​Төмрийн илүүдэл болон дутагдал аль аль нь биед сөргөөр нөлөөлдөг

Twitter Print
2022 оны 12-р сар 01-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

ТӨМӨР

Төмөр хүний бие организмд хэрэгтэй эрдэс бодисын нэг юм. Төмөр нь цусны улаан эсийн хемоглобинтой холбогддог. Төмөр дутахаар цусны улаан эс цөөрнө энэ үед ядрах, сульдах, дархлаа сулрах г.м шинж тэмдэг биед илэрдэг. Жирэмсэн, хөхүүл, сарын тэмдэг ирж буй эмэгтэй болон бага насны хүүхэд төмөр дутах эрсдэл бүлэгт хамаардаг. Харин хоол хүнс хомстолтой хүн амын дунд төмөр дутагдал элбэг тохиолддог. Онцлог нь төмрийг хадгалдаг эрхтэн төмрийн илүүдэлд ихээхэн өртөж гэмтдэг. Жишээлбэл хемахроматоз гэх удмын эмгэгийн үед төмөр элэг, зүрх гэх мэт амин чухал эрхтэнд хуримтлагдаж тэдгээрийг гэмтээдэг байна. Өндөр настай хүн төмрийг нэмэлтээр уух аль эсвэл төмрийн агууламж ихтэй хоол хүнсийг хэрэглэхэд дурдсан эрхтэнд эмгэг үүсэх эрсдэлтэй.

ТӨМРИЙН ИЛҮҮДЭЛ

Төмөр исэлдэх урвалыг түргэсгэж мөн чөлөөт радикалыг үүсгэдэг. Чөлөөт радикал нь эд эсийг гэмтээх бөгөөд хавдар, зүрх-судасны эмгэг зэргийг бий болоход нөлөөлнө. Төмөр биед шингэх нь хялбар ч гадагшлахдаа муу тиймдээ ч биед ихээр нөөцлөгддөг. Настай хүнд хүнсээр орж ирсэн төмөр биед гол төлөв хуримтлагддаг гэж өмнөхөн дурдсан. Нэгэн судалгаанд жимс, жимсний шүүс, мах ихээр иддэг хэр нь төмрийн бэлдмэлийг нэмэлтээр ууж байсан настай хүмүүст (68-93 нас) төмрийн чулуу үүсэх хандлагатай байж. Төмрийн Илүүдэл ба Зүрх Судасны Эмгэг Төмрөөр үүссэн чөлөөт радикал эсийг гэмтээдэг гэж өмнөхөн дурдсан билээ. Ингээд төмөр нь зүрхний титэм судасны хучуур эсийг гэмтээж тэрхүү гэмтэл дээр холестерины толбо эсвэл ялтас эсийн бөөгнөрөл үүснэ гэх гипотез байдаг. Төмрийн илүүдэл болон титэм судасны эмгэг хоёрын холбосон олон судалгаа байдаг ч үр дүн нь харилцан адилгүй байна. Төмрийн Илүүдэл ба Хавдар Судлаачид төмрийн өндөр агууламж болон хавдраар өвдөх эрсдэл хоёрыг холбох гэж мөн оролдсон. Олон судалгаа хийсэн боловч төмөр нь хавдрыг үүсгэдэг нь бүрэн батлагдаагүй байна.

