
Монголын парламент хэд хэдэн алхмаараа цагийн салхи эргэж, төрийн өнгө өөрчлөгдсөнийг зарлав. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадсан нь үүрээ хамгаалж, үүцээ хямгадахын дайтай үнэлэмжийг авчирлаа.
Ардын хүү Гантулгыг авгай хүүхний хэргээр парламентаас татаж болсон юм, улс төр бизнесийн том боссын хүү Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь зүй ёсны зүг чиг байлаа. Аавын хөвгүүдийг ямар алагчлаад байлтай ч биш. Үнэн, худлын заагт алийн болгон үргэсэн адуу шиг явахав. Өөрт нь ч тустай, өрөөлд ч хариутай. Харин эндээс хэд хэдэн гаргалгаа харагдаж байна. Улс төр, бизнесийн салбарыг хамарсан шинэ хуваарилалт хэдийнэ эхэлснийг бүгд харав. М.Энхболдын ноёрхол, Ц.Нямдоржийн найраа, Ж. Эрдэнэбатын солилцоо, Д.Чойжилсүрэнгийн холбоо сүлбээ харсаар байтал нуран унаж байна.
Хуучин МАНАН өдөр өдрөөр хүч алдаж, хүү, бэрсийн шалаанд хүрээний ноёд ойчиж байна. Энэ сайн хэрэг. У.Хүрэлсүхийн үед овор ихтэй орд газруудын лицензүүд хураагдаж, овилгогүй ноёдын олбог суудлын хамгаалалт сулрав. Энэ ч бас сайн мэдээ. Гэвч үүний цаана шинэ МАНАН шил дээр адуу хөөж, шидмэс томон унага уургалж буй юм биш байгаа гэсэн хардалт бас үлдэв. Энхбаярын амнаас Элбэгдоржийн араанд орж, Элбэгдоржийн амнаас Баттулгын соёонд зүүгдсэн монголчууд энүүхэндээ гэхэд хартай нөхөр шиг хажиг, хаздаг адуу шиг адайр болсон.
Томчуудын толхилцоон, боссуудын мөргөлдөөн, толгойлогчдын зөрчлөөс улс орон ард түмэн юу хожих бол, юунд хүргэх бол хэмээн хүлээж байна. Авлига, гэмт хэрэгтний нэг бүлэглэлийг нөгөөгөөр нь солиогүй, хуучин МАНАН-г бас нэг шинэ МАНАН-гаар арилжаагүй гэдэгтээ итгэлтэй байхын тулд илүү их хүлээх болно. Г.Батхүү агсны хүүгийн хэлсэн үг үнэн шүү. УИХ-д гурван удаа сонгогдож, парламентийн дэд даргаар ажиллаж, АН-ын дэд даргын албыг хашиж явсан хүн төрийн ордонд амь насаа алдсан хэрэг бүтэн найман сар учир нь олдохгүй замхрах гэж байхад эгэл хүний үрс яах вэ, бодож ч чадахгүй байна гэсэн утгатай үгийг Б.Ганхөлөг хэлсэн. Ийм л эх орныг эдүгээ цагийнхан үүрч, ирээдүй үеийнхэн өвлөж үлдэх нь. Харин өөрчлөх боломж нь сонгогчдод бий.
Хүний амь, хүүхний хэрэг, оймсонд нуусан мөнгө, олныг луйвардсан тендер...яамны ажилтан нь яамныхаа үүдэнд зодуулаад амиа алддаг, төрийн ордонд амьд орсон хүн үхсэн олддог тийм л төрийг бид сонгосон. АТГ, адгийн хужаа хоёр уралдаж гүйсээр байгаад төрийн албан хаагчийн өрөөнд төр нь сүүлдээд орохыг ч харсан. Байгал орчны төрийн нарийн нь баахан мөнгөтэй баригдахыг ч үзсэн. Ерөөс төрийн түшээдийн түрийвч хэтэвч хэлтэй бол үг хэлж, амтай бол ярих болсон. Хэлсэн үг, ярьсан яриа, дэлгэсэн үнэн нь өөрөө хүн амины энэ хоёр хэрэг, хүзүү сээр холбосон хурандаа нарын авлига, шүүлтүүргүй баяжсан шүүгчдийн хөрөнгө юм.
Үндсэн хуулийн манаач өгзөг базсан л гэх. Сүүлдээ бүр тагнуулынхныг цагдаа нар барьлаа л гэнэ, чих нүд хоёр зөрүү сонсож, жишүү хараад байдаг болсон юм уу, эсвэл хүчнийхний хөл нь толгойгоо даган тонгорч байгаа нь энэ үү. Сонгосон, дархалсан төрөө өөрчлөх нь бидний үүрэг, бас хатуухан хариуцлага.Тиймээс зөв тэмцэл бүхнийг зөрүү харалгүй дэмжиж, эрүүл өөрчлөлт болгоныг өө харалгүй өргөнө! Бүх юм дөнгөж л эхэлж байна...дараагийн дөрвөн жилд дахиад энэ бүхнийг эхнээс нь туулах тэнхэл ч алга, тэвчээр ч алга.
Р.Эмүжин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(68.204.74.16) 2020-01-26 01:43Ymar mundag yneniig bichee ve bayr hyrge bayrlallaa
Хариулах
Зочин
(68.204.74.16) 2020-01-26 01:43Ymar mundag yneniig bichee ve bayr hyrge bayrlallaa
Хариулах