунд зүсрэх зүүдэн бороо
Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм
Тооныг нь элбэж өргөсөн гэртээ
Тормойж суух чинь хэзээ л юм бол доо” гээд гуравдугаар бадгаа биччихжээ.
Шинэ дуугаа үзүүлэхэд арван тавхан минут үлджээ. Магсаржав яаран хоёр ч ая хийж Лхагваа найрагчид үзүүлэв. Тэр ая нь Лхагваа найрагчид таалагдсангүй. Лхагваа найрагч түүнд “За. Магсаржав аа. Чи дахин яваад нэг сайн харчихаад ир. Зүгээр харчихаад л хаалгаа хаачихаад хүрээд ир. Тэгвэл чамд нэг юм орж ирж мэднэ. Тэр бүсгүй нэгдүгээр купенд байгаа шүү” гэжээ. Магсаржав нэгдүгээр купений дэргэд очиж хаалгыг нь аяархан нээж харсан чинь нөгөө торомгор хар нүдтэй бүсгүй чинь дуу сонсох гээд цагаа хараад үсээ самнаад сууж байжээ. Сарны гэрэлд үс нь мөнгөрөөд лусын дагина шиг их гоё харагдаж байжээ.
Магсаржавын онгод орж, толгойд нь шинэ дууных нь аялгуу шууд л ороод иржээ. “Зүүдэн бороо” гэдэг алдарт дуу ингэж л цай уухын зуур зохиогджээ. Үнэхээр гайхалтай. Сайхан бүсгүйг харсан хүн зарим нь өөрийн болгох гэж шуналтдаг, зарим нь гоо сайхныг нь харж гайхан дуу алддаг. Харин яруу найрагч, хөгжмийн зохиолч бол шууд л аялгуу, шүлгээ зохиож ард түмэндээ хүргэдэг. Ялгаа нь энэ л байгаа юм.
Бадарчийн Магсаржав Увс аймгийн Тэс сумын төвд төрж өсөөд дөнгөж дөрөвхөн настайдаа гармони хөгжим дээр тоглож сураад удалгүй баян хуур хөгжим дээр тоглож сурчээ. Тэр бээр 15 настайдаа 1979 онд Багшийн сургуульд Улаанбаатар хотод иржээ. Ангийн багш нь алдарт дуучин Галхүү багш байжээ. Б.Магсаржав Багшийн сургууль, БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Хөгжмийн Дээд Сургууль тус тус дүүргэжээ. 2000-2012 онд БНХАУ-ын Хөх хотод хөгжмийн зохиолч, найруулагч, хөгжмийн багшаар ажиллаж байжээ.
1979 онд Багшийн сургуульд орж байхдаа яруу найрагч Ц.Гайтавын “Сүүн далай ээж” гэдэг шүлэг дээр анхныхаа аялгууг арван тавхан настай хөвгүүн зохиож байжээ. Анхны дуу нь шууд л хит болж байгаа юм. Эдүгээ олон жилийн дараа энэ дууг 15 настай Аззаяа гэдэг охин 2012 онд зохиогчоос нь зөвшөөрөл авч 2016 онд шинээр дуулж “Youtube” дээр тавьж эдүгээ 12.2 сая үзэгчийн тандалт авчээ. Энэ дуу 26 жилийн дараа дахиад л хит болж байгаа юм. Магсаржав эдүгээ 500 гаруй дуу зохиогоод байна. Магсаржав Хэнтийн дуучин Н.Төмөрхуягтай анх 1988 онд Хэнтийд танилцаж түүнээс хойш хоёр авьяаслаг залуус салахгүй хамтран уран бүтээлээ хийдэг байлаа. Түүний бичсэн уянгалаг сайхан аялгуу, Төмөрхуягийн уран нугалаатай донжтой дуу хоёр их сайхан зохилддог байсан даа. Магсаржав Төмөрхуягийн дууны нугалааг уран гаргадаг онцлогийг нь бодож дуугаа түүнд тааруулж зохиодог байв. Монголын радиогоор энэ хоёр уран бүтээлчийн дуу Монгол даяар цууриатдаг байлаа.
Дуучин Н.Төмөрхуяг бол манай Хэнтий нутгийн дуучин. Аав нь Намдаг хэмээх элдэв авьяастай ачааны тээврийн жолооч хүн байсан даа. Намдаг гуай намайг жижигхэн хүүхэд байхад аав, ээжийн танил байсан бололтой, хааяа нэг манайхаар орж гардаг, энгийн хөгжилтэй, их сайхан дуулдаг хүн байсан. Төмөрхуяг аймгийн ТМС төгсөөд шууд л аймгийн “Хан Хэнтий” чуулгад дуучнаар орсон залуу байсан. Хутгыг бол аатай шиддэг залуу байлаа. Хаалга руу шидсэн хутга бүр нь байныхаа яг голд л зоолттой байдаг сан.