ТӨМӨР ДУТАГДАЛ

Төмрийн дутагдал нь дархлааг сулруулдаг бол төмрийн илүүдэл нь өвчин үүсгэж буй нянгийн ургалтыг дэмждэг байна. Хүн болон микроб хоёр өсөлтөндөө төмөр шаарддаг билээ. Жишээлбэл, маляритэй хүний биед төмрийн хэмжээ өндөр болоход өвчин нь сэдэрдэг байна. Гэсэн хэдий ч биед түүний хэмжээ буурвал бидний дархлаа суларч халдвартай тэмцэх чадвар сулардаг. Төмрийн Дутагдал ба Тархины Хөгжил Төмөр тархины эд эсэд ихээр байдаг ч хүүхэд болон насанд хүрсэн хүнд харилцан адилгүй хэмжээтэй. Төмөр тархи, нугасанд мэдрэлийн эсийн ширхгийн хэвийн миелинжуулалтанд оролцдог. Бага насны хүүхэд төмрийн дутагдалд орох бол түүний мэдрэлийн үйл ажиллагаа саардаг. Харин төмөр нь нейротрансмиттерт нөлөөлөх үү аль эсвэл үгүй юу талаар судалгааны үр дүн харилцан адилгүй, тухайлбал, төмөр допамин, серотонины бодисын солилцоонд оролцдог талаар судалгаа байдаг жишээтэй. Тархины хөгжлийн тодорхой нэг цаг мөчид төмөр чухал нөлөө үзүүлдэг, энэ эгзэгтэй үед төмөр дутвал тархины үйл ажиллагаа эргэж буцалтгүй өөрчлөлтөд орж төмрийг нөхсөн ч тэрхүү өөрчлөлт нь сэргэдэггүй байна. Жишээлбэл, 8-15 сартай хөхүүл хүүхдийн тархи нь төмрийн дутагдалд илүү эмзэг байдаг, тухайлбал, хөдөлгөөнөө хянах нь муудна мөн зан үйл нь хэвийн бус болно. Төмрийг нөхөх ч эдгээр өөрчлөлт эргэж засардаггүй. Харин том хүүхдэд төмөр дутахад мэдрэлийн талаас иймэрхүү өөрчлөлт ажиглагдах ч төмрийг нөхөх үед тэдгээр нь арилдаг байна. Тамирчид ба Төмөр Дутагдах Эрэгтэй, эмэгтэй тамирчид дасгал хийхдээ төмрийг нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй. Тамирчид өтгөн болон шээсээр төмрөө их алддаг харин гүйлтийн хүний хөлд цусны улаан эс их задардаг шүү. Эмэгтэй тамирчдад төмөр дутагдлаас үүдэлтэй цус багадалт хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолддог. Төмөр Дутагдал ба Тайван-бус Хөлний Хам Шинж (ТБХХШ) ТБХХШ хяналтгүй хөлөө байнга хөдөлгөх хүсэл төрдөг ба тэр нь нойрыг хулжаадаг. Судалгаагаар ТБХХШ хүнд төмөр дутагдал илүү ажиглагддаг ба шинжилгээгээр төмөр дутагдал илэрсэн бол нэмж түүнийг ууна. Зүрхний Дутагдал Саяхан хийсэн судалгаанд архаг зүрхний дутагдалтай хүнд судсаар нь төмөр хийвэл хэдий цус багадалтгүй ч олон шинж тэмдэг хөнгөрч, зүрхний үйл ажиллагаа сайжирч, амьдралын чанар дээшилдгийг ажиглажээ.

ДУТАГДАЛ

Олон шалтгаан төмрийн дутагдлыг үүсгэнэ. Төмөр биед хуримтлагддаг тул зөвхөн түүний нөөц барагдах үед л цус багадалт илэрдэг байна. Төмөр дутагдал ихэнхдээ төмөр алдсанаас үүдэлтэй, жишээлбэл, сарын мөчлөг, хоол шингээх замаас цус алдах, эсвэл гэмтлийн үед илэрдэг. Үүнээс гадна хоол хүнсээр хангалтгүй хэмжээгээр төмрийг авахад төмөр дутагдал нь аажмаар бий болох ба төмрийн нөөц нь барагдах үед цус багадалт үүснэ. Төмөр дутагдахад булчингийн миоглобины (хемоглобинтэй төстэй боловч зөвхөн булчинд агуулагддаг) хэмжээ ч гэсэн буурдаг иймээс булчингийн дасгал хийх чадамж муудаж сулардаг. Төмрийн дутагдал нь дулаан зохицуулах, оюуны үйл ажиллагаа, дархлаа зэрэг биеийн олон үйл ажиллагааг хөнддөг. Инсулины мэдрэг байдал, эмийн метаболизм, кадми болон хар тугалгын шимэгдэлтийг өөрчилдөг. Төмөр дутагдал нь жирэмсний явцад сөргөөр нөлөөлнө, тухайлбал, дунд, хүнд цус багадалт нь эхийн үхэх эрсдэлийг өндөрсгөдөг ба дутуу, жин багатай хүүхэд төрөх магадлал ихсэнэ. Дутуу, бага жинтэй төрсөн нярайд төмөр бага хэмжээтэй байх магадлал өндөр. Бөөрний дутагдалтай диализд тогтмол ордог өвчтөнд төмөр дутагдлын анеми түгээмэл илрэхээс гадна цус төлжөлтийг зохицуулдаг эритропоэтин гэх бодис буурсан байдаг. А аминдэмийн хомсдол нь биеийн төмөр хэрэглэх чадварыг сулруулдаг боловч төмөр дутагдлыг үүсгэдэггүй. Хем-бус төмрийн шимэгдэлт муу байдагтай холбоотой цагаан хоолтонд мөн төмөр дутагдал илэрдэг. Ходоодоо тайруулсан хүнд төмрийн шимэгдэлд муу байдаг тул судсаар тэрийг нь нөхнө.

