Азаран-Блбул /Армен ардын үлгэр/

Twitter Print
2019 оны 05-р сар 30-нд 17:56 цагт
Мэдээний зураг,

Нэгэн хаан гурван хүүтэйгээ амьдардаг байжээ. Хоёр хүү нь ухаантай, гурав дахь хүү нь тэнэг гэнэ. Тэнэг хүүг нь Ало-Дино гэдэг ажээ. Хааны цэцэрдэгт нь гуравхан алим ургадаг нэг мод байдаг гэнэ.

Нэг удаа цэцэрдэгт нэгэн ядуу хүн ирээд цэцэрлэгчээс

-Гурван алимныхаа нэгийг өгөөч гэж гуйхад,

-Үгүй ээ, өгөхгүй. Энэ гурван алиманд хүрч болохгүй. Ганцхан хаан тасалж авах эрхтэй гэж цэцэрлэгч хэлэхэд ядуу хүн уурлан хааны цэцэрлэгийг харааж зүхэв. Гэтэл тэр даруйхнаа цэцэрлэг хатаж гандан, навч цэцэг юу ч үгүй болов.

-Чи яаж байгаа нь энэ вэ? Цэцэрлэг маань эргэж хэзээ ч цэцэглэхгүй юу? гэж цэцэрлэгч харуусан уулгалахад ядуу,

-Азаран-Блбул шувууг олж авахаас нааш цэцэрлэг чинь цэцэглэхгүй гэв.

Дараа нь хаан ирээд цэцэрлэг хатаж хувхайрсныг хараад цэцэрлэгчээ загнажээ. Цэцэрлэгч нь ядуу өвгөний тухай юу болсныг хаандаа ярив.

-Одоо тэгээд яах вэ? Азаран-Блбул шувууг хаанаас олох вэ? гэж хааныг хэлэхэд том хүү нь сонсоод,

-Эцэг минь, би Азаран-Блбул шувууг олж ирье гэж гэнэ.

-Эцэг минь, би Азаран-Блбул шувууг олж ирье гэж дунд хүү нь хэлэхэд,

-За тэгвэл хоёулаа яв гэж хаан эцэг нь хэлэв. Ингээд ах дүү хоёр мориндоо мордон алс холын замд гарчээ.

Бага хүү Ало-Дино энэ үед өөр газар явж байгаад эргэж ирвэл хоёр ах нь алга байв. Ало-Дино ээжээсээ асуужээ.

-Ах нар минь хаачаа вэ?

-Ээ тэнэгхэн хүү минь, ах нар чинь Азаран-Блбул шувууг олж ирэхээр явсан. Ало-Дино удаан ч болсонгүй, шууд л ахлах адуучинд очин,

-Сайн морь шилээд өгөөч, би алс замд гарлаа гэжээ.

-Морьдоос дуртайгаа ав, аль нь ч адилхан гэж ахлах адуучин хэлэв.

Ало-Дино морьдыг үзэж шилж гарав. Тэгтэл түүний гар хүрсэн морь болгон гарынх нь аяыг даахгүй сөхөрч унаад байжээ. Ало-Дино аргаа бараад жүчээнээс гартал хаалганы хажууд хэн ч хэрэгсэж хайрлахаа больсон нэг муу, ноос нь ноолорч халцарсан халтар хар морь байв. Ало-Дино тэр морины нуруун дээр алгадахад тэр морь унахгүй зогсоод л байж гэнэ. Тэгэхээр нь Ало-Дино адуучиндаа энэ морийг өдөрт гурван удаа усанд оруулж, цаг цагт нэг пүү үзэм өгч бай гэж тушаав.

Гурван өдрийн дараа Ало-Дино нөгөө морио унан давхиад ах нараа удаж төдөлгүй гүйцжээ. Ало-Диног хармагцаа том ах нь уурлан,

-Чи яах гэж дагаав?  Биднийг гутаах гээ юу?  гэж хашгираад цохиж авав.

-За боль боль, энийг зодож яах юм бэ! Гар хөлийн үзүүр болоод бидэнтэй цуг явж байг гэж дунд ах нь хэлжээ.

Тэгээд гурвуулаа цааш явсаар, гурван тийшээ салаалсан замын уулзвар дээр ирэв. Гэтэл тэнд нэг өвгөн сууж байжээ.

-Амар мэнд үү? гэж ах дүү гуравыг мэндлэхэд

-Сайн сайн, хаан хөвгүүд минь!

-Энэ замууд хааш хааш нь хүргэх вэ? гэж том ах нь асуув.

