Винницд Оросын пуужингийн цохилтын улмаас 28 хүн нас барлаа

Twitter Print
2022 оны 07-р сар 15-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

Винницд Оросын пуужингийн цохилтын улмаас 23 хүн нас баржээ

ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Винниц хотын соёлын төв болон иргэний зориулалттай ашиглагддаг барилга, орон сууцнуудыг пуужингаар бөмбөгдсөний улмаас 23 хүн амиа алдаж, хэдэн 10 хүн шархджээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын  пуужингийн цохилтыг "алан хядах ажиллагаа" хэмээн тодорхойлсон байна. 

Оросын пуужингийн цохилт нь дайн тулааны талбараас хол байрлах Винниц хотод өглөө, гудамж талбайд хөл хөдөлгөөн ихтэй байх үед болсон байна. Хар тэнгис дэх Оросын шумбагч онгоцноос хөөргөсөн пуужин Винниц хотын соёлын төв болон иргэний зориулалттай 50 гаруй байшин барилгуудыг оножээ. 

Ойр хавьд байрлах автомашинууд галд өртөж, Винниц хот өтгөн хар утаагаар бүрхэгджээ. 

ОХУ-ын зэвсэгт хүчнээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч Оросын төрийн өмчит RT сувгийн дарга Маргарита Симоньяны хэлснээр Оросын зэвсэгт хүчний эх сурвалжууд Винницд пуужингийн цохиолтонд өртсөн барилгад украины "нацистууд" байрлаж байсан гэжээ. 

Винниц нь 370 мянган хүн амтай Украины томоохон хотуудын нэг юм. ОХУ Украин руу довтолсноос хойш Украины зүүн хязгаарын олон мянган дүрвэгсэд тус хотод иржээ. 

Украины Цагдаагийн газрын дарга Игорь Клименкогийн мэдээлснээр Оросын пуужингийн цохилтын улмаас нас барсан иргэдийн цогцсын 6-г нь л хэн болохыг нь тогтоож чаджээ. 39 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа ба эмнэлэгт хүргэгдсэн 66 хүний тавынх нь биеийн байдал маш хүнд, 34 нь ноцтой шархаджээ. 

Амиа алдсан иргэдийн дотор 3 хүүхэд байсан ба ээжтэйгээ явж байсан 4 настай охин нас барж, ээж нь хүнд гэмтсэн талаар Ерөнхийлөгч В. Зеленский онцолжээ.

 

Эх сурвалж: reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.