ХҮНС

Төмөр ургамал болон амьтны гаралтай хүнсэнд агуулагддаг. Амьтан болон зарим ургамлын гаралтай төмөр хем хэлбэртэй оршдог, харин ихэнх ургамлын гаралтай төмөр хем-бус хэлбэртэй. Хем хэлбэрт оршдог төмөр хоол шингээх замаар сайн шимэгддэг, харин энэ хэлбэрийн төмөр мах, загс, элэг, харин ургамлын гаралтай бол шош, тофу, спинач, бурамд (molasses) их хэмжээтэй байдаг. Хүнсээр орсон төмрийн 10-15% л шимэгддэг (хем хэлбэртэй бол 15-35%, хем-бус төмөр 2-20% шимэгддэг) байна. Хем-бус хэлбэрийн төмрийн шимэгдэлтийг С аминдэм болон махны уураг сайжруулдаг. Үүнээс гадна цайнд буй таннин, кальци, фитинат (боб, үр тариа агуулагддаг), буурцгийн шошны зарим уураг төмрийн шимэгдэлтийг дэмждэг.

ҮЙЛДЛИЙН МЕХАНИЗМ

Төмөр нь Fe3+ (ferric) эсвэл Fe2+ (ferrous) гэх хоёр исэлдэх хэлбэрт оршдог. Төмөр исэлдэн-ангижруулах, хүчилтөрөгчийг зөөх, хадгалах, электрон зөөвөрлөх гэх мэт олон төрлийн урвалд оролцдог. Хүний биед төмрийн нэг хэсэг нь эсгэгийн бүтцэд ордог бол бусад нь эсгэг-бус уураг болох хемоглобин эсвэл миоглобины найрлагад орох жишээтэй. Төмрийн үндсэн үүрэг хүчилтөрөгчийг зөөх юм. Цусны улаан эсийн хемоглобины цөм хэсэгт орших төмөр нь хүчилтөрөгчтэй холбогдож биеийг хүчилтөрөгчөөр хангадаг ба CO2-ийг гадагшлуулдаг. Миоглобин нь хемоглобинтэй төстэй ч зөвхөн булчинд агуулагддаг, иймд булчингийн гэмтлийн үед цусанд тэр нь тодорхойлогддог. Миоглобин нь эсийн митохондри руу хүчилтөрөгчийг зөөдөг аж. Төмөр хемосидерин, ферритин хэлбэрээр биед хуримтлагддаг билээ.

ШИМЭГДЭЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ

Төмрийн илүүдэл болон дутагдал аль аль нь биед сөргөөр нөлөөлдөг тул хүний бие түүний хэмжээг нарийн зохицуулдаг юм. Хүнсээр орсон төмрийн ихэнх хэсэг өтгөнөөр гадагшилдаг. Гэхдээ цусанд төмөр бага хэмжээтэй байвал хоол шингээх замаар түүний шимэгдэлт ихэснэ. Саяхан нээсэн ХЕПЦИДИН гэх пептид нь төмрийн зөөвөрлөлтийг зохицуулдаг байна. Яаж? Гэдэсний хучуур эс, макрофаг, элэгний эсийн мембранд ферропротеин гэх уураг байдаг ба тэр нь эсийн дотор байгаа төмрийг өөртөө холбож эсээс гадагшлуулдаг. Хепцидин нь энэ ферропротеиныг задалдаг, тэгэхлээр гэдэсний эс доторх төмөр цус руу орохгүй гэсэн үг тийм үү? Иймээс хоол шингээх замд буй төмрийн шимэгдэх хепцидины нөлөөгөөр буурдаг байна. Хепцидины үйл ажиллагааг судалснаар төмөр дутагдлыг оновчтой оношлох болон эмчлэх боломж бүрджээ. Жишээлбэл хепцидины төвшинг өндөр байвал төмөр шимэгдэлт буурах тул төмрийг уухгүй харин судсаар хийх нь илүү тохиромжтой байдаг байна. Биеийн төмрийн 80% нь цусны улаан эсэд оршдог, цусны улаан эс 120 орчим хоногийн настай. Харин төмөр биед хемосидерин хэлбэртэй элэг, дэлүүнд хадгалагддаг. Элгэнд төмөр ихсэх үед хемосидерин мэдэгдэхүйц өндөрсдөг билээ.

ХЭРЭГЛЭЭ

• Төмөр дутагдах үед төмрийг хэрэглэнэ.

• Төмөр дутагдахаас сэргийлэх үүднээс, жишээлбэл, тамирчин, жирэмсэн эх төмрийг нэмэлтээр ууна. Жирэмсэн эх төмрийг 30 мг/өдөр нэмэлтээр хэрэглэх нь нэн чухал.

