Орчин үеийн Монгол Улсын үндэслэгч бол Сүхбаатар бус Богд хаан

Twitter Print
2020 оны 01-р сар 02-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 09 тоот зарлиг буулгасан билээ.

2019 оны аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор “БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, ШУА, Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулж, тус хуралд 100 гаруй эрдэмтэд, судлаачид оролцжээ. Энэ дугаартаа ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) О.Батсайханы тавьсан илтгэлээс толилуулж байна.

1990 оны үндэсний ардчилсан хувьсгалын нэгэн ололт нь монголчуудын үндэсний түүх, соёлоо сэргээн, өвлөн авч хөгжүүлэх эхлэлийг тавьсанд оршино. Өөрийн үндэсний эх түүхээ дурсан ярих эрхгүй, дэлхийн түүхэнд мөрөө тодоор үлдээсэн үндэсний баатруудаа дурсах, түүх соёлоороо бахархах эрхгүй явсан ард түмэн чухам ардчиллын буянаар ийм эрх, эрх чөлөөгөө олж авсан билээ. Тухайлбал, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд, монголчууд Манж Чин гүрний эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Монгол Улсаа дэлхий дахинд тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг мушгин гуйвуулж, Богд хааны түүх намтрыг дайрч гутааж, тойрч зугтааж байв.

Богд хаан гэж хэн байв?

1869 оны шороон могой жил Төвөдөд төрөөд Богд Жавзандамба хутагтын хойт дүрээр тодорч, таван настайдаа Монголд бурхны шашны тэргүүний ширээнд өргөмжлөгдсөнөөс хойш түүний амьдрал тэр чигтээ монголчуудын сайн сайхны төлөө зориулагдсан юм.

Богдод багаас нь төвөд, монгол хэл бичиг зааж, улмаар шашны болон дорно дахины ёс заншилыг түүнд сургасан байна. Богд гэгээн монгол, төвөд хэлийг өв тэгш сурав. Богдын номын сан бол дорно дахинд томоохонд орох номын цуглуулгатай байсан бөгөөд Богд төвөд, монгол зэрэг олон ном амтархан уншиж байсан гэдэг. Тэрээр Монголд шарын шашиныг тэргүүлж байсан Богдуудаас ганцаараа гавжын дамжаа барьсан байна.

43 настай Монголын үндэсний хувьсгалыг ялалтад хүргэж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулж, Монгол Улсын эзэн хаан 1911 онд суусан түүхтэй. Монгол Улсын эзэн хаанаар гурвантаа өргөмжлөгдсөн сүүлчийн хаан билээ.1911-1924 онд хамгийн ээдрээтэй хэцүү үед Монголын төрийг тэргүүлж, монголчуудад тусгаар тогтнол, бие даасан байдал, эрх чөлөө авчирсан үндэсний хувьсгалыг удирдан зохион байгуулсан гавьяатай.

Бурхны шашин ХХ зууны эхээр монголчуудыг нэгтгэж, түүний тэргүүн Богд гэгээн тэр үндэсний тэмцлийг удирдаж, ялалтад хүргэсэн нь түүхэн үнэн юм. Нөгөө талаас монголчууд, тухайлбал Эзэн Чингисийн алтан ургийн Халхын дөрвөн хан, ноёд, лам хувраг, үндэсний сэхээтнүүд тэр цагт Богд гэгээнтнээ тойрон хүрээлж, тусгаар тогтнолоо аварч болох юм байна гэдгийг гүнзгий ухамсарласны үр дүнд үндэсний эрх чөлөөгөө олж авч, туурга тусгаар улсаа сэргээн мандуулан, төрийнхөө гал голомтыг сэргээж чадсан билээ. Энэ бол Манж Чингийн эрхшээлээс хоёр зуу гаруй жилийн дараа монголчууд гарч, нар үзсэн хэрэг юм. Богд хааны түүх гэдэг бол ХIХ зууны сүүлчээс ХХ зууны 30-аад он хүртэлх үеийн монголчуудын түүх юм. 1924 оны тавдугаар сарын 20-нд Богд эзэн хаан таалал болсны дараа 1924 оны зургадугаар сарын 3-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдээс Монголд бүгд найрамдах засаглал тогтоох тухай шийдвэр гаргаж, Богд хааны тамгыг Засгийн газарт шилжүүлэн залж хадгалахаар болжээ.Уг шийдвэрийн дагуу битүүмжилсэн саванд Богд хааны хаш тамга, мөнгөн эрдэнэ тамга, алтан тамга, алтан өргөмжлөл тэргүүтэй үнэт зүйлс орсон байна. Социализмын жилүүдэд эл савыг нээсэнгүй Засгийн газарт хав дарсаар 1990 онтой золгожээ.

