Ц.Үүрцайх: Би 370 гаруй шавьтай

Twitter Print
2014 оны 06-р сар 10-нд 17:54 цагт
Мэдээний зураг,

Цахим ертөнцөд Urka Tsuvan нэрээр танигдсан Свийт китчен группын гишүүн Ц.Үүрцайхтай уулзаж ярилцлаа. Хоол хийхийг хоббигоо болгож мэргэшүүлж чадсан түүний сонирхолтой яриаг хүргэж байна.

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Би Германд химич мэргэжлээр төгссөн ч одоо орчуулагч, хоол нарийн боовны зөвлөх багшаар ажиллаж байна. Мөн хоолны чиглэлээр сургалт байнга зохион байгуулдаг.

-Та хэзээнээс хоол хийх сонирхолтой болсон бэ. Уг нь тэс өөр мэргэжилтэй хүн юм?

-Тийм ээ. Би мэргэжлийн тогооч биш. Гэрийн эзэгтэйгийнхээ хувьд хоол хийх хоббитой байсан тэрийгээ өргөжүүлээд улам сайжруулахыг хичээдэг. Мэргэжлээрээ Германд суралцаад 2001 онд төгсөөд Монголдоо ажиллах гэж ирсэн. Харамсалтай нь химич мэргэжлээрээ ажиллах цалингийн хэмжээ бага санагдсан учраас хувиараа өөрөө кафе нээж ажиллуулсан. Ингээд л миний хоол хийх сонирхол эхэлсэн. Германд сурч байхдаа Итали зайрмаг, Германд бэйкери кафед ажилладаг байсан. Гэвч тэр үед цагийн ажлыг хэзээ нэгэн цагт өөрийн минь бизнес болно гэж бодож байгаагүй.

-Та хэчнээн хоолны жортой тогооч вэ?

-Германд сурч байсан учраас Европ хоолны жор л их байна. Мөн нарийн боовны жорууд зөндөө байгаа. Гэхдээ би голдуу Европ хоолоо л дагнаж хийдэг дээ. Европ төрлийн нарийн боовны жорууд их бий.

-Амтлагч, ур чадвар хоёрын алинаар төгс амттай хоол урлах вэ?

-Мэдээж ур чадвартай байж сайхан хоол хийнэ. Зөвхөн амтлагчаар бөмбөгдөхгүй. Мөн авъяас сэтгэхүй маш чухал шүү дээ.

-Таныг ресторанд ажиллаач гэдэг санал ирдэг үү?

-Тийм ээ, зөндөө ирдэг. Гэхдээ миний мэргэжил тогооч биш учраас саналыг хүлээж авдаггүй. Миний зорилго мэдсэн сурснаа залуу эзэгтэй нарт хүргэе гэсэн л хүсэл байдаг учраас хамтарч ажилладаггүй, сургалтаа зохиогоод явж байх нь сайхан санагддаг.

-Та хэдэн шавьтай болсон бэ?

-Давхцаагүй тоогоор 370 суралцагчтай болсон. Шавь нараараа их бахархдаг. Суралцагчид маань мэдсэн сурсан зүйлсээрээ ажил хийж байгаа нь сайхан санагддаг.

-Монголын ресторануудын тогооч нарын ур чадвар таны бодлоор?

-Тогооч нартай өөрийгөө яаж зүйрлэх вэ. Тэд нар чинь мундаг мэргэжлийн хүмүүс шүү дээ. Гадаадад боловсрол эзэмшиж, ажиллаж байсан хүмүүс сайхан хоол хийдэг юм билээ.

-Таныг суралцагсдынхаа дунд хоолны тэмцээн зохиосон гэж дуулсан?

-Би хувиараа эзэгтэй нарт сургалт явуулаад 2 жил болж байна. Өнгөрсөн жил сургалтаа дуусгаад өдөрлөг зохион, хийж сурсан бэйкеригээ худалдаалж Энэрэл эмнэлэгт хандивлаж байсан. Энэ жилийн хувьд миний сургалтад сууж төгссөн суралцагсдынхаа дунд хоолны тэмцээн зохиосон. Энэ сарын 8-нд маш сайхан болж өндөрлөсөн. Нэг ёсондоо сургалтын маань төгсөлтийн баяр гэж ойлгож болно. Тэмцээнд мэргэжлийн тогооч биш 15 хүн бүртгэсэн. Ази, Европ, Монгол гэж 3 багт хуваасан. 15 хоног бүртгэсэн. Тэмцээнд маань хүүхэдтэйгээ гэртээ өдөржин өнждөг залуу эзэгтэй нар оролцсон.  40 гаруй үзэгч сонирхохоор ирсэн байсан. Манай бүсгүйчүүд мэргэжлийн тогоочоос дутахгүй ур чадвартайгаа харуулж, маш их зүйл сэтгэж өрсөлдсөн сайхан тэмцээн болж өндөрлөсөн. Энэ дашрамд сургалтад оролцогсод болон Свийт китченийхэндээ баярласнаа илэрхийлмээр байна.

Ц.Үүрцайхын "Солонгон кекст бялуу"-ны жорыг танилцуулж байна. 


Орц: 6 ширхэг өндөг, 250 гр элсэн чихэр, 200 гр гурил, 2 цайны халбага хөөлгөгч буюу baking pulver, маршмаллов чихэр, масло орно.

Хийх заавар:
Өндөгөө элсэн чихэртэйгээ маш сайн хөөсөртөл хутгана. Гурилаа backing pulver-тэйгээ холиод гурилаа бага багаар шигшиж үндсэн зуурмаг руугаа хийж гар миксерээр зөөлөн хутгана. Тэгээд зуурмагаа 3 хуваагаад өөр өнгийн будаг хийж зөөлөн хутгана. Хамгийн гол нь зөөлөн хутгах хэрэгтэй. Яагаад гэвэл зуурмагын хөөлт буух магадлалтай учраас. Ингээд 3 хэвэнд хийж 160 градуст 30 минут жигнэнэ. Овеноо сэнстэй зурган дээр нь тааруулаарай. Хэрэв тийм овенгүй бол тус тусад нь жигнэж болно. 

Крем, фондант хийх арга:
450 гр маршмаллов чихэрлэг 3 хувааж бага зэрэг устай дуковканд 30 секундээр хийж, зуурна. Маршмаллов бүүр хайлсны дараа cane сахар хийж зуурна. Үүнийг хийх саваа сайтар тослоорой.

Зуурах халбагаа ч тослох хэрэгтэй. Фондантыг гялгар уутанд хадгалж болно. Хатуу болох юм бол дуковканд 10-20 секунд халаагаад зөөлрүүлж болно. Тэгээд хүссэн өнгө будгаа бага зэрэг хийж нухаад гаргана. 

 

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Золзолбоо

      (112.72.13.59) 2014-06-11 14:11
      • 0
      • 0

      Та минь гэрийн эзэгтэй бидэнд үнэхээр ойр байж бидэнд их зүйл зааж сургаж мэдрүүлсэн шүү, Цахим ертөнцөөр дамжуулан сайхан багштай болсон мөн сайхан хамт олонтой болсон. Олон сайхан амттайн хоол салад дессертийг гэр бүлдээ өөрийн гараар хийж сурсандаа маш их баярладаг шүү. Багшынхаа ажилд цаашдын амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.101) 2014-06-10 21:25
      • 0
      • 0

      Mundag shu ta

      Хариулах