Ц.Мөнхдэлгэр: “Хөөрхөн зүрх” сан хөөрхөн хүүхдүүдийнхээ төлөө их зүйл хийнэ

Twitter Print
2016 оны 06-р сар 13-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Инээх, баярлах, хайрлах, дурлах, уйлах гээд бидний бүхий л сэтгэл хөдлөлийг илэрхийлж байдаг зүйл бол зүрх юм. Бид дотоод зүрх сэтгэлээ сонсолгүйгээр бусдад тусалж, чин сэтгэлийн гараа сунгана гэдэг бэрх.

“Сайн үйлс хийж, хүмүүст үргэлж гараа сунгаж бай. Тусын хариу эргээд ирдэг юм” гэдгийг "Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ", "Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос" гэх мэтээр өвөг дээдэс маань гайхалтай сайхан хэлсэн байдаг нь бидэнд уламжлагдан иржээ. Чадалтай нэгэн нь чадал дорой нэгнээ чирж, өвчин зовлонтой нэгэндээ эрвийх дэрвийхээрээ тусладаг өрөвч сайхан сэтгэлтэй, бахархам уламжлалтай ард түмэн, бид.

Өнөө цагт, ороо бусгаа нийгэмд энэхүү сайхан чанараа хадгалан зовж, зүдэрсэн нэгэндээ сайхан сэтгэлээр туслаж, хүмүүсийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж яваа залуучууд олон байна. Тэдний нэг, үнэхээр "хөөрхөн зүрх"-тэй найз нөхөд, хүмүүсийн тусламжаар энэ нийгэмдээ өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах гэж зүтгэж яваа “Хөөрхөн зүрх сан”-гийн захирал Ц.Мөнхдэлгэртэй уулзаж ойрын хугацаанд хийгдэж буй ажилтай нь танилцлаа.

“Хөөрхөн зүрх сан”-гийн үйл ажиллаагаа болон ойрын өдрүүдэд хийгдэх ажлаар яриагаа эхлүүлье?

Манай сан хүүхэд рүү чиглэсэн олон арван ажлыг хийж гүйцэтгэсээр ирсэн. Сайн үйлс бүхэн үргэлж хүнд гэрэл гэгээ, итгэл үнэмшил төрүүлдэг учраас миний бие болон манай сангийн үйл ажиллагаа өдгөө хүртэл оршин тогтнож байгаа. Бид жил бүр хүүхдүүдийг баярлуулсан арга хэмжээ зохион байгуулахаас гадна “Хөөрхөн зүрх” сан Эх нялхсын эмнэлэгийн хоёр ариун цэврийн өрөө, нэг хүлээлгийн өрөө, (тоглоом, номын сан, жижиг хүүхэлдэйн киноны сантай) гадна талбайг засаж шинэчилж өгөхөөр ажиллаж байна. “Хөөрхөн зүрх” сангийн идэвхтэй гишүүд болон бидний хийж буй ажлыг байнга дэмжиж туслаж байдаг найз нөхөд маань ярилцаад энэ ажлыг хийж эхлэхээр хандив цуглуулж эхэлсэн.

Хандивын аян хэзээнээс эхлэн явагдсан бэ?

Манай хандивын аян явагдаад гурав дахь долоо хоног дээрээ ирээд байна. Энэ хугацаанд 7 сая төгрөг цугларсан. Ерөнхийдөө бидний хийж гүйцэтгэх ажилд нийт 13 сая төгрөг хэрэгтэй байгаа ч бид бүхий л бололцоо, олон сайн хүмүүсийн буян, “хөөрхөн" зүрхтэй хүн болгоны чин сэтгэлийн туслалцааны хүчээр Эх нялхсын эмнэлэгийн өрөөг шинэчлэн янзлаж эхэллээ. Ядаж цэвэр тохилог угаалгын өрөөтэй болчихвол тэр өвдсөн хүүхдүүдэд бага ч гэсэн тус нэмэр болно шүү дээ. Цаашлаад хүлээлгийн өрөөний нэг талыг номын сан, нөгөө хэсгийг тоглоомын талбай болгох санаатай ажлаа эхлүүлж байна.

“Хөөрхөн зүрх” сан Хүүхэд хөгжлийн төвтэй хэр ойр харилцаатай ажилладаг вэ?

