
1981 оны 1-р сарын 18-ны өдөр. Лос Анжелес хотын Уилшир гудамжны албан байгууллагын барилгын 9-р давхар.
Энэ үед Али дөнгөж зодог тайлсан, нэр алдрын оргилд хүрсэн, баян, цоо эрүүл цаг үе байлаа. Боксын дэвжээгээ ихэд санасан тэрээр багтаж ядах эрч хүчээ сайн үйл, хар арьстнуудын эрхийг хамгаалахын төлөө зарцуулдаг байсан үе билээ. 1-р сарын 18-ны өглөө найз Ховард Бингем түүн рүү утас цохив. Гэрээс нь холгүй нэгэн байшингийн галын шатан дээр хар арьс хүү зогсоод доош унахаар шийдэж байгаа бололтой гэж хэлжээ.
Аль хэдийн олон хүн цуглаж, болж буй үйл явдлыг ажиглан харцгааж эхэлжээ. Залуу ихэд хямарсан бололтой, вьетнамын дайснуудад бууж өгөхгүй, олзлогдож байснаас үхсэн нь дээр гэх мэт үгс хашхирч байв. Шат руу гардаг хаалгыг тэр түгжжээ. Цагдаагийн албан хаагчид, галынхан, тэр ч байтугай яаралтай дуудаж авчирсан санваартан хүртэл ямар ч нэмэр болсонгүй.
Доор цугласан олон хүн сүүлдээ залхаж, хурдан үсрэхийг шаардаж эхэлжээ.
Цагдаагийнхан тэднийг тараахыг оролдож, гудамжийг хааж эхэлжээ. Яг энэ үед ганган Роллс Ройс машин дөхөн ирж, дотроос нь дэлхийн од Мухаммед Али дэгжин хүрэм, зангиатай бууж иржээ. Түүн рүү утсаар хэлснээс 4 минутын дараа тэр ирсэн байв.
Гэвч цагдаагийнхан залууг зэвсэглэсэн байх боломжтой хэмээн Алиг очихгүй байхыг ятгав. Али гараа хэнэггүй савлаад дээш өгслөө. Түүнийг зогсоох хэн ч дэлхий дээр байгаагүй цаг үе билээ. 9 давхарт гарч, шатны хаалгыг түгжсэн тул хажуугийн цонхоор цухуйж залуутай ярилцжээ. Залуу бүр гайхаж, боксын дэлхийн аварга өөрөө хүрч ирсэн нь хий юм үзэгдэж байгаа биш биз гэж боджээ. Али тайван дуугаар “Би чиний ах дүүсийн нэг байна. Би чамд хайртай, чамайг хуурахгүй” гэж хэлжээ.
Удалгүй Жо гэх тэр залуу шатны хаалгыг нээж, Али түүнтэй хамт зэрэгцэн хагас цаг гаран ярилцсаны дараа хамтдаа доошоо буужээ. Анх удаа л хэн нэгэн надтай хүн шиг ярилцлаа гэж Жо тэр үед хэлсэн байна. Али түүнийг эмнэлэгт хүргэж, хувцас худалдан авч өгч, байр хөлслөөд, ажилд оруулсан байна. Хожим Бингем дурсахдаа Алиг тэр үед нийт 2000 орчим доллар зарцуулсан гэжээ. Жогийн амьдрал тэр цагаас хойш дажгүй үргэлжилж, Алт тэр хоёр хэдэн жил байнгын холбоотой байсан гэдэг. Али энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэхийг хүсээгүй учраас Жогийн хувь заяа хэрхсэнийг хүмүүс мэддэггүй байна.
Энэ зургийг авсан “Лос Анжелес Таймс” сонины сурвалжлагч Борис Ярро хэн нэгэн амиа хорлох гэж байгаа тухай дуулаад редактортоо хэлэхэд бас нэг хар тамхичин л биз гэж хариулсан гэдэг. Гэвч Ярро хэргийн газарт очсоноор энэхүү түүхэн зураг, сурвалжилга баримт болж үлджээ.
Ш.Батзориг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.