1995 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн 47 тоот захирамж гарч, “Засгийн газрын нэр дээр Монголбанкинд хадгалагдаж байсан үнэт металл, эрдэнийн чулуугаар хийсэн 20 нэр төрлийн үнэт, дурсгалт зүйлсийг Монголбанк, Сангийн яамны мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хэсгийн шалгаж тогтоосон үнээр Эрдэнэсийн үндсэн санд байнга хадгалуулахаар худалдах нь зүйтэй хэмээн үзсүгэй” гэжээ. Ерөнхий сайдын захирамжид “Эрдэнэсийн үндсэн санд байнга хадгалуулахаар худалдах үнэт, дурсгалт зүйлсийг Эрдэнэсийн сангийн тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохих хяналт, хамгаалалттайгаар хүлээлгэн өгөхийг” даалгасанаас гадна “Үнэт, дурсгалт зүйлсийг Эрдэнэсийн санд худалдсаны орлогыг төсөвт авч түүний зохих хэсгийг Улсын Их Хурлаас тавьсан хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүдийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн төр, засгийн төв байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах тоног төхөөрөмж худалдан авах, төрийн ордон, Ерөнхийлөгчийн өргөө болон бусад байр, тусгай объектыг засварлах, тохижуулах арга хэмжээнд зарцуулах зориулалтаар олгохыг” Сангийн яамны сайд Э.Бямбажавт зөвшөөрсөн байна. Ийнхүү битүүмжлэн хадгалсан Богд хааны тамга тэргүүтэй үнэт зүйлсийн мөнгөөр Өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь үнэхээр сонирхолтой юм.

Дээр дурдсан шийдвэрийг үндэслэн БНМАУ-ын болон МАХН-ын түүхэнд “Бүгд найрамдах байгуулал тогтоох аятай шалтаг нь Богд гэгээн нас барсан явдал байв” хэмээн бичсэн байна.Монголчууд шашны тэргүүнээ, төрийн тэргүүнээ таалал болсон үйл явдлыг “аятай шалтаг” хэмээн үзэж байсан юм гэж үү. Богд таалал болсон мөчөөс эхлэн түүний нэр төрийг гутаах ажил шууд нарийн зохион байгуулалттайгаар эхэлсэн гэхэд болно. Үнэндээ 1921 оны долдугаар сараас хойших Ардын засгийн газрын нэрээр улаантны зөвлөхүүдийн хийж байсан бүхий л ажиллагаа шууд бусаар үүнд чиглэж ирсэн билээ. Саж ламын хэрэг, Бодоогийн хэрэг, Их Жанжин Сүхбаатарыг хордуулсан тухай, Эх дагины сэжиг бүхий таалал болсон явдлууд ар араасаа нэг л зүгт чиглэж байсан юм. Тэр бол ард олондоо бурханчлан Амьд бурхан хэмээн тахин шүтэгдсэн, нэр алдар нь монгол овогтоны дунд хүлээн зөвшөөрөгдсөн Наймдугаар Богд Жавзандамба хутагт байсан юм.

Иймээс 1919 онд Богд хааны ордонг Хятадын гамин цэргүүд бүсэлж байсан шиг 1921 оны арваннэгдүгээр сард ч Богд хааны ордонг улаан орос цэргүүд бүсэлж айлган сүрдүүлэн байсан тэр үед Тангаргийн гэрээ гэдгийг Ардын Засгийн газар дангаар баталж, Москвад Монгол Зөвлөлтийн гэрээнд гарын үсэг зурж байв.

