
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэргүүтэй ОХУ-ын зочид төлөөлөгчид Хойд Солонгосын нийслэл Пхеньянд зохион байгуулагдах Солонгосын дайн дууссаны 70 жилийн ойн парадад оролцохоор өнгөрсөн мягмар гарагийн орой Пхеньяны нисэх онгоцны буудалд буужээ.
Уг баярын парадад Хятадын талаас Хятадын Коммунист намын бодлого боловсруулах зөвлөлийн гишүүн Ли Хонжон тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцох аж.
Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Пхеньян хилээ хааж, гадаадын орнуудтай хийх худалдаагаа зогсоосон билээ. Түүнчлэн эдийн засаг, улс төрийн гол түнш болох ОХУ болон БНХАУ-тай хүртэл харилцаагаа зогсоож, хүнс болон эм импортлохоо больсон юм.
Хилээ хааж, цөмийн хөтөлбөрөөсөө болж олон улсын хоригт орсонтой холбоотойгоор Хойд Солонгост хүнсний хомстол ноцтой хэмжээнд хүрсэн юм.
Ялалтын парадад ОХУ болон БНХАУ-ын төлөөлөгчдийг урьсан нь Пхеньян коронавирусын цар тахалтай холбоотойгоор тогтоосон арга хэмжээнүүдээ сулруулах дохио байж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна.
Батлан хамгаалахын сайд С. Шойгуг нисэх онгоцны буудалд Хойд Солонгосын армийн хүндэт харуулууд, "ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, нөхөр Сергей Шойгу тавтай морил!" хэмээн солонгос болон орос хэл дээр бичсэн лоозонтой угтжээ.
Орос, БНХАУ хоёр хоёулаа Хойд Солонгосын ойрын түнш орнууд бөгөөд 1950 онд Солонгосын дайны үед Бээжин болон Москва Хойд Солонгос руу өөрсдийн цэргүүдээ илгээж байсан түүхтэй юм. Зөвлөлт Холбоот улс задарсан ч ОХУ Хойд Солонгосын ойрын түнш улс хэвээр үлдсэн.
Хамгийн сүүлд л гэхэд Вашингтон Пхеньяныг Украинд дайтаж буй ОХУ-ын зэвсэгт хүчнийхэнд зэр зэвсгийн тусламж үзүүлсэн хэмээн буруутгасан билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.