-Нэг нь Тбилис хот, нөгөө нь Ереван, гурав дахь нь муу зам. Энэ гурав дахь замаар явсан хүн эргэж ирдэггүй юм. Тийм ч учраас "Гедан гялмаз" буюу "Үхлийн зам" гэж нэрлэдэг юм гэж өвгөн хэлжээ.

-Та хоёр аюулгүй замаар яв. Би «үхлийн замаар» явъя гэж Ало-Диног хэлэхэд.

-Энэ муу тэр замаар явбал явж л байг, тэнэгээс салж авъя гэж том ах нь боджээ.

Тэгээд хоёр ах нь цааш яваад гай зовлон ихийг үзжээ. Өлсөж үхэхгүйн тулд унаа морь, хувцас хунараа хүртэл зарж үгүй хийгээд эцэст нь халуун усны газрын эзнийд нэг нь галч, нөгөө нь бие угаагч болж гэнэ. Ало-Дино харин "үхлийн замаар" явсаар Улаан газар хүрчээ. Мод, чулуу, газар шороо эндхийн бүх юм нь улаан байв. Гэтэл гэнэт морь нь хүний хэлээр,

-Ало-Дино, чи бид хоёр хаана ирснээ мэдэж байна уу?
Гурван толгойт Улаан Дэвийн нутагт ирлээ шүү дээ гэж гэнэ
Тэгээд тэд явсаар орой болоход Улаан Дэвийн ордны гадаа иржээ. Хаалганых нь хажууд нэг эмэгтэй зогсож байснаа Ало-Диног хараад өрөвдөн,

-Залуу минь, би чамайг нууя гэж гэнэ.

-Нуугдах яах вэ, харин надад идэх юм өгөөч, би өлсөж явна гэж Ало-Дино хариулжээ.

Дэвийн эхнэр Ало-Динод гурван том таваг хоол авчирч өгөхөд Ало-Дино уурлан,

-Хорхой хүргэхээс өөр юмгүй! Ихээхэн хоол өгөөч! гэв.

-Хэрвээ энэ багадаад байгаа бол ордонд ор, тэнд Улаан Дэвд бэлдсэн хоол байгаа хэчнээнийг л бол хэчнээнийг ид гэжээ. Ало-Дино ордонд ороод том тогоо дүүрэн будаа, хоёр бухын шарсан мах идчихжээ. Дэвийн эхнэр түүнийг дахин өрөвдөж,

-Хайран ч залуу минь, би чамайг нууя гэж гэнэ.

-Чиний Улаан Дэвээс би айхгүй ээ! Тэр Улаан Дэвийг чинь авах гэж би ирсэн юм гэж хариултал ордон ганхан хөдөлж эхлэв.

-Яагаад ордон чинь ганхаад байна? гэж асуув. Дэвийн эхнэр,

-Улаан Дэв ойрхон ирж явна гэв.

Улаан Дэв улам ойртон ирэв. Улаан Дэв үнэг, чоно өөр олон амьтдын сүргээ хөөн туужээ. Тэгээд сүргээ хашаандаа оруулаад ордныхоо үүдний өрөөнд орж ирмэгцээ Ало-Диног харав.

-Тавтай морилогтун, Ало-Дино! гэж гэнэ.

-Намайг хэн гэдгийг хаанаас мэдээ вэ? гэж Ало- Дин асуухад Улаан Дэв,

-Чамайг төрөх өдөр би уулаар зугаалж явлаа. Мод чулуу, өвс ногоо чиний төрсөн тухай зарласан юм. Ало-Дино гэдэг чи л байх ёстой, чамаас өөр хүн босгыг минь даван орж ирж зүрхлэхгүй гээд эхнэртээ,

-"Алив идэх юм өгөөч!" гэв.

-Чиний хоолыг энэ залуу идчихсэн, юу ч үлдээгүй гэж эхнэр нь хэлэв. Улаан Дэв юу ч хэлсэнгүй,  хоёр чоно алахад эхнэр нь хоол хийж цөмөөрөө иджээ.  Ало-Дино ясаа хаяхгүй махтай нь цуг идэж байхыг Улаан Дэв ажиглаж гэнэ. Хоол идэцгээснийхээ дараа Улаан Дэв,

-Одоо үзэлцэх үү, эсвэл маргааш өглөөг хүлээх үү?

-Хэзээ ч яахав, би бэлэн гэж Ало-Дино хариулжээ. Тэгээд тэд өглөө тулалдах болов.

Өглөө үүр дөнгөж цаймагц Улаан Дэв Ало-Дино хоёул зэрэг сэрж бороохойгоо шүүрэн авцгаав. Ало- Дино,

-За  чи  эхэлж  шид! Би зочин гэхэд Улаан Дэв ч бэлдээрэй, би  шидлээ шүү гээд далайжээ. Тэгтэл Ало-Диногийн морь,

-Улаан Дэв далайнгуут чи намайг ташуурд би өндөр гэгч үсэрье, бороохой нь хөлийн минь доогуур гарна! гэв.

