Агаарын бохирдол бидний хариуцлагагүй байдлаас үүдэн бий болсон

Twitter Print
2014 оны 06-р сар 11-нд 17:28 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээлэл хийлээ. Энэ удаа Агаарын тухай хуулийн хэрэгжилт болон агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэх, төлбөр авах талаар ямар бодлого баримталж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Агаарыг бохирдуулж буй олон хүчин зүйл байгаагаас гэр хорооллын айл өрхүүд дийлэнх хувийг эзэлж байна. Иймд дээрх айл өрхүүдэд сайжруулсан зуух хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлэх ажлыг 2011 оноос хийж байгаа. Энэ хугацаанд 175.0 мянган зуухыг нийлүүлсэн бол 2014-2015 оны халаалтын улиралд зуух аваагүй өрхүүдэд бүрэн нийлүүлж дуусна гэдгээ хэллээ.

Мөн агаар бохирдуулагч эх үүсвэр бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад идэвхитэй оролцож, өөрийн болон бусдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүрэгтэй.

Харин агаарын бохирдлыг бууруулах тухай холбогдох хууль тогтоомж, шаардлага, мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд Агаарын тухай хуулийн 9.1.1, 26.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2, 10.9.8-д заасны дагуу хариуцлага тооцох үндэслэлтэй болж байгаа юм байна.

Нийслэлийн экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ: Хариуцлагатай байсан бол өнөөдөр агаарын бохирдлын тухай яриад зогсохгүй байсан

-Агаарын бохидлын талаар ярихдаа хэдэн хувь бууруулж байна гэдгийг хүмүүс сонирдог. Энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?

-Сэтгүүлч нар энэ асуултыг их асуудаг. Яг хэдэн хувь буурч байгааг нь хэлэх боломж байдаггүй. Өнөөдөр утааны хэмжилтыг яаж хийж байгаа тухай хэлж өгье. Улаанбаатар хотын 10 суурин газар агаарын бохирдлыг хэмжиж байна. Тухайн жилийн, сарын агаарын бохирдлын хэмжээг дараа жилийн, сарын агаарын бохирдлын хэмжээтэй харьцуулж үздэг. Үүний дагуу агаарыг бохирдуулж буй элемент бүр дээр харьцуулж судалгааг гаргадаг. Энэ ажлыг сар бүр харьцуулж үздэг. Түүнээс 10 хувь, 20 хувь буурлаа гэж хэлэх боломж байдаггүй.

-Журам зөрчсөн байгууллагад ямар хариуцлага тооцох вэ?

-2011-2013 оны хооронд манай Агаарын чанарын алба Япон улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран нам даралтын зуух болон жижиг усан халаалтын зуух ашигладаг аж, ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн. Нийт шалгалтанд хамрагдсан байгууллагын 70 гаруй хувь нь стандартаас давсан утаа гаргаж байна. Иймд энэ оны аравдугаар  сарын 15-наас өмнө торгууль тавих арга хэмжээ авна. Хуулинд зааснаар хөдөлмөрийн хөлсийг 3-9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно. Өөрөөр хэлбэл 1,000,000-1,800,000 төгрөгөөр иргэн, аж ахуйн нэгжийг торгоно. Мөн зөрчлийг арилгах, шаардлагатай тохиолдолд томоохон компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

-Татварын хэмжээний тухайд?

-Ер нь агаарт бохирдол гаргаж байгаа бүх аж, ахуйн нэгж татвар төлнө. Жилийн хэрэглэж байгаа нүүрснийхээ хэмжээтэй уялдаж татвараа төлнө. Одоо Засгийн газрын тогтоолоор батлагдана. Үүний дараа хэдэн төгрөгийн татвар төлөхийг хэлэх боломжтой. Ер нь агаарын бохирдлын тухай хууль тогтоомж байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ бид хариуцлагатай байсан бол өнөөдөр агаарын бохирдлын тухай яриад зогсохгүй байх байсан.

 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.