Сайн эцэг эх байж, хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ?

Twitter Print
2020 оны 08-р сар 01-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн үйлдэл болон шийдвэр гаргалтууд ихэвчлэн томчуудаас хамааралтай байдаг тул насанд хүрэгчид хүүхдийг өөртэйгөө адил ЭРХ-ийг эдэлдэг гэж хүлээж авах нь эерэг хүмүүжлийн суурь болдог. Хүүхдийнхээ нас, бие сэтгэхүйн хөгжлийг маш сайн мэддэг, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүнээс туслалцаа авдаг, хүүхдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хүүхэдтэйгээ харилцаж байвал хүүхэд тань өөртөө итгэлтэй өөрийгөө илэрхийлэх чадвартай иргэн болж төлөвшинө.

Сэтгэл судлаач Жоан Е.Дюррантын өдөр тутамд хэрэглэх хүмүүжлийн эерэг арга эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагад доор дурдсан хүмүүжлийн эерэг аргуудын талаар дэлгэрэнгүй тусгасан байдаг. Тэгвэл бид сайн эцэг эх байхын тулд, хүүхдээ зөв цэгцтэй өсгөн, төлөвшүүлэхэд тань туслах дараах таван аргыг танилцуулж байна.

Холын зорилгоо тодорхойлох.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ өдөр тутмынх нь хийх үйлдэл, гэрийн даалгавар, эгч дүүтэйгээ харилцах загвар зэргийг анхаарч ажиглахаас гадна хүүхдээ ямар хүн болж өсч том болоосой гэж хүсч байгаадаа дутахааргүй анхаарал хандуулдаг байх нь чухал. Хэрвээ та алс хэтийн зорилгод анхаарал хандуулан хүүхэд бүрийнхээ ур чадварт зориулсан хэтийн төлөвлөгөө гаргавал өдөр тутамд үүсэх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг хариулттай байна гэсэн үг юм.

Хүүхдэдээ элэгсэг дотно сэтгэлээр хандах, аливааг ойлгуулах.

Та сургуульд байхдаа элэгсэг дотно багшийн хичээл, хахир хатуу багшийн хичээлээс сурч үлдсэн зүйлсээ харьцуулан санахыг хичээгээрэй. Насанд хүрэгчдийн бага насны түүхэнд өөрт нь анхаарал хандуулж, итгэл найдвар өгсөн багшийн ачаар өөртөө итгэлтэй болсон түүхүүд олон байдаг. Үүнтэй адил та хүүхдийнхээ дурсамжид дотно сайхнаар хадгалагдаж үлдэхийг хүсэхгүй эцэг эх гэж байхгүй биз ээ. Элэгсэг дотно харилцах нь хүүхдэдээ дэмжлэг үзүүлж, урамшуулах, үгийг нь тэвчээртэй сонсдог байх, нөхцөл байдлыг хүүхдийнхээ нүдээр харж ойлгохыг хичээх, гомдсон, айсан үед нь тайвшруулж аргадах зэрэг бид бүхний хийж чадах энгийн үйлдлүүд ордог.

Хүүхдэдээ аливааг ойлгоход нь туслах.

Хүүхэд бүрийн тархи шинэ зүйлийг сурч мэдэх хүсэл сонирхолтой байдаг. Эцэг эхчүүдийн сонирхдог зүйлийг хүүхэд сонирхохгүй байх нь хүүхдийн буруу огт биш бөгөөд эцэг эхчүүд мөн шантарч болохгүй. Хүүхдийнхээ сонирхож буй үйлдэл, мэдэхийг хүсч буй асуултад өөрийн мэдлэгийн хүрээнд тайлбарлах, тэднийг дахин асуулт асуух сэдлийг төрүүлэх нь маш чухал. Аливаа зүйлийн талаар тайлбарлаж өгөхдөө хүүхдийнхээ хэдийн мэддэг зүйл дээр тулгуурлан тайлбарлавал хүүхдэд ойлгоход хялбар байдаг ба тэдний сонирхлыг нь төрүүлдэг.