1923 оны хоёрдугаар сард Жанжин Сүхбаатар таалал болж, тэр дор нь түүнийг Богд хаан хорлосон хэмээсэн цуу тарааж орхив. Энэ цуу зуу гаруй жил лав явжээ. Олон ч хүмүүс үнэмшиж, түүх орвонгоороо эргэсэн байх. Улмаар 1923 оны зургадугаар сарын 27-нд Богдын хатан Дондогдулам таалал болов. Маргааш нь Ринчинод хэл хүргэжээ. Энэ бол Америкийн консул С.Сокобины онож тэмдэглсэнчлэн Богд хаанд өгсөн сүүлчийн сануулга байлаа. Ердөө жил хүрэхгүйн дараа 1924 оны тавдугаар сарын 20-нд Монголын сүүлчийн эзэн хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагт таалал болсон билээ. Түүнээс ердөө хэдхэн хоногийн дараа МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах засаглал тогтоосоноо зарласан бөгөөд яг тэр заалт тэр чигээрээ үг үсгийн ч зөрөөгүйгээр 1924 оны Үндсэн хуулинд суусан юм.

Түүх бичлэгт Богд хааныг “оюуны удирдагч”, “оюун санааны удирдагч” хэмээх үгс олонтаа гарна. Энэ үг чухамдаа юу гэсэн үг вэ, англиар spiritual leader хэмээн хэлдэг үгийн утга бол ердөө шашны тэргүүн хэмээсэн утгатай байна. Энэ бол Богдыг Монголын үндэсний хувьсгалын удирдагч, төрийн тэргүүн байсныг хүлцэн тэвчиж чадахгүй байгаагийн л илрэл юм.

Өнөөгөөс 108 жилийн тэртээ Чингис хааны алтан ургийн Халхын дөрвөн ханы дотроос хамгийн ойр төрөл болох Түшээт хан Дашням Монгол Улсын эзэн хаан сууж болох байсан боловч түүний хэлсэн “Би бол энэ төвөд гаралтай Жавзандамбыг бодвол Их Чингис богдын угсаатны хаадын дотроос ахмад нь билээ” (Навааннамжил Гадаад Монголын автономит үеийн түүх, гар бичмэл, Улсын нийтийн номын сан: 81) хэмээх үгс салхинд хийсэх төдий болж өнгөрчээ.

Хэрэв үнэхээр л Монголын ноёд Богд Жавзандамба хутагтаас илүү үндэсний хөдөлгөөнд санаачлагч, удирдагч, хэрэгжүүлэгчдийн эгнээнд байсан бол Эзэн Чингисийн угсааны ханыхаа хэлснийг дэмжиж болох байсан биз. Харин ийнхүү дэмжээгүйгээр барахгүй, Богд Жавзандамба хутагтын заасан замаар л хөтлөгдөж байсан нь Богдын нөлөө хийгээд уг үйл явдлыг тэрбээр өөрийнхөө санасан бодсоноор удирдан залж байсаныг илтгэнэ.

Харин хэт зүүний үеийн гол төлөөлөгчдийн нэгэн болох Ө.Бадрах Богдын талаар “Жавзандамба хутагтын наймдугаар дүр болбоос шашин төрийг хослон баримой хэмээх түүх бүхий учир Монголыг Хятадын /Манжийн/ мэдлээс гаргаж, автономитыг ба одоо ардын засгийг байгуулсан гавьяа буй” хэмээн бичсэн нь түүний тухай үнэнийг өгүүлэхээс зайлсхийж чадаагүй хэмээн үзэлтэй. Гэтэл түүнээс сүүлд бичигдсэн МАХН-ын түүх болон БНМАУ-ын түүхэнд дээр дурьдсан зохиогчийн хүлцэн зөвшөөрсний хэмжээнд ч Богдод үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй нь үзэл суртлын хэмжээнд хэр их автсаныг харуулна. Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан М.Петухов 1939 онд бичихдээ: “Автономит Монголын толгойлогч нь Богд байсан бөгөөд ... Өргөн олон ардууд нь Богдыг занан үзэж байсан бөгөөд жишээлбээс ардуудаас сохор тангад үхээгүй цаг дор бид амрах цаг үгүй хэмээн ярилцацгааж байсан баймой. Ард олон нь Богдыг сохор хэмээхээс өөрөөр нэрлэж байгаагүй” хэмээн Богдыг илт дайран доромжлох үйл явц энэ үеэс эрч хүчээ авчээ. Улмаар уран сайханы кино, уран зохиолд Богд хааныг хамгийн муухайгаар дүрслэн харуулсан байна.

