Toblerone шоколадны хайрцаг дээрээс Маттерхорн уулын зургийг авч хаяна

Twitter Print
2023 оны 03-р сар 07-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн 100 гаруй улсад борлуулагддаг алдарт Тоблерон шоколадыг үйлдвэрлэгч Америкийн Мондэлис компани Тоблерон шоколадыг Словакийн нийслэл Братислава хотод үйлдвэрлэж эхлэх гэж буйтай холбоотойгоор тус шоколад цаашид Швейцарь шоколад гэж нэрлэгдэх эрхгүй болж байгаа аж.

Цаашлаад Пирамид хэлбэртэй, зөгийн бал, самартай Тоблерон шоколадыг үйлдвэрлэгч Мондэлис компани шоколадны гаднах хайрцган дээрээ алдарт Маттерхорн уулын зургийг нийтлэх эрхгүй болсон байна.

Мондэлис компанийн төлөөлөгч СиЭнЭн сувагт өгсөн ярилцлагадаа, "Швейцарь улсын хуулийн дагуу бид үйлдвэрлэлдээ өөрчлөлт оруулж байгаа. Үүнд шоколадны гаднах хайрцаг савалгааны өөрчлөлт багтах ба хайрцган дээрх "Швейцарийнх" гэдэг үгийг "Швейцарьт үүссэн" болгон өөрчилнө. Швейцарь улс нь манай компанийн түүхийн салшгүй хэсэг байсаар ирсэн, цаашид ч энэ хэвээрээ байх болно." гэжээ.

2017 онд Швейцарьт баталсан хуулийн дагуу "Швейцарийнх" гэсэн ангилалд тэнцэхгүй бараа бүтээгдэхүүнүүд дээр Швейцарь улсын бэлгэ тэмдэг, туг далбаа зэргийг нийтлэхийг хоригложээ. Уг хуульд компаниуд "Швейцарьт үйлдвэрлэв" гэсэн бичгийг бараа бүтээгдэхүүнийхээ түүхий эдийн 80 хувийг Швейцарь улсаас авсан тохиолдолд л бүтээгдэхүүн дээрээ нийтлэх эрхтэй бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхий эдээ 100 хувь Швейцариас авсан байж "Швейцарьт үйлдвэрлэв" гэж тодорхойлох эрхтэй аж.

Түүнчлэн тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол үе шатууд нь мөн адил Швейцарь улсын нутаг дэвсгэр дээр явагдах ёстой аж.

Мондэлис компанийн Тоблерон шоколадын шинэ савалгаан дээр шинэ логоноос гадна 1908 онд тус шоколадыг үеэлийнхээ хамт бүтээсэн Теодор Тоблерын гарын үсэг байна гэжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.