Хүүхэд хэрхэн бодож сэтгэдэг, хэрхэн мэдэрч хүлээн авч байгааг ойлгох.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ нас зүй, бие сэтгэхүйн хөгжлийн онцлогийг мэддэг байх нь хүүхэдтэй болох томоохон бэлтгэл болдог.

0-1 насны хүүхэд өөрийн эргэн тойрон орчинд итгэж, айх аюулгүй амьдарч болох юм байна гэдгийг мэдэрч байдаг.

1-3 насны хүүхэд бүх зүйлийг таньж мэдэх хүсэлтэй байдаг, учир нь тархины хөгжил маш хурдацтай явагдаж байдаг. Энэ үед хүүхэдтэйгээ ярилцах, ном унших, бие даасан байдлыг хөгжүүлж дэмжих нь эцэг эхийн томоохон хариуцлага юм.

3-5 нас бол тархины хөгжлийн онцгой үе. Хүүхдийн яагаад гэдэг асуулт сурч мэдэх их хүслийг илэрхийлдэг ба эцэг эхчүүд хүүхдийн тавьсан асуултад нь төвөгшөөлгүй хариулснаар насан туршдаа сурч мэдэх сонирхлыг нь хэвээр нь хадгалж чаддаг. Эцэг эхчүүд мөн өөрсдөө хүүхдэдээ нам дуугаар тайлбарлан таниулах, тэвчээртэй байх зэрэг ур чадваруудад суралцаж байдаг.

5-9 нас нь хүүхдийн амьдралд хамгийн их өөрчлөлт ордог чухал үе. Хүүхэд тоглоомын үйл ажиллагаанаас суралцах үйл ажиллагаа руу шилжиж байгаа учир ямар ч орчинд биеэ авч явах, дүрэм журамд захирагдах, сонирхолтой сонирхолгүй зүйлсээ таних, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх гэх мэт олон чадваруудад суралцдаг үе юм.

10-18 насанд хүүхдийн бэлгийн бойжилт эхэлдэг. Том хүн болоход бэлтгэгдэж байгаа энэ үед хүүхэд эцэг эхээсээ үл хамааран бие даахыг илүү их хүсдэг, найз нөхөдтэйгөө байхыг илүүд үздэг учраас эцэг эхчүүд бие даасан байх гэсэн хүсэл тэмүүллийг хүндэтгэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг хангах нь чухал болдог.

Асуудал шийдвэрлэх

Ддөрөв дэх чухал арга бол нас насны хүүхдэд тохиолдож болох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь эцэг эх туслах явдал юм. Жишээ нь: Хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэснээр та хүүхдэд элэгсэг дотно сэтгэлээр хандаж, болох болохгүй зүйлийн учир холбогдлыг нас насны хөгжилд тулгуурлан ойлгуулснаар өөрийн хүссэн өөртөө итгэлтэй хүүхдийг төлөвшүүлж байгаа хэрэг юм. Харин эсрэгээр тухайн үеийн бэрхшээлтэй нөхцөл байдалд түүртэж хүүхдийн хүсэл сонирхлыг няцаан үгүйсгэх, зодож шийтгэн, өөрийн хүслийг тулгаж хэт хяналтын дор хүмүүжүүлснээр хүүхэд тань таны хүссэн алс холын зорилгоос тань эсрэг дүрийн бие хүн болж төлөвших болно гэдгийг өдөр тутамдаа санаж байгаарай.

Хүүхэд байх насанд нь тохиолдсон үйл явдлууд тухайн хүүхдийг төлөвшүүлж, сургаж, хөгжүүлж, туршлага хандлагыг нь бүрдүүлж байдаг гэдгийг эцэг эхчүүд үргэлж санадаг байх хэрэгтэй.

Ц.Нямцэцэг

Сэтгэл судлалын үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.