Ало-Дино ч мориныхоо зааснаар л хийгээд байж, Улаан бороохойгоо гурван удаа  шидэхэд цөм хөлийнх нь доогуур гарчээ.

-Одоо миний ээлж гэж Ало-Дино хэлээд Улаан Дэвийн зүг гүйж очоод бороохойгоороо гурван толгойг нь тэс цохин унагажээ. Тэгээд хамар, уруулыг нь огтлон авч богцондоо хийгээд эхнэрт нь,

-За ямар байна даа, бэргэн минь! гэж гэнэ. Тэгтэл Улаан дэвийн эхнэр,

-Би чиний  бэргэн  биш  эхнэр  чинь болмоор  байна гэхэд,

-Би чамтай сууж чадахгүй, харин чи миний том ахын эхнэр болоорой гэжээ.

Ингээд гурван өдрийн дараа Ало-Дино цааш явахаар болов.

-Одоо хаашаа явах вэ гэж Дэвийн эхнэр асуув.

-Азаран-Блбулыг олохоор явна аа!

-Ай, аюул осол ихтэй энэ замд амь насаа алдана, битгий яваач!

-Үгүй ээ, би заавал явах ёстой.

Тэгээд Ало-Дино цааш явсаар газар шороо мод чулуу бүх юм нь цав цагаан өнгөтэй нэгэн улсад иржээ.

-Энэ бол Цагаан Дэвийн нутаг, орой хоёулаа ордонд нь зочилно. Тэр Улаан Дэвтэй адилгүй, долоон толгойтой гэж морь нь хэлэв. Ало-Дино,

-За гайгүй ээ, би түүний долоон толгойг тас цавчина гэж хэлжээ.

Тэгээд орой нь Ало-Дино Цагаан Дэвийнх рүү очиж чанга дуугаар,

-Энд хүн байна уу? гэж дуудсанд нэг эмэгтэй гарч ирэн үүд онгойлгоод морио жүчээнд оруул гэж хэлэв. Ало-Дино морио жүчээнд нь оруулаад ордонд орж эхнэрээс хоол өгөөч гэжээ. Цагаан Дэвийн эхнэр тав зургаан том таваг будаа авчирахад Ало-Дино уурлан,

-Би ямар хүүхэд б иш! Ахиухан хоол алга уу? гэхэд

-Цагаан  Дэвийн  ширээ рүү  оч, тэнд юу л байна гэдэснийхээ хирээр ид! гэв.

Ширээн дээр асар том тогоогоор дүүрэн будаа дээр нь гурван шарын шарсан мах байжээ. Ало-Дино хоёр амьсгаагаар бүгдийг идчихжээ. Тэгтэл ордон ганхаж байна гэнэ.

-Залуу минь,  Дэв  ирж явна.  Би чамайг нууя  гэж Дэвийн эхнэр хэлэв.

-Зүгээр, би чиний Цагаан Дэвийг амийг хороох гэж ирсэн юм. Удалгүй Цагаан Дэв ирж яваа харагдав. Арслан, чоно баавгай гээд олон амьтан өмнөө туужээ. Тэгээд амьтдаа хашаанд нь оруулаад өөрөө ордондоо орж ирмэгцээ Ало-Диног хараад гараа сунган,

-За сайн байна уу, Ало-Дино! гэж мэндлэв.

-Намайг Ало-Дино гэдгийг чи яаж мэдээ вэ?

-Чамайг төрөхөд уул  хад,  өвс  ногоо  надад чамайг төрлөө гэж мэдэгдсэн юм. Чи л Ало-Дино байх ёстой, өөр хүн миний өргөөнд орж ирж зүрхлэхгүй. Ингэж хэлээд Цагаан Дэв эхнэрээсээ хоол өг гэв. Эхнэр нь манай зочин бүх хоолыг чинь идчихсэн гэхэд, за яахав, өнөөдрийн авчирсан амьтдаас хооллоё гээд хооллоцгоов.

Зочин нь махаа ястай юутай хээтэй нь идэж байгааг Цагаан Дэв ажиглажээ. Тэгээд за одоо үзэлцэх үү? гэж асуужээ.

-Өөрөө мэд, би хэзээ ч бэлэн! гэж Ало-Дино хариулав.

-Өглөө үзэлцье! Орой нь дайлаад өглөө нь үзэлцдэг танай ёс гэж Цагаан Дэв хэлжээ. Ингээд тэд унтацгаав.

