Сайн гэх амны хаалтны араас хөөцөлдөх хэрэггүй, харин амны хаалтыг зөв, тогтмол зүүж сурах дадлыг хэвшил болгоё

Twitter Print
2020 оны 01-р сар 29-нд 20:07 цагт
Мэдээний зураг,

Урд хөршид маань шинэ короновирусын халдвар дэгдэж халдвар хамгааллын асуудал улс орон төдийгүй жирийн иргэд олон нийтийн анхаарлын төвд байх шиг байна.

Халдварын тархалтад иргэдийн ухамсар, хувийн хариуцлага, эрүүл мэндийн талаарх мэдлэг хандлага чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Нөгөө талаар энгийн иргэдэд бас зөв бодитой мэдлэг мэдээлэл олгох асуудал чухал болов уу. Сүүлийн 2-3 өдөр нийгмийн сүлжээг ажиглаж байхад эмийн сангуудаар амны хаалт тасарсан, зарим нэг овжин хүмүүс нь түүнийг ашиглаж дуран дээр нь хясаж байгаа мэдээллүүд өрнөх боллоо. Амны хаалт буюу бидний хэлж заншсанаар максны тухай хийгдсэн нэг судалгааны товч мэдээлэл орууллаа.

 N95 МАСК vs. ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ МАСК

Амбулаторт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд томуугийн вирус болон бусад амьсгалын замын вирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд N95 маск болон ердийн эмнэлгийн зориулалттай маск хоёрын хооронд хамгаалах нөлөө байгаа эсэхийг харьцуулан судалж үзэхэд ялгаагүй болох нь тогтоогджээ. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн судлаачид АНУ-ын 7 эрүүл мэндийн төвийн 137 амбулаторийн хэсэгт жижиг кластер бүлэгт санамсаргүй хяналттай туршилт судалгаагаар маскны үр нөлөөг харьцуулан судалсан байна.

Судалгааны баг 2011 оны 9-р сараас 2015 оны 5-р сар хүртэл АНУ-ын долоон эрүүл мэндийн төвийн 137 амбулаторийн хэсэгт эмнэлгийн мэргэжилтнүүд N95 маск эсвэл эмнэлгийн буюу мэс заслын маск зүүж хэрэглэсэн үед томуу болон вирусын шинжтэй амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үр нөлөө байгаа эсэхийг харьцуулан судалсан байна.

Дөрвөн жилийн туршид жил бүр H1N1 дэгдэлт зэрэг амьсгалын замын вируст халдварт өвчний дэгдэлтийн оргил үед 12 долоо хоногийн хугацаанд эрүүл мэндийн төвүүдийн амбулаторт судалгаанд хамрагдагсдыг “N95 маск бүлэг” болон “Эмнэлгийн маск бүлэг”-т санамсаргүй байдлаар хуваарилж, амьсгалын замын халдвартай өвчтөнтэй харилцах үед хуваарилагдсан маскыг зүүлгэсэн. Харьцуулж харах гол үр дүн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан томуугийн өвчлөл, хоёрдогч үр дүн нь амьсгалын замын цочмог өвчин болон лабораторийн шинжилгээгээр батлагдсан амьсгалын замын халдварт өвчин, томуу төст өвчний өвчлөл гарах эсэх. Мөн маск зүүх дэглэмийг хир зэрэг баримтлах нь уу гэдгийг харсан байна.

ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛ N95 МАСК БҮЛЭГТ 8.2%, ЭМНЭЛГИЙН МАСК БҮЛЭГТ 7.2%

Лабораторийн шинжилгээгээр батлагдсан томуугийн өвчлөл N95 маск бүлэгт 207 тохиолдол (8.2%), эмнэлгийн маскын бүлэгт 193 тохиолдол (7.2%) гарсан ба хоёр бүлгийн хооронд ач холбогдолтой ялгаа байсангүй (бүлгийн хоорондын ялгаа: 1.0 пойнт, p = 0.18). Хоёрдогч үр дүн болох амьсгалын замын цочмог өвчин болон амьсгалын замын вирусийн халдварт өвчний тохиолдлын хооронд ч ялгаа байсангүй. Маск зүүх дэглэм баримтлах талаар "үргэлж" эсвэл "заримдаа" зүүж байсан гэж хариулсан хүмүүсийн хувь нь N95 маск бүлэгт 89,4%, эмнэлгийн маскын бүлэгт 90,2% байсан аж. Миний бодол: Мэдээж хэрэг амны хаалтны урьдчилан сэргийлэх үр нөлөө нь амьсгалын замын вирусын дэгдэлтийн байдал, өвчтөнөөс тархаж буй вирусын хэмжээ, маск хэрэглэж буй дадал болон найдвартай байдал, халдвараас сэргийлэх бусад арга хэмжээтэй хавсруулан хэрэглэсэн гэх мэт олон хүчин зүйлээс хамаарах байх.

Мөн агаар дусал болон хавьтлын халдварын бодит хэм хэмжээнээс ч хамаарна. Эдгээр шалтгааны улмаас зөвхөн маскны төрлөөр дүн шинжилгээ хийх нь явцуу ойлголт байж ч магад. Гэхдээ л иргэд олон нийтэд хандаж хэлэхэд заавал өндөр үнэтэй ч юм уу эсвэл энэ хамгийн сайн энэ тэр гэж сурталчилсан амны хаалтны араас хөөцөлдөх хэрэггүй болов уу. Харин амны хаалтыг зөв, тогтмол зүүж сурах дадал хэвшил болон хэзээ, ямар үед, яаж хэрэглэх вэ гэдэг мэдлэг хандлага чухал байх болов уу.

Эх сурвалж: N95 Respirators vs Medical Masks for Preventing Influenza Among Health Care Personnel: A Randomized Clinical Trial. JAMA. 2019 09 03;322(9);824-833. doi: 10.1001/jama.2019.11645.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.