
Хятадын баруун өмнөд зүгийн Чунчин хотод үргэлжилсэн үргэлжилсэн аадар борооны улмаас 15 хүн амь үрэгдэж, 4 хүн сураггүй алга болжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад илүү их хичээл зүтгэл гаргаж ажиллах хэрэгтэй байгааг анхааруулжээ.
Хятадын төв хэсэгт орсон үргэлжилсэн аадар бороо зам гүүрүүдийг сүйтгэж, тухайн бүс нутагт амьдардаг олон мянган иргэд орон байраа орхиход хүрээд байна. Хүнань мужид олон арван байшин барилга нурж, 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогийн байдлаар үер усны гамшгаас болж тус мужид 600 сая орчим юаны хохирол учирчээ. Хойд зүгийн Ляонин, Жилин, Хэйлунжян зэрэг мужуудад мөн л үер, усны гамшиг нүүрлэх өндөр эрсдэлтэй байгаа тухай анхааруулга гаргасан байна.
Хятадад үер, усны гамшиг тохиох нь элбэг ч дэлхийн дулааралтай холбоотойгоор давтамж нь нэмэгдэх хандлагатай байгааг эрдэмтэд анхааруулсаар байгаа юм. Хятадын цаг уурын албанаас "зөвхөн 7-р сард л гэхэд үер, аянга цахилгаантай аадар бороо, хар салхи, хэт халалт" зэрэг олон тооны байгалийн гамшиг болох төлөвтэй байгааг анхааруулсан байна. Нийслэл Бээжин хотод л гэхэд агаарын хэм 14 хоногийн турш тасралтгүй цельсийн 35 хэмээс өндөр бүртгэгдэж, 2000 оноос хойшхи хамгийн халуун 6-р сар болов.
Шэньси мужид өнгөрсөн амралтын өдрүүдээд сүүлийн 50 жилд байгаагүй их хэмжээний хур тунадас оржээ. Хотжилт хурдацтай явагдаж байгаа дээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нэмэгдсэнээр том хотууд ч үер, усны гамшигт өртөх өндөр эрсдэлд орж байгаа аж.
2021 онд Хэнань мужийн төв Жэньжоу хотод болсон үерийн улмаас хотын гудамж талбай, метроны буудлууд усанд автаж, багадаа 12 хүн амиа алдсан билээ. 1998 онд Шар мөрөн үерлэснээс болж 4000 гаруй хүн амь үрэгдэж байв.
БНХАУ нь дэлхийн дулаарлын гол шалтгаан болох хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг улс бөгөөд тус улсын эрх баригчид 2060 он гэхэд агаарт ялгаруулах нүүрстөрөгчийн хэмжээг тэнцвэртэй хэмжээнд барина гэсэн зорилт тавьсан билээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.101) 2013-11-11 15:12hoorhon ohin bna suuliin ued jaahan ohiduud iimerhuul bolood bgaa shu
Хариулах