Хэдийгээр хатуу хяналтын дор үзэл суртлын зэвсэг ажиллаж байсан ч гэсэн үнэний эрэлд зүтгэж байсан эрдэмтэн цөөн ч гэсэн байжээ.

Монголын эрдэмтэн Ш.Сандаг бүр 1971 онд хэвлүүлсэн зохиолдоо “нэн ялангуяа 1911 онд Монголын үндэсний тусгаар тогтнолыг тунхаглаж хэмжээгүй эрхт Богд хаант феодалын Монгол Улс байгуулсан явдлын ач холбогдлыг олон талаас дэнслэн үзээгүй, тэр үеийн улс төрийн зүтгэлтний үйл ажиллагааг хавтгайруулан дүгнэсэн, 1911–1919 оныг Монголын “автономит үе” гэж томьёолсон зэрэг нь уул асуудлуудыг бүдүүвчлэн хялбарчилсан буюу тойрч гарсан, үнэн бодит байдлыг бүрхэгдүүлсэн байна” гэж дүгнэсэн атал түүнээс хойш бичигдсэн нам, улсын түүх, эрдэмтдийн бүтээлд эл асуудлыг олон талаас нь дорвитой дүгнэсэн нь өнөө хэр тийм ч элбэг бус байгааг хүлээн зөвшөөрөх нь зүй болов уу. 1911 онд монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал бол монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ.

Ийнхүү олон монголчуудын сэтгэлд нийцсэн амжилт олсон 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг санаачлан, зохион байгуулж, удирдсан хүн бол VIII Богд Жавзандамба хутагт бээр мөн юм. Буддын шашин ХХ зууны эхээр монголчуудыг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж, бурхны шашины тэргүүн Богд гэгээнийг үндэсний удирдагч болоход шууд нөлөөлөл үзүүлсэн нь тодорхой байна.

1911 оны аравдугаар сарын 21-ний өдөр Хүрээнд ирээд байсан Добданов “Халхын амьдралын ирээдүйн бүх шанс ганцхан Богд хааны гарт байна. Түүний улс төрийн мэргэн ухаан одоо хэр тодорхойгүй байна” гэсэн байна. “Хутагтын хувьд Монголын хаанаар өргөмжлөгдсөн явдал нь санамсаргүй хэрэг бус байлаа. Тэрбээр олон жилийн турш бараг л тийм байсан юм. Тэрээр дэлхий дахины өмнө Монголын хаан болохоо харуулахыг олон жилийн турш тогтмол, болгоомжтой, бодлоготойгоор бэлтгэсэн юм. Ийнхүү болсон эргэлт нь бүхэлдээ Хутагтын мэргэн бодлого, түүний төрийн нарийн ухааны шижим юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Тэрээр монголчуудын дунд шашины тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн болж амжсан байв. Үүнийг нэлээд эртнээс Оросын эзэнт гүрний засгийн газар мэдэрч, Богд гэгээнтэй нягт холбоо тогтоохыг эрмэлзсэн юм. Иймээс бүр 1895 онд Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Я.Шишмарев бичихдээ: “Хэрэв Монголд үндэсний ямар нэгэн хөдөлгөөн гарах аваас түүнийг Богд толгойлоход гайхах хэрэггүй” хэмээн түүний нэр, нөлөөний тухай бичсэн буй.

Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба Петербургт илгээсэн 1912 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн мэдээндээ: “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно”, “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэжээ. Богд эзэн хаан жанч халтлаа Монголын үндэсний тусгаар тогтнол, бие даасан байдал, монголчуудын уламжлал, соёл, шашины төгс ирээдүйн төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэл өвөрлөж байв.

Богд хааны тууштай байдал бусдыг араасаа дагуулж, тойрон хүрээлүүлж, зоригжуулж, нэг зүгт чиглүүлж чадсан байна. Тэрбээр Хятадын ерөнхийлөгч Юан Ши Кайн дарамт шахалтад өчүүхэн төдий гуйвж дайвсангүй, хээл хахуульд нь идэгдсэнгүй. Өөрийн сонгож авсан зам дээрээ бат зогсож, Монгол тусдаа тусгаар тогтносон, бие даасан улс байх учиртай хэмээхийг ягштал баримталж чадсан юм. Тэрбээр ухамсарт бүхий л амьдралаа монголчуудын үндэсний тусгаар тогтнол бэхжих, үндэсний уламжлал, шашин, соёл эрхэм үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөө зориулсан байна. Тухайлбал, төрийн бүх хэргийг монгол хэлээр, монгол бичгээр явуулахыг зарлигдав. Төрийн тамга, төрийн түшмэдийн хувцас монгол байх, төрийн хууль цаазыг монгол уламжлалдаа түшиглэн боловсруулах, Монголын угсаа залгамжилсан хан, ван, гүнгүүдийн намтар, уг түүхийг үнэн магадтайгаар бичүүлэх, хөтлөн явуулах, монгол ноёд хятад эхнэр авч болохыг хориглох зэрэг Богд хааны гаргасан зарлиг, шийдвэрүүд архивын шарласан хуудсанд дүүрэн үлджээ. Зуун дамжин сүндэрлэх Өндөр Мэгзэджанрайсиг, Түмэн гэлэнгийн хайлан гээд бурхны шашны хөгжилд оруулсан үнэт хувь нэмэр олон буй. Түүний шийдвэртэй зоригтой хийсэн алхмуудын хүчээр Орчин үеийн Монгол Улсын үндэс суурь 1910-аад онд тавигдсан юм. Тухайн үед Богд хааны нэр хүнд, нөлөө, ач холбогдол лам нар, сүсэгтэн олон, нийт монгол үндэстний дунд маш өндөр байсаныг “Католик шашинтнуудын папаас илүүгүй юм аа гэхэд дутахааргүй байсан” хэмээн Оросын эзэн хааны Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец бээр тэмдэглэсэн байдаг.

Улс үндэснийхээ XX зууны түүхийг үнэн мөнөөр нь сэргээж, хүн зоноо ухааруулж сэнхрүүлэх явдал манай өнөөгийн нийгмийн оюун санааны өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх болно. Зуун жилийн өмнөх бидний өвөг дээдэс биднээс илүү ухаантай байжээ. Биднээс илүү зовлон туулсан байна. Тиймээс л монгол үндэстний тасарсныг залгаж, эвдэрснийг эвлүүлэх, мартсаныг сэрээхийн төлөө тэдний үг, тэдний бодол, тэдний сэдэж хэрэгжүүлж эхэлсэн алхмуудыг зөв хэмээн үзэж, зуу гаруй жилийн дараа ч болов монгол түмэндээ хүргэхийг зорьж буй юм.

Учир нь өнөөгийн Монголын үндэс суурийг эрэлхэг жанжин Сүхбаатар бус Богд хаан тавьсанд асуудлын учиг оршино. Өөрөөр хэлбэл, Орчин үеийн Монгол Улсын үндэс суурийг тавьсан үндэслэгч бол Богд хаан мөнөөс мөн хэмээн хэлж байгаа хэрэг. Түүх бол үнэн бодитой байх хэрэгтэй.

1921 оны долдугаар сарын 11-ний өдөр Богдыг Монгол Улсын эзэн хааны ширээнд дахин залах ёслол болов. Энэ бол гурав дахь удаа байлаа.