Ерөнхийдөө манай сангийн хувьд хүүхдэд хаана туслалцаа хэрэг болж байна тэр болгонд тусламжийн гараа сунгаж, хүрч ажиллахыг зорьдог. Манайх үнэгүй сургалт семинар байнга шахуу явуулдаг. Тухайлбал, “Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ", “Өөрсдийнхөө хуримтлуусан банк санхүүгээ хэрхэн зөв зохистой барих", "Хувь хүний ааш араншин” зэрэг хүмүүст ойр санагддаг хэрэгцээтэй сургалтыг багш, албан хаагчдын дунд явуулдаг.

Мөн Эх нялхсын  Клиник сувилалын хүүхдүүдэд хамгийн их хэрэгцээтэй байдаг зүйл нь живх буюу бидний хэлж заншсанаар памперс юм байна. Тэрийг нь хэсэг ч гэсэн хугацаанд хангалттай хүрэхээр хэмжээний памперс авч өгсөн. Сүүлд гэхэд манай сан “Лантуу дохио” ТББ-тай хамтран “Тамара эмээгийн” цэцэрлэгт хөрөнгө оруулж, гэр номын сан байгуулсан. Одоогоор 2000-3000 номын цуглуулгатай. Ер нь бол хүүхдэд чиглэсэн, хүүхдэд хэрэгтэй байгаа бүх зүйлийг хийхийг зорьдог. Хөөрхөн зүрхтэй хүмүүс хэдий олон байна тэр эрчээр их зүйлийг хийхийг боддог. “Хөөрхөн зүрх” сантай нэгдэхийг хүссэн хүн бүрт манай үүд хаалга нээлттэй.

“Монголдоо хайртай” уриатай танай mongolcom.mn сайтын хувьд манай хийж хэрэгжүүлж буй ажлыг байнга дэмжиж, хамтарч ажиллаж байдагт үнэхээр их баярладаг. Бидний үйл хэргийг цааш нь олон хүмүүст хүргэж, дуу хоолой болж байгаасай гэж маш их хүсч байна. Биднээс үлгэр аваад олон олон залуучууд буяны, сайн дурын ажилд оролцоосой гэж хүсдэг. Та бүхэнд “Хөөрхөн зүрх” сангийн хамт олны зүгээс маш их баярлалаа гэдгээ дахин хэлье.

“Хөөрхөн зүрх” сан хөдөө орон нутагт хэр хүрч ажилладаг вэ?

Хөдөө орон нутагт тэгтлээ тэлж амжаагүй яваа. Гэхдээ нийгэмд идэвхитэй залуучууд болох “Лантуун дохио” ТББ, “Хамтын халуун сэтгэл” гэх зэрэг залуучууд өөрсдийн дуу хоолойг хөдөө орон нутагт байнга хүргэж явдаг. Бидний зүгээс очих боломжгүй байсан ч мөнгө санхүүгийн хувьд үргэлж дэмжиж явдаг. Ер нь сайхан сэтгэлтэй залуус нэгдэж өөрийн чадах бүхий л боломжоороо туслаж ажилладаг. Бидний хийгдэж буй ажилд маш их хүмүүсийн сэтгэл шингэж байгаа.

Танай санд хэчнээн идэвхитэй гишүүд байна?

Манай санд 100 гаруй гишүүд байдгаас маш идэвхитэй гишүүд 50 гаруй. Хамгийн гол нь 7000 гаруй хүмүүс биднийг сэтгэл санаагаар дэмжиж үргэлж харьцаатай байдаг. Хэдий боломжгүй, туслаж чадахгүй ч гэсэн бидэнд байнгын сайхан мессеж илгээж, амжилт хүссэн урмын үг байнга илгээдэг.

Хамгийн сүүлд “Jack Tour” аялалын баг Туул голын цүнхээл эргүүлэгтэй, хүний амь насанд аюултай 25 газарт сэрэмжлүүлэг самбар байрлуулсан нь нүдээ олсон ажил боллоо гэж хувьдаа маш их баярладаг. Жил болгон л Туул голд тэдэн хүн, хүүхэд эндлээ, живж нас барлаа гэж мэдээ сонссоор хүмүүс тэгэх ёстой юм шиг ойлгодог болжээ. Энэ бол бид хүйтэн цэвдэг болж байгаагийн илрэл.

Би хэдэн жилийн өмнө хайртай дүүгээ Туул голд алдчихаад явж байхад тэр хавиар байсан хүмүүс жилийн жилд л энд хүн усанд живж нас бардаг, барилгынхан хайргыг нь ухаж аваад эргүүлэг үүсгэчихсэн газар ш дээ гээд л хээв нэг явж байх шижээтэй. Бид тэр газарт хэд хэдэн удаа анхааруулах самбар хийж тавьсан боловч төмрөөр хийхээр төмөрт тушаах гээд аваад явчих, модон шон дээр байрлуулахаар түлэх гээд аваад явчих ийм л байдалтай юм билээ. Тэгээд дээшээ доошоо баахан гүйсний хүчинд тэр зунаас хойш Нийслэлийн цагдаагийн газраас завьтай эргүүл гардаг болсон нь үнэхээр хүмүүст хэрэгтэй, буянтай ажил болсон гэж боддог. Тэд нар ч гэсэн бас гүнзгий, аюултай газруудад цагаан хоолойгоор мэдээлэл өгдөг юм билээ. Гэхдээ хангалттай олон цагдаа ажиллаж чадахгүй шүү дээ. Иймд би сайн чанартай, хэрийн хүн ухаад аваад явчих боломжгүй аюулаас сэрэмжлүүлэх самбарууд хийж тавьсанд үнэхээр их баярлаж байнаа, энэ залууст.

Гэр бүлийн хүчирхийллээс болж хүүхдүүд маш ихээр хохирч байна. Хүүхэд хүчирхийллийн бай биш шүү дээ. Хүүхдийн төлөө дуу хоолой болдог танай сангийн хувьд энэ асуудлыг хэрхэн дүгнэх вэ?

Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд Монголчууд бүгд нэгдэх ёстой. Бид хэтэрхий цөөхөн, дуу хоолой маань хаана ч хүрэхгүй. Зөвхөн хот дотроо энэ асуудлыг ярихаас илүүтэй гадагшаа хараасай. Хогийн цэгт амьдардаг хүмүүс, гэр хороолол, хөдөө орон нутагт хүнд амьдрал, хүчирхийлэл, архидалт их байна. Одоо л зах духаас нь ярьж хэлж, нийгмээрээ жигшин зэвүүцэж хүмүүст дохио болж байна. Энэ бол хэвлэл мэдээллийн та нарын ач шүү дээ. Үүн дээрээс үүдээд одоо гэр бүлийн хүчирхийлэл хуулийн дагуу ял өгдөг болох гэж байна. Энэ бол том дэвшил. Ялангуяа энэ талаар хэвлэл мэдээллийнхэн гэлтгүй, айл саахалтынхан сонор сэрэмжтэй байж, хүчирхийлэлд өртсөн гэр бүл, хүүхдийн тухай мэдээллийг зохих газарт нь даруй хүргэж байх хэрэгтэй. Бүр иргэнийхээ үүргийг гэж гүнээ ухамсарлах хэрэгтэй. Ингэж байж хүмүүс ухаарна, болдоггүй юм байна гэдгийг ойлгоно.

Нийгэм тэр даяараа харанхуй, бүдүүлэг, бурангуй болчихоогүй байна. Хүмүүст үүнийг ухамсарлуулах нь гол асуудал. Өнөөдөр хүүхдийн төлөө гэх хаягтай маш олон байгууллагууд бий болж. Тэд үнэхээр хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, нийгэмд хэрэгтэй ажил хийж яваа юу гэдгийг хүмүүс анзаарах хэрэгтэй. 

“Хөөрхөн зүрх” санд хэчнээн хүмүүс хандаж, тусламж хүсдэг бол?

Мессеж болон цахим хаягаар хүмүүс их ханддаг. Тэр болгонд туслаж чадахгүй ч гэсэн холбогдох байгууллагад нь хандаж өгдөг. Гэр бүл, хүчирхийллийн эсрэг “Хүүхдийн утас” ашиглалтанд орж байгаад миний зүгээс маш их баяртай байгаа. Манай сангийн хувьд хамгийн түрүүнд Эх нялхсын хүүхдийн тасгийн угаалгын өрөөний асуудлыг хурдан шийдвэрлэж өгөхийн тулд ажилдаа орчихсон яваа. Долоо хоногийн дараа гэхэд хөөрхөн хүүхдүүд маань шинэ цэвэрхэн угаалгын өрөөтэй болно. Тийм учраас бид эхлүүлсэн ажлаа бүрэн гүйцэд дуусгахын тулд хичээж ажиллаж байна. Бидний хэрэгжүүлж буй үйлсийг дэмжиж байгаа хүн бүрт манай хаалга үргэлж нээлттэй шүү. “Далайд дусал нэмэр” гэгчээр хүн бүрийн сэтгэлийн дэмээр олон хүүхдийг баярлуулахыг хүсч байна. 

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.