ТУН

Нас Шаардагдах хэмжээ

Нярай төмрийн нөөцтэй төрдөг 6 сар хэрэглэнэ

7-12 сар 11 мг/өдөр

4-8 нас 10 мг/өдөр

9-13 нас 8 мг/өдөр

14-19 сарын тэмдэг эхэлсэн охидууд 15 мг/өдөр

>14 настай эрэгтэйчүүд 11 мг/өдөр

19-50 настай эмэгтэйчүүд 18 мг/өдөр

Жирэмсэн 27 мг/өдөр

Хөхүүл эх 9 мг/өдөр

50 дээш насны эмэгтэй, эрэгтэй 8 мг/өдөр

Хүүхэд эхийн сүүгээр төмрийг шимэгдүүлэхдээ хялбар, харин үнээний сүгээр бол муу шүү.

Төмөр дутагдлыг олон сорилоор шалгах ч тэдгээрээс цусанд ферритины хэмжээг тодорхойлох нь биеийн төмрийн нөөцийг тогтоох хамгийн мэдрэг аргад тооцогддог. Цус багадалт илэрсэн бол төмрийг нэмэлтээр өгөхөөс өмнө түүнийг дутагдлыг батлах шаардлагатай, тэгэхгүй бол уусан төмөр биед хэт хуримтлагдаж эмгэг үүсгэнэ. Сайн шимэгддэг төмрийн хэлбэр бол F2+ бөгөөд төмрийн (II) сульфат (FeO4S) нь төмрийг ‎төмрийн лактат эсвэл төмрийн глюконаттай харьцуулбал хамгийн ихээр агуулдаг байна. Тухайлбал, 300 мг төмрийн (II) сульфаттай шахмал дотор төмөр 50-60 мг (20%) байхад төмрийн глюконатад дөнгөн 12%-тай байх жишээтэй.

Төмрийг нэгэн зэрэг их хэмжээтэйгээр уувал шимэгдэлт муу байдаг тул өдөрт 2 хувааж уугаарай. Төмрийн дутагдалтай бол 300 мг төмрийн (II) сульфатыг өдөрт 2 удаа 3 сарын турш уудаг. С аминдэмтэй хамт уувал төмрийн шимэгдэлт өндөрсөнө. Хүнд хэлбэрийн цус багадалтын үед төмрийг судсаар хийдэг.

Төмрийн аюулгүй хамгийн дээд тун

13 наснаас дээш хүүхэд 40 мг/өдөр

14-18 болон том хүн, үүнд мөн жирэмсэн, хөхүүл эмэгтэйд 45мг/өдөр

ГАЖ НӨЛӨӨ

Төмрийн нэмэлт ихэнхдээ дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах эсвэл суулгах, гэдэс эвгүйтэх, өтгөн харлах зэрэг шинжээр илэрдэг. Дурдсан шинжүүд илрэх бол тунг хуваахаас гадна хоолтой хамт уудаг. Төмөр их хэмжээтэй уух нь цинкийн шимэгдэлтийг багасгана. Хэт их хэмжээтэй төмөр биед аюултай. Хэт их хэмжээний төрмөр гэдэсний хучуур эсийг гэмтээдэг. Төмрийн үхлийн тун 180 мг/кг буюу дунджаар 12.800 мг байдаг байна. Бага насны хүүхдийн дунд төмрийн хордлого түгээмэл ажиглагддаг ба төмрийн бэлдмэлийг 100 ширхэг идэхэд л үхэх аюултай. Удаан хугацаагаар төмрийн бэлдмэлийг 700-1,400 мг/өдөр хэмжээгээр хэрэглэх бол төмрийн илүүдэл үүснэ. Хемохроматоз аутосом-рецессивээр (эцэг, эх хоёул эмгэг ген (C282Y) агуулах бол тухайн эмгэгээр өвдөнө) дамждаг харьцангуй элбэг тохиолддог удмын эмгэг юм. Хемохроматозын үед хепцидин дутагддаг учир гэдэсний хучуур эдээр төмөр зохицуулалтгүйгээр хэт ихээр шимэгддэг. Төмөр нь элэг, зүрх гэх мэт амин чухал эрхтэнд хуримтлагддаг. Элгэнд төмөр хэт хуримтлагдсанаас элэг хатуурч, хавдраар хүндэрч болно.

БАРИМТ VS ДОМОГ

Төмөр амин чухал эрдэс бодисын нэг боловч түүний илүүдэл болон дутагдал аль аль нь аминд аюултай аж. Төмрийн стандарт хэмжээний дагуу нэмэлтээр эмэгтэйчүүд л хэрэглэж болох бөгөөд бусад нь төмөр хэрэглэхээс өмнө заавал сийвэнд түүний хэмжээг үзүүлэх шаардлагатайг анхаарна уу.

АУ-ны доктор Д.Булган

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.