Өмнөх хоёроос ялгарах зүйл нь энэ ёслол хуурамч байсанд оршино. Учир нь яг энэ өдрөөр Богд хааны улс төрийн амьдрал дууссан юм. Тиймээс уг үйл явдлыг гадныхан “намайг эзгүйд намайг гэрлүүлчихлээ” гэдэг шиг зүйл боллоо хэмээн бичиж байлаа.

Энэхүү үйл явдлаар Богдыг хэмжээт эзэн хаанаар өргөмжилсөн нь Богд болон монголчуудад бус зөвхөн Оросын улаан засаг, түүний хүүхэлдэй болсон ардын засгийнханд Богд хааны нэр сүр, алдар хүндийг ашиглахад хэрэгтэй байлаа. Ард олонд Богд хааны нэрийг барьж, өөрийн бодлогоо тулгах явдал Ардын нам, улаан армийнхан Монголын хил даван орж ирсэн цаг мөчөөс эхэлсэн юм.

Барон Унгерн 1920 онд Монголд орж ирэхдээ л би Богд хааны урилгаар орж ирлээ, гэсэн бол Ардын намынхан 1921 оны 7 дугаар сард орж ирэхдээ “Бид Богд хааны зарлигаар” яваад ирлээ хэмээн адилхан үгс хэлж байлаа. Чухам үнэн хаана байгааг Богд хаан ялгаж салгаж байсан юм. Бодоо Ерөнхий сайдын албанаас буудаг нь Хүрээнд орж ирсэн Улаан цэргийн армиийн бие бүрэлдэхүүнийг гаргах учиртай гэснээс болсон нь лавтай хэрэг. Бодоо хүний тоглоом болсоноо л ойлгож эхэлсэн тул зайлуулагдав.

1921 оны долдугаар сараас хойш Ардын засгийн газраас Богд хааны эрх мэдлийг хумих, нэр хүндийг унагах талаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байлаа. Саж ламын хэрэг, Бодоогийн хэрэг, Цэрэнпил гүнгийн хэрэг, Сүхбаатар жанжан таалал болов гээд бүхий л ажиллагаанд Богд буруутан болж байлаа. Богдын нэр хүнд монголчуудын дунд маш өндөр байсан нь шууд үгүй хийж чадахгүй байсан юм. Үүнийг Японы тагнуул бичихдээ бүр Богд 1924 оны эхээр таалал болсныг ард олноос нуусан хэмээн бичиж байлаа.

1924 онд таалал болсноос хойш Богдын нэр хүндийг хамгийн саар байдлаар дайран гутаахад ашиглаж байлаа. Энэ бол үзэл суртлын зэвсэг болгоход маш тохиромжтой дүр байсан юм.

Учир нь Богд бол монголчуудын хувьд харь гаралтай хэмээн оросууд үзэж байлаа. Тиймээс ХХ зууны турш үзэл суртлын нэг том зэвсэг бол шар толгой феодал Богд болсон юм. Ингээд эхний ээлжинд түүний дүрийг тодруулахгүй байх талаар дэс дараалалтай бодлого явуулж тасалж дөнгөв.

Улмаар БХКбН-ын түүх адил МАХН-ын түүхэнд Богдын тухайд ямар улс төрийн жанжин шугам баримтлахыг тодорхойлж бичнэ. Үүний дараа улсын түүх, уран сайхны кино, уран зохиол, дуу шүлэг гэх мэтээр бүхий л үзэл суртлын хэрэгслээр Богдыг муучилна. Ийм байдлаар Богд бол Монголын түүхэнд хамгийн сөрөг дүр болон хувирсан болно.

Дээр дурдсан бүхэн бол монгол үндэстэнд хор хохирол учруулсан улааны үзэл суртлаас ангижирахын тулд хэлж буй шүүмжлэл болохоос хөрш орон Орос улсыг шүүмжилсэн хэрэг бус юм. Коммунизмын өлгий нутаг хэмээн нэрлэгдсэн байсан Орос улсад коммунизмын үзэл суртлаас ангижирч, орос үндэстний түүх, соёл, уламжлалаа хэмээсэн бодлогоо тууштай хэрэгжүүлж байна. Энэ бүхний учрыг ялган салгаж ойлгох нь зүйтэй байна.

