Чөлөөлөх дайн 75 жил - Маршал Х.Чойбалсангийн Монгол ард түмэнд хэлсэн үг

Twitter Print
2020 оны 09-р сар 02-нд 14:39 цагт
Мэдээний зураг,

Тэртээх 75 жилийн өмнө энэ өдрүүдэд Монголын ард түмэн болон Өвөр Монголд орсон ардын хувьсгалт цэргүүдэд маршал Чойбалсангаас хандан радиогоор ийн утгатай үг хэлжээ.

МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГААС МОНГОЛЫН АРД ТҮМЭНД РАДИОГООР АНХААРУУЛАН ХЭЛСЭН ҮГ

Нөхөд өө! Эрэгтэй эмэгтэй ардууд аа! Эрэгтэй эмэгтэй ажилчид аа! Оюуны хөдөлмөрийн ажилчид аа!

Монгол Ард Улсын ардын хувьсгалт цэргийн байлдагч, түрүүч, офицер, генералууд аа!

Монгол Ард Улсын харьяат нар аа!

Японы түрэмгийлэн эзлэгчдийн дарлагдлын дор явж буй ах дүү монголчууд аа!

Барга, Цахар, Харчин, Өвөр Монгол ба бусад бүх монголчууд аа!

Өнөөдөр 8 дугаар сарын 10-нд манай засгийн газраас манай улс японтой байлдах шийдвэрийг гаргав. Засгийн газрын тушаалын ёсоор манай цэргүүд улсын хилийг давж Өвөр Монголын нутаг дэвсгэр дээр ороод цусны ах дүү болох Өвөр Монголын монгол овогтныг японы боолчлолоос чөлөөлж байна.

Манай засгийн газраас авч явуулсан энэ алхам бол гэнэт тохиолдсон зүйл биш юм. Юу гэвэл олон зуун жилийн турш бүх монгол овогтон өөрийн эрх чөлөө ба тусгаар тогтнохын тул тэмцсээр ирсэн явдал та бүхэнд тодорхой юм аа.

...Бид баатар улаан цэрэг болон нэгдсэн улс үндэстний хамт японы фашистуудыг бүрмөсөн устгаж, японы түрэмгийлэн эзлэгч нарыг бутцохисны эцэст бүх монголчуудыг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт нэгэн ах дүү улс болгон нэгдүүлэх явдлыг хангах болмуй.

Иймийн учраас манай бүх ард түмэн бол японтой байлдах ба японы фашистыг устгахаар тэмцэж буй ардчилсан улсуудын нэгдмэл эгнээнд хамтрах тухай зарласан өөрийн засгийн газрын шийдвэрийг нэгэн дуугаар хүлээн авах буй хэмээн итгэж байна.

Энэхүү бүх монголчуудыг эрх чөлөөтэй ба тусгаар тогтносон улс болгон нэгдүүлэх манай ариун ба шударга дайны хариуцлагатай цаг үед би ардын хувьсгалт засгийн газрын өмнөөс хүн бүр өөрийн хариуцсан ажил дээр тайван бөгөөд итгэл найдвартайгаар хөдөлмөрлөх, манай зохион байгуулалт ба сахилга батыг ажил бүхэн дээр бататгах, шударга ба шаргуугаар хөдөлмөрлөх, хайрт ардын хувьсгалт цэрэгт амь биеийг хайрлах үгүйгээр туслахыг уриалан дуудна.

Бүх монголчуудын төлөө болон манай зөв хэрэг ба өөрийн эрх чөлөөт тусгаар тогтносон эх орны төлөө эрэлхэг зоригтой байлдахыг миний бие манай ардын хувьсгалт цэргийн байлдагч, түрүүч, офицер, генералуудаас уриалан дуудна. Бүх хүчээ манай ардын хувьсгалт цэрэгт зориулан туслагтун.

АРДЫН ХУВЬСГАЛТ ЦЭРГИЙН БАЙЛДАГЧ, ТҮРҮҮЧ, ОФИЦЕР, ГЕНЕРАЛУУД АА!

Өнөөдөр та бүхэн өөрийнхөө засгийн газрын тушаалаар манай эрх чөлөөт, тусгаар тогтносон улсын хилийг давж, бүх монголын заналт дайсан болох японы самурай нарын дарлагдлын дор явж байгаа манай ах дүү Дотоод Монгол, Баргын газзар нутаг дээр орсон байна.

Та нар бол бүх монгол угсаатныг чөлөөлж нэгдүүлэн тусгаар тогтносон бүрэн эрхт, нэгдмэл, эрх чөлөөт улс болгохын тул ариун шударга дайнд орсон байна.

Та нар болвол нэгдсэн үндэстний талд, ах дүү баатар улаан армитай хань зэрэгцэн байлдаж бүх дэлхийн ардчилсан улсуудын амгалан тайвны төлөө фашистын сүүлийн довтлон түрэмгийлэгч болох японы эзэрхэг түрэмгийчүүдийг устгахын тул байлдаж байна.

Би та нарыг эрх чөлөөт тусгаар тогтносон орныхоо гавьяат хөвгүүд байхыг уриалан дуудна.

Манай ах дүү нарт эрх чөлөө олгож буй манай хувьсгалын тугийг өндрөөр мандуулагтун!

Ардын хувьсгалт цэргийн нэр алдар, баатар үйлс мандтугай!

Монгол үндэстний хэв заншил, ахуй байдал, тэдний шашин шүтлэгийг хүндэтгэн үзэгтүн!

Эрх чөлөөт тусгаар тогтносон монголын ард түмэн мандтугай!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.