2022 оны Бээжингийн Өвлийн Олимпийг эсэргүүцэхийг уриалжээ

Twitter Print
2021 оны 06-р сар 05-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Хятадад дахь хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг хязгаарлаж, Бээжинд дарамт шахалт үзүүлэхийн тулд улс орнуудыг 2022 онд Бээжинд болох Өвлийн Олимпийн наадмыг эсэргүүцэхийг уриалжээ.

Түүний хэлж байгаагаар Хятадын эсрэг улс орнууд нэгдэж чадвал Хятадын эрх баригчид сая нэг хандлагаа өөрчлөх ба Жастин Трюдо уг асуудлыг ирэх долоо хоногт болох "Их-7"-ийн уулзалтын үеэр хөндөх гэнэ. Торонто Стар сонинд өгсөн ярилцлагадаа Ж.Трюдо, "Ирэх жилийн Өвлийн Олимпийн наадам Хятадад зохион байгуулагдахтай холбоотойгоор Бээжинд улс орнуудаас үзүүлж буй дарамт шахалт хүчтэй байгаа. Хятадын хувьд ганц орны буюу ганц Вашингтоны шүүмжлэлийг үл тоох амархан. Харин улс орнууд нэгдэж, нэг үзэл бодол илэрхийлсэн тохиолдолд Бээжин хандлагаа өөрчлөх нь гарцаагүй." хэмээн онцолжээ.

Канад-Хятад хоёр улсын харилцаа дипломат ба худалдааны салбарын түвшинд таагүй байгаа ба талууд сүүлийн 2 гаруй жилийн турш зөрчилдөж байгаа билээ.

Жастин Трюдогийн хувьд тамирчдын Өвлийн Олимпийн наадамд оролцох эсэх асуудлыг хөндөөгүй ч Канадын Олимпийн хороо Бээжингийн Өвлийн Олимпийн наадмыг эсэргүүцэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ба Хятадын хүний эрхийн асуудал дээр дарамт шахалт үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Канад улсын хувьд дэлхийд өвлийн спортын төрлүүдээр тэргүүлэгч улс юм.

Өнгөрсөн сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси АНУ-ын Төрийн департамент Хятадын эрх баригчид уйгурчууд зэрэг үндэстний цөөнхүүдийг олноор нь хомроглон устгаж байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн болохыг онцолж, үүнтэй холбоотойгоор ирэх онд Бээжинд болох Өвлийн Олимпийн наадмыг эсэргүүцэхийг уриалсан юм.

Тэгвэл өнгөрсөн 2-р сард Канадын парламент Хятадын эрх баригчдын Шиньжаан мужийн уйгурчуудын эсрэг явуулж буй бодлого нь геноцид буюу үндэстний цөөнхийг бүхлээр нь буюу хэсэгчлэн устгах явдалтай дүйцнэ гэж тодорхойлсон билээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/china/chinas-2022-olympics

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.