1990 оны үндэсний ардчилсан хувьсгалаас хойш ч энэхүү социализмын үеийн үзэл суртлын уур амьсгал Монголд үргэлжилсээр байна. 30 жилийн босгонд Ерөнхийлөгчийн зарлиг буулаа. Баярлалаа.

Харин цааш цаашдаа ийм удаан темпээр яваад байвал төөрч будилсан монгол үндэстэн өөрийн үндэсний түүх цадигаасаа өөрсдийгөө хэзээ олж таньж сэрэх бол оо?

Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (66.181.161.15) 2020-06-08 13:27
      • 0
      • 0

      Энэ Батсайхан гэгч шарын шашиныг мандуулан мэдээлэгч байдаг юм

      Хариулах

    • зочин

      (66.181.161.15) 2020-06-08 13:18
      • 0
      • 1

      .Хамгийн сүүлд хар боулигай хаан суудалд сууж ерэн цэьэр Өв-ийг сүйтгэмү" Соракоктай хатан

      Хариулах

    • зочин

      (66.181.161.15) 2020-06-08 13:11
      • 0
      • 0

      Монголоос урвах гэвэл үнэн түүхийг хүчээр гуйвуулагчид их гарч ирэх юм. Энэ түүхч нэртэй хувалзын бичиж тэнэгтэж байгааг юу ч гэлтэй. Шал дургүй хүрлээ.Монгол ийм болтлоо оюуны мөхөлд орлоо гэжүү.

      Хариулах

    • зочин

      (66.181.161.15) 2020-06-08 12:58
      • 0
      • 0

      Уут уут мөнгөөр улсаа худалдсан ноёдууд, богц богц мөнгөөр богдийгоо худалдсан сайдууд гэж тэр үед дуу гарсан нь хэлээд өгсөн байгаа биз дээ.Тэр үед Чингисийн алтан урагын ноёдыг шар феадалууд богддтой нэгсэж шахаж гаргаж байсаныг түүхээ судлаад ойлгох тэнхээ алга уу?

      Хариулах

    • зочин

      (66.181.161.15) 2020-06-08 11:44
      • 0
      • 0

      Бас нэг хоолоо олж идэх гэсэн амь зуугч төдий түүхч. Аяа хөөрхий оюуны хоосрол гэж.Тухайн үед Монголд шашины сургалттай, шашины үзэл сурталтай төртэй байсан. Мунхагууд хойт насны төлөө мөргөдөг, лам хутагт гэдэг бол орчлонгийн хувь заяаг баригч, агуу шидтэн юм гэдэг итгэл үнэмшил нь хүн бүхний тархинд хувалз мэт шигдсэн байсан энэ үед Богдыг ашиглах зайлшгүй шаардлага гарсан шүү дээ.Богд бол зөвхөн хувьсгалын тоглоомын хүүхэлдэй байсан.Манай шар феодалууд Богдтой нэгсэж Чингисийн алтан урагын ноёдыг нэг нэгээр устгасаныг түүхч чи юу гэх вэ?.Битгий хужаа руу урваарай гэж эртхэн сануулая.

      Хариулах

    • иргэн

      (202.126.89.49) 2020-06-03 13:52
      • 0
      • 0

      тэгж утгын халил хийж болохгүй. Богд мэдээж гавьяатай. гэхдээ Сүхбаатар жанжин бол орчин үеийн монголын түүхийг бичигч яах аргаагүй юм шүү дээ. Түүхийн ухааны доктор болтлоо ядаж цаг хугацааны үечлэлийг ойлгоогүй яваа юм уу.

      Хариулах

    • зочин

      (66.181.161.64) 2020-06-02 08:34
      • 0
      • 0

      Оо Тийм үү.

      Хариулах