Өглөө нь Ало-Дино,

-Хөөе  босоорой,  эр  эмээ  үзэлцэх  цаг  боллоо!  гэж хашгирахад   Цагаан Дэв ухасхийн босож бороохойгоо аваад хоёул зээлийн талбайд гарчээ. Ало-Дино мориндоо мордоход морь нь,

-Намайг ташуурд, би дээр гэгч үсэрнэ. Цагаан Дэвийн бороохой хөлийн доогуур гарна гэж шивнэв.

-За шид! гэж Цагаан Дэв хашгирахад Ало-Дино чи эхэл, би зочин гэж их зоримог хашгирлаа. Цагаан Дэв гурав дахин далайснаа бороохойгоо шидэв. "Ало-Диногийн    морь    амжин    үсэрч  Дэвийн    бороохой гэдэснийх нь доогуур шунхийн эзэн морь хоёрт эмгэг гэмтэл учирсангүй. Тэр үед их тоос босож Ало-Дино морьтойгоо хэсэг харагдахгүй болоход Цагаан Дэв түүнийг үхчихлээ гэж бодоод баярлан инээн,

-Аа ха ха, Ало-Дино, чи хаана байна? Үзэх биегүй, үнэрлэх үнэргүй боллоо! гэж хашгирчээ.

-Баярлах болоогүй ах гуай, би энд байна гээд Ало-Дино морио давиран Цагаан Дэвийн зүг ухасхийв. Тэгээд нэг далайлтаар долоон толгойг нь тас цавчин унагаж уруул хамрыг нь огтлон богцондоо хийгээд ордонд нь ороход эхнэр нь,

-Эзэрхэг   Цагаан   Дэвийг  хөнөөсөн   эрэлхэг   баатар минь, намайг эхнэрээ болгон аваач! гэж гэнэ.

-Үгүй ээ, миний дунд ахын эхнэр болоорой гээд Ало-Дино цааш явахдаа бэлдэхэд Дэвийн эхнэр хаачих нь вэ? гэж асуув

-Азаран-Блбулыг олохоор явлаа гэжээ.

-Азаран-Блбулыг чи олж барьж чадахгүй ээ! гэж Цагаан Дэвийн эхнэр хэлэхэд Ало-Дино "Юу ч болсон би түүнийг олж барих хэрэгтэй" гээд цааш явав. Ало-Диног Хар Дэвийн улсад ирэхэд морь нь,

-Энэ бол дөчин толгойт Хар Дэвийн нутаг. Энд газар шороо, мод, чулуу, өвс ногоо цөм хав хар гэв. Ало-Дино Хар Дэвийн ордонд ортол асар том тогоо дүүрэн будаа, дөрвөн шарын шарсан мах байв. Ало-Дино дөрвөн амьсгаагаар тогоотой будааг нь идчихээд шарын махнуудыг нь залгичихаад Хар Дэвийн өргөөнд оржээ. Тэнд маш үзэсгэлэнтэй бүсгүй сууж байсан нь Хар Дэвийн эхнэр юм гэнэ. Ало-Дино түүнтэй ярьж суутал ордон ганхаж эхлэв. Энэ нь Хар Дэв олз омогтой буцаж ирж яваагийн гэрч гэнэ. Хар Дэв Ало-Диног хараад,

-Амар мэнд үү, Ало-Дино! гэж мэндлэв.

-Намайг Ало-Дино гэж хаанаас мэдээ вэ?

-Уул хад, өвс ногоо, ой мод чиний төрсөн өдөр надад хэлсэн гээд Хар Дэв эхнэртээ хандан хоол өг гэв. Гэтэл эхнэр нь,

-Чиний хоолыг Ало-Дино идсэн гэхэд Хар Дэв за яахав, шинэ олзноосоо хоол хийе гэж хэлэв. Тэгээд тэд хоол идэцгээгээд унтжээ. Өглөө үүр цаймагц босож хүч чадлаа үзэлцэж эхлэв. Гурван өдөр гурван шөнө дараалан нүдэлдээд хэн нь ч хэнийгээ дийлсэнгүй. Гэхдээ  Ало-Дино эцэст нь дийлж Хар Дэвийн уруул хамрыг огтлон авч богцондоо хийгээд ордонд нь оржээ. Хар Дэвийн эхнэр баярлан,

-Намайг эхнэрээ болгооч гэж гуйжээ. Болгоё оо! гээд Ало-Дино бодол болоход,

-Чи юунд бодол болоо вэ? гэв.

-Манай цэцэрлэг хатаж хагдарсан билээ. Би Азаран-Блбулыг олохоор яваад энд саатлаа.

-Азаран-Блбулыг олж барина гэдэг амаргүй. Азаран-Блбулын эзэн нь хаан Чачонц гэж бий. Тэр Чачонц хаан одоо