АН-ын дансыг хаасан гэлээ

Twitter Print
2021 оны 06-р сар 03-нд 13:09 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр/2021-06-03/ 11 цагт С.Зориг агсны хөшөөний урд талбайд 4:11 мэдээллийн цагаараа олон нийтэд мэдээлэл өглөө.

Үүний дараа АН-ын удирдлагууд болон гишүүд, дэмжигчид Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж, Чингисийн талбайд тайван жагсаал зохион байгуулсан юм.

Ардчилсан намын зүгээс 2020 оны УИХ, орон нутгийн сонгуулийн луйврыг шалгаж тогтоолгүй хэргийг хохирогчгүй хэмээн хаасан явдалд баримтын хамт гомдол гаргасан. Гэвч эрх баригчдын зүгээс хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж, Төрийн болон шүүхийн байгууллагуудын ажилд илт нөлөөлж буй явдлуудыг эсэргүүцэж үзэл санаагаа илэрхийллээ.

М.ТУЛГАТ: ЭРХ БАРИГЧИД АРДЧИЛСАН НАМЫН ДОТООД АСУУДАЛД ОРОЛЦОЖ, НАМЫН ДАНСЫГ ХҮРТЭЛ ХААЛГАЧИХЛАА

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэж бий. Улс төрийн намын дотоод асуудалд хууль тогтоох дээд байгууллага оролцож байна. Тус ажлыг хэсэг нь өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо болон бусад албаны хүмүүсийг дуудаж уулзсан байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа энэ ажлын хэсгээ татан буулгахыг бид шаардаж шаардлага хүргүүлж байна.

Ардчилсан намын бүртгэлийн асуудлыг Дээд шүүх хойшлуулж байгаа. Энэ нь манай намын гишүүдэд ойлгомжгүй байдал үүсгэж байна. Түүнчлэн Ардчилсан намын бүх дансыг хаасан. Цаашдаа Үндэсний хэмжээний том намыг татан буулгах зорилго агуулж байна гэж харж байна.

Э.БАТ-ҮҮЛ: УИХ-ЫН ДАРГА АРДЧИЛСАН НАМ ОРШИХ ЭСЭХИЙГ МАНЛАЙЛАН ЯРЬЖ БУЙГ ТЭВЧИХГҮЙ

Бид өнөөдөр Сүхбаатарын талбай дээр Үндсэн хуулиа хамгаалах талаар цуглаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ байдал өөрчлөгдлөө. Өчигдөр орой авсан мэдээллээр эрх баригчид Ардчилсан нам руу дайрах ноцтой үйл ажиллагаа явуулах болсон байна.

Ардчилсан нам өөрийн удирдлагатай нам. Гэтэл манай намын ажлыг Их хурлаар хэлэлцэх шийдвэр гаргасан байна. Бид сонгуулийг луйвардаж, Засгийн эрхийг хууль бусаар авдаг талаар хуулийн байгууллагад гомдол гаргасан. Гэтэл бидэнд мэдэгдэлгүй хэргийг хаасан. Үүнтэй холбоотой цагдаа, прокурорын байгууллагын алба хаагч нарыг шалгуулахаар цуглах гэж байлаа. Гэтэл үүнээс ноцтой үйл явдал болж, УИХ-ын даргаар ахлуулсан үйл ажиллагаа болох гэж байна. Нэг ёсондоо нэг намын дарангуйлал тогтох нь.

Бидэнд иргэн Г.Ган-Очир гэх залуу 2020 оны орон нутгийн сонгуулийг луйвардсан талаа хандаж мэдээлэл хийсэн. Тэр залуу байхгүй болчихсон. Бидэнтэй холбоо бариагүй. Тэр залууг дарамтлах зорилгоор эрэн сурвалжилж байгаа болов уу гэж хардаж байна. Бид холбогдож чадвал хамгаалмаар байна

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.