Салсан гэр бүлийн 38 хувь нь хүүхдийн тэтгэлгээ авч чаддаг

Twitter Print
2014 оны 06-р сар 10-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

Манай улсад сүүлийн үед салалт ихсэж энэ хэрээр хүүхдүүд өнчирч байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй. Энэ талаар өнөөдөр Хуульзүйн яаманд хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт "Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг ХЗЯ, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлгийн зорилго нь хүүхдийн тэтгэлэг төлөлтийг сайжруулах, шүүхийн шийдвэрийг даган биелүүлэх иргэд болон эцэг эхчүүдийн ухамсрыг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг дээдлэхэд оршиж байна. Шийдвэр гүйцэтгэлийн үр дүнд болон иргэдийн ухамсар, үүрэг хариуцлагаа хүлээж байгаа зэрэг олон хүчин зүйлийн үндсэн дээр хүүхдийн тэтгэлэг төлөлт сүүлийн жилүүдэд сайжирсан гэдгийг дурдсан юм. Гэвч энэ нь хангалттай хэмжээнд хүрээгүй гэж холбогдох байгууллагууд үзэж байна. Тодруулбал, нэг жилийн өмнө нийт тэтгэлэг төлөлтийн 53 хувь нь огт биелэгдэж байгаагүй гэсэн тооцоо гарсан байна. Өнгөрсөн жилийн хүүхдийн тэтгэлэг төлөлт 38 хувьтай байгаа гэсэн статистик мэдээ гарчээ.

Ер нь шүүхээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар тогтоогдсон шийдвэрийн 77 хувьд гүйцэтгэх хуудас бичигдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирсэн байх юм. Үүний дагуу тэтгэлэг төлөхөөр үүрэг хүлээсэн эцэг эхчүүдэд үүргээ биелүүлэх шахалтыг ШШГЕГ-аас үзүүлж байдаг ч санхүүгийн боломжгүй, дээр нь орлогын эх үүсвэр байхгүй ажилгүй эцэг, эх цөөнгүй байгаа нь хүүхдийн тэтгэлэг төлөлтийг хангалтгүй төвшинд байлгасаар байгаагийн илрэл гэлээ. 

Одоо мөрдөгдөж байгаа эрхзүйн орчныг бүрэн сайжруулахын төлөө 3 хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгаа бол хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах ажлын гүйцэтгэлийг хувийн аж ахуйн нэгжүүдээр хийлгэх орчныг бүрдүүлж чадвал өндөр үр дүнд хүрдэг бусад орны туршлага байдаг талаар ч энэ хэлэлцүүлгийн үеэр ярилцаж байлаа.

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гарах нь жилдээ төдийлөн буурахгүй байна. Тодруулбал, сүүлийн 5 жилд улсын хэмжээнд нийт 98.000 гаруй гэр бүл гэрлэлтээ батлуулсан бол 17,000 гаруй гэр бүлийн баталгаагаа цуцлуулсан байна. Үүнээс үзэхэд шинэ гэр бүлийн 24 хувь нь эргээд гэр бүлээ цуцлуулж байгааг харуулж байгаа аж. Гэр бүл салалт бага биш байгаа нь хүүхдийн эрх хөндөгдөж, улмаар тэтгэлэг тогтоолгох асуудлыг гаргаж ирж байна. Мөн нийт тэтгэлэг төлөгдөхөөр шүүхээр тогтоогдсон хүүхдийн тоог харвал 86 хувь нь 1 хүүхдэд, 13 хувь нь 2 хүүхдэд, үлдсэн нь 3 болон түүнээс дээш тооны хүүхэдтэй байсан гэр бүлд тогтоогджээ. Тэгэхээр гэр бүл салалт 1 хүүхэдтэй  залуу гэр бүлд ихээхэн байгаа нь харагдаж байна.

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.