Төмөрхуяг юм юм л сонирхдог авьаяслаг дуучин залуу байв. Гитар тоглохдоо солгой байдаг тул “солгой” Төмөрхуяг гэдэг байв. Намайг аймгийн гүйцэтгэх захиргаанд ажилладаг байхад 1988 оны намар хамт ажилладаг найз инженер Г.Өлзийдоо маань нэг хавтастай зузаан юм бариад миний өрөөнд ороод ирлээ. “Наадах чинь юү юм бэ?” гэхэд Өлзийдоо: “Энэ машиндаж бичсэн зүйлийг манай “Хан Хэнтий” чуулгын дуучин Төмөрхуяг нийслэл хотоос авчирсан байна. Баабарын “Бүү март” гэдэг бүтээл гэнэ. Чи унш. Хүнд үзүүлж болохгүй. Нууц шүү” хэмээн хэлээд надад өглөө. Би шууд л уншлаа. Баабар гэдэг хүн социалист нийгмийг ёстой нэг зад шүүмжилжээ. Цэдэнбалыг Кремлийн утсан хүүхэлдэй гэсэн байв. Би тэрхүү нууцлаг Баабар гэдэг хүний эр зоригийг гайхаж байв.
Манай Хэнтийн Чойномоос хойш нэг ч хүн Монголд коммунизмын ялзралыг бичиж байгаагүй дээ. Монголд нэг зоригтой нийтлэлч гарч дээ” хэмээн олзуурхан бодлоо. Дараа нь Төмөрхуяг тэр зүйлээ хот руу буцааж өгөхийн өмнө Баабарын тэрхүү нийтлэлийг бүгдийг нь 3 шөнө гараар хуулж бичсэн байгаа юм.Төмөрхуяг ирж яваа сайн цагийг мэдэрдэг зоригтой залуу байж дээ. Хамгийн сүүлд би Төмөрхуягтай Багануурт 2000 оны үед тааралдаж байсан санагдана. Багануурын манай байрны нэгэн айлын охинтой суусан хэмээн надад ярьж байсан. Би Төмөрхуягт өөрийн бичсэн “Дагаар орсон монголчууд” гэдэг анхны номоо бэлэглэж билээ. Түүнээс хойш түүнтэй уулзаагүй. Төмөрхуягийг Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдсныг дуулаад би баярлаж л байлаа. Хүмүүс “Төмөрхуягт их л хожуу гавьяат өглөө дөө” гэцгээж байсан юм шүү.
Ер нь өмнөх жилүүдэд “Хөгжмийн зохиолч Б.Магсаржавт яагаад гавьяат цол олгодоггүй юм бэ” хэмээн ард олны дунд их шуугиан дэгддэг байлаа. Нэгэн удаагийн тоглолт дээрээ МУГЖ буюу “живхтэй гавьяат” гэгдэж байсан хамгийн залуу гавьяат Самандын Жавхлан тайзан дээр гавьяатын тэмдгээ дээлийнхээ энгэрээсээ суга татан авч Магсаржавт зүүж өгч билээ. Үүнийг харсан олон түмэн “Энэ төр засаг Магсаржавт гавьяат цолоо өгөхгүй яагаад харамлаад байдаг юм бэ?” хэмээн гайхаж шуугилдаж байсан юм даг. Хөгжмийн зохиолч Б.Магсаржав маань “ард түмний гавьяат” гээд олон жил болсон доо. Магсаржавын “Сүүн далай ээж”, “Насны намар”, “Зүүдэн бороо”, “Зүрхний уяа”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, ”Хуарангийн шөнө”, “Сүслэн хайрлаж яваарай” зэрэг ная, ерээд оны дуу нь ард түмний дунд аль эрт хит болчихсон байлаа.
Харин түүнд төр гавьяат цолоо өгөхгүй их л удаж байлаа. Харин түүнд төрөөс “Соёлын Тэргүүний ажилтан” тэмдгийг урлагт зүтгэснээс нь хойш хорин жилийн дараа 2000 онд өгсөн гэдэг. Гэтэл Соёлын тэргүүний тэмдэг авсны цайллаган дээр түүний тэрхүү тэмдгийг үнэмлэхийнх нь хамт хэн нэгэн хулгайлаад авчихсан ажээ. Хүмүүс ямар харгис хатуу сэтгэлтэй байна аа. Урлагт дөчин жил зүтгэсний дараа 2021 оны цагаан сарын өмнөхөн саяхан төрөөс Бадарчийн Магсаржавыг “Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор шагналаа.
Ард түмний гавьяат маань албан ёсны гавьяат боллоо. Оройтсон ч гэсэн онцгой цол байлаа. Энэ цолыг ард түмэн хорин жил хүлээжээ. Дундаршгүй авьяастай, дууны их зохиолч Магсаржавтаа уран бүтээлийн улам их амжилт хүсч, урт насалж, удаан жаргахын ерөөл талбия даа.
Доржийн СҮХБААТАР
2021.02.13 Багануур хот
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.