Давхар дээлтэй шинэ сайд

Twitter Print
2014 оны 06-р сар 12-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

Улс төрд өрнөөд байгаа хоёр сайдын асуудал олны анхаарлын төвд байсаар байна. "Давхар дээл"-ээ тайлсан Х.Баттулга гишүүний суудлаа чөлөөлсөн ч түүний оронд хэн томилогдох вэ гэдэг эргэлзээ тайлагдсан. Учир нь Х.Баттулга өөрийн хүн Ц.Тувааныг, харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвлөх Л.Пүрэвсүрэн, Л.Эрхэмбилэг нарын аль нэгийг энэ албанд оруулна гэж байсан ч Н.Алтанхуяг намынхаа хамгийн хүчтэй өрсөлдөгчөө томилохыг хүссэнгүй бололтой. Эсрэгээрээ харин Хууль зүйн байнгын хороон дарга, МоХН-ны Ш.Түвдэндоржийг сонгосон. Гэтэл Ерөнхийлөгч Түвдэндоржийг дэмжихгүй байсан удаатай.

Өнөөдрийн чуулганаар Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилох эсэхийг хэлэлцээд 34 гишүүний саналаар дэмжигджээ. МАН-ын бүлгийн гишүүд санал хураалтанд оролцоогүй ч, нийт 40 гишүүн оролцсон байна.

Учир нь УИХ-ын удирдлагууд цөөнхийн бүлгийн үгийг сонсолгүй удаа дараа хууль зөрчсөн гэж тус бүлэг үзэж байгаа юм. 

Өнгөрсөн мягмар гаригт Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороод хамтарсан хуралдаан хийсэн юм. Хуралдаанаар олонхи Ш.Түвдэндоржийг дэмжсэн ч томилох эсэх асуудлыг өнөөдрийн нэгдсэн чуулганаар шийдвэрлэх юм байна. "Давхар дээл"-ийг эсэргүүцсэн олон гишүүн байсан ч дахиад л "давхар дээлт"-эй сайдтай болох гээд зүтгээд байгаагийн учир юу вэ. Ийнхүү Ш.Түвдэндорж  сайд болж дахиад л "давхар дээл"-тэй сайдтай болж албан тушаалын цол гуншин ч нэмэгдлээ.  

Энэ асуудал эцэслэгдээгүй байхад Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах талаарх асуудал олны анхаарлын төвд байгаа нь гарцаагүй. Хэдхэн сарын дотор огцрох шахсан Н.Батбаяр сайд Засгийн газартаа хэвээр байж чадах болов уу. Эсвэл нүүх үү. Байнгын хорооны хурлаар Н.Батбаярын намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ынхан таван шаардлага тавьсан. Бид хүний асуудлыг хэлэлцэж болно. Гэхдээ хэтэрхий тоо баримт муутай, нэг талыг барьсан байдалтайгаар асуудалд хандаж, болохгүй. Тиймээс бид тэдгээр шаардлагуудыг хараад хэд хэдэн зүйлийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна.

МАН-ынхны тавьсан шаардлагад гадаад хөрөнгө оруулалтын 7.5 дахин бууруулсан гэсэн үзүүлэлт гаргажээ. Харин статистикаар үүнээс яг эсрэг тоо гарч байгаа юм. Тиймээс холбогдох газрууд руу нь бүгдэд нь тодруулга хүссэн байгаа” гэж дурдсан.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Н.Батбаяр сайдын албан тушаалын асуудлыг хурдан шийдэхийг гишүүд хүслээ. 

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.