ОХУ-ын эсрэг санал өгсөн сайдаа ажлаас нь халжээ

Twitter Print
2022 оны 10-р сар 20-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Мадагаскарын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр ОХУ Украины 4 мужийг хууль бус олон нийтийн санал асуулга зохион байгуулж, ОХУ-ын газар нутагтаа нэгтгэсэн явдлыг буруушаасан явдлыг дэмжиж санал өгсөн Гадаад харилцааны сайдаа ажлаас нь халжээ.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ыг Украины 4 мужийг хууль бусаар газар нутагтаа нэгтгэсэн явдлыг буруушааж, бусад улс орнуудыг ОХУ-ын уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан билээ.

Ерөнхий Ассамблейн 193 гишүүн орны 143 нь ОХУ-ын үйлдлийг буруушааж, олон улсад зөвшөөрөгдсөн Украины тусгаар тогтнол, бие даасан байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө саналаа өгсөн юм.

Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Радзуэлинагийн тамгын газарт ажилладаг хоёр албан тушаалтан Ройтерс агентлагт Мадагаскарын Гадаад харилцааны сайд Ричард Рандриамандрато дээрх НҮБ-ын тогтоолыг дэмжиж санал өгснийхөө төлөө ажлаасаа халагдсан хэмээн ярьжээ.

ОХУ Украин руу довтолсон явдал нь Африкийн олон орнуудыг хүнд хэцүү нөхцөлд оруулсан гэж хэлж болох юм. Африкийн дийлэнх орнууд барууны орнуудтай ээдрээтэй харилцаатайгаас гадна ОХУ-тай эдийн засгийн хувьд нягт харилцаатай. Тиймээс ч Украины дайн эхэлснээс хойш Африкийн орнууд аль нэг талыг нь дэмжихээс зайлсхийсээр байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногийн хурлаас өмнө Мадагаскар улс Украин дахь хямралтай холбоотой бүх санал хураалтанд санал өгөхөөс түдгэлзэж байсан ба эрх баригчид нь дундыг баримталж, аль нэгийг талыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсээр байсан юм.

Мадагаскарын Гадаад харилцааны сайд Ричард Рандриамандрато ямар нэг мэдэгдэл хийхээс татгалзсан байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр санал өгөхөөс түдгэлзсэн 35 орны 18 нь Африкийн орнууд байсан ба зөвхөн ОХУ, Беларусь, Хойд Солонгос, Сири, Никарагуа гэсэн 5 улс НҮБ-ын тогтоолын эсрэг санал өгсөн юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.