Уханьд тусгаарлагдсан монгол оюутан: Би айж байна, айж байгаагаасаа огтхон ч ичихгүй байна

Twitter Print
2020 оны 01-р сар 25-нд 22:28 цагт
Мэдээний зураг,

Би их аймхай болж. Хэтэрхий их хайранд өлгийдүүлж хорвоогийн эрээн бараанаас хол өсгөсөн эцэг эхийнхээ ачаар барагийн юмыг аймаар гэж боддоггүй л байлаа.

Асуудал л надаас айна уу гэхээс, би асуудлаас айдаггүй гэж боддог байсан тэр омголон үе минь эрүүл саруул сайхан орчинтой хамт ард үлдэж. Тойроод биш дайраад гарна гэсэн ган шиг хатуу үзлийг минь торомгор бяцхан ертөнц тэр чигт нь өөрчилчих юм гэж хэн санах билээ? Одоо болдогсон бол би хайртай үрээ энгэртээ нуугаад, нисээд ч хамаагүй эндээс холдохыг хүсч байна.

Хамаг хүчээ шавхаад, байдгаа бариад ч хамаагүй нялх үрээ л энэ хэцүү зүйлийн сүүдрээс холуур өнгөрөөчих юмсан, эрүүл саруул эх нутагтаа оччих юмсан, санаа нь зовж зүсээр үхэж байгаа хоёр бууралдаа очоод магнайгаа нэг үнэрлүүлчих юмсан л гэж бодож сууна. Ээжийн нөмрөөр дутчих вий, эцгийн хайрыг үгүйлчих вий, элэг нь бэтгэрчих вий гээд энэ хүртэл аваад ирсэндээ одоо харамсч байна. Одоо би цонхоор тусах нарыг сүүдэрлэж ниссэн шувуудаас халдвар тээгээд дээрээс минь дусчихаж ч магадгүй тэр зөөлхөн бороон дуслуудаас, нүүрийг минь илбэх салхинаас хүртэл айж байна.

Би эмээ өвөөгөө алдахаас л хамгийн их айдаг, одоо би нялх үрийнхээ айдас нь болж хүүгээсээ явчих вий гэж айж байна. Айсандаа хоолойгоор минь хоол давахгүй ч хүүгийнхээ төлөө хүчээр идэж байна. Энд эмийн сангуудаар амны хаалтын нөөц дууссан болохоор гэртээ байж болох хамгийн цэвэр даавуугаар өөртөө оёж сууна. Би зөндөө их айж байна, бас би айж байгаагаасаа огтхон ч ичихгүй байна.

Олон ч мэдээний доорх сэтгэгдэлээс наанаа байгаа Монгол оюутнуудаа битгий авчир, тэнд нь үлдээ гэсэн олон сэтгэгдэл уншлаа. Одоо би хэрвээ та нарын үр хүүхэд чинь байсан бол энэ тэр гэсэн улиг болсон юм яримааргүй байна. Зүгээр л өөрсдийнхөө хүн чанар луу өнгийгөөч, гуравхан сая хүний чинь 30 МОНГОЛ нь энд байна, ядаж битгий янз бүрээр хэлээч. 30 зүрх цохилж, 30 ээж, 30 аав өдрийн хоол, шөнийн нойргүй сэтгэл нь зовж байна.

Хэтийдсэн их тоглоом тохуу, хүн чанаргүй амны билиггүй аймшигтай араншингаа зогсоогооч. Асуудалд бодитой хандаж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авцгаагаач. Би айж байна, энд хэр удаан ингэж байхаа мэдэхгүй болохоор. Би айж байна, эрүүл залуу үеийнх нь бичсэн сэтгэгдэл ийм байгаад. Би айж байна, Монгол хүний саруул ухаан маазарсан тоглоом, архи хоёрт живчих вий гэж айж байна. ТИЙМ ЭЭ, БИ АЙМХАЙ.

Р.Болорцэцэг Хятад улс, Вухан хот

Image may contain: one or more people, people standing and outdoor

Ухань хотын гарц бүхнийг хааж байна

Мөн тус хотод мастерын зэрэг горилон суралцагч Э.Баасандорж ч мөн цахим хуудсаараа дамжуулан тусламж хүсчээ.

Э.Баасандорж: Уханьд түгжигдсэн монгол иргэддээ туслаач

Сайн байцгаана уу? Би УХАНЬ хотод Мастерын зэрэг горилон суралцагч Э.Баасандорж гэдэг залуу байна. Яг одоогоор би амралтаараа эх орондоо ирээд сар гаруй болж байна. УХАНЬ хотод ямар нөхцөл байдал үүсээд байгааг та бүхэн бүгд мэдэж байгаа байх. Гэхдээ тэнд яг одоо Монгол улсын иргэн 30 хүн эрүүл саруул түгжигдээд байна. Монгол улсын хамгийн ойрын хөрш оронд шүү дээ.

Мэдээ мэдээлэл гараад хорио тогтоогоод 2-3 хонож байна. Олон цахим сүлжээнээс мэдээлэл авж байна. Зарим улс иргэдээ өөрсдийн онгоцыг явуулан татан авч байна, зарим нь автобусаар өөр хот руу шилжүүлэн тэндээс нь нисгэж байна. Гэтэл манай улсаас яагаад энэ хүмүүст ямар ч анхаарал хандуулахгүй байна вэ? Тэр бүх хүмүүсийг эх оронд нь гэр бүл, ээж аав, үр хүүхэд нь зовинон хүлээж суугаа шүү дээ.

Элчин сайдын яам гэх нэр бүхий байгууллагаас авах арга хэмжээ гэж байна уу? Албан ёсны бичиг үйлдээд автобусаар ч гэсэн иргэнээ голомтоос аваач ээ гэж гуймаар байна. Бид чинь харъяалах улстай эрх үүргээ хамгаалуулах эх оронтой хүмүүс шүү дээ. Удахгүй тэдний хүнс, хоолны нөөц дуусвал яах вэ?. Яг одоогоор тэдний ганц хийж чадах зүйл өрөөнөөсөө, гэрээсээ гарахгүй байх. Ийм үед Монгол гэдэг тусгаар тогтносон улсаар овоглож явдаг эрхээ эдлэх ёстой биш гэжүү?

Ийм явдал хэнд ч, ямар ч монгол улсын иргэнд тохиолдож болно. Тэр үед та бүхний үр хүүхэд оронд нь байна гээд бодоод үзээрэй. Солонгос улсад өвчний илэрц бүртгэгдээд байгаа ч ард иргэд нь Уханьд үлдсэн хүмүүсийн эрх ашгийн талаар ярьж иргэдээ авч ирэх тал дээр ажиллаж байна. Өөр олон улс иргэдээ хамгаалж байна. Гэтэл би энд цахим орчноос “наад хэдээ битгий авч ир”, “ирчихсэн байх вий” гэсэн сэтгэгдэл олж харж байгаа нь үнэхээр айдастай эмгэнэлтэй санагдаж байна. Тэдэнд туслаач!

Ред: БНХАУ-ын Ухань хот дахь Монгол Оюутны холбооноос доорх мэдээллийг өгч байна. "2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Ухань хотод Монгол улсын нийт 253 оюутан суралцдаг гэсэн албан ёсны бүртгэл мэдээлэл байна. Үүнээс хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 204 оюутан тогтмол суралцаж байна.

Халдварт өвчний вирус тархахаас өмнө буюу өнгөрсөн оны 12 сард 100 гаруй оюутан эх орондоо ирсэн байна.
Корана вирусийн шинж тэмдэг анх илэрч, олон нийтэд зарлагдсанаас хойш буюу 2020 оны 1-р сард 70 орчим Монгол оюутан эх орон руугаа болон бусад гадаадын улсруу амарч, аялахаар явсан билээ.

Өнөөдрийн байдлаар Ухань хотын 7 том сургуульд 30 Монгол оюутан, 1 бага насны хүүхэд хүндхэн нөхцөл байдалд байгаа бөгөөд тэдгээр оюутнуудад маань ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй байна. Дээрх оюутнууд нь тус тусын сургуулиудынхаа гадаад оюутны оффис, БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-д байрлах Монголын элчин сайдын яам, ГХЯ, ЭМЯ-дуудтай харилцаа холбоотой байж зөвлөмж авч, халдварт өвчнөөс өөрсдийгөө урьдчилан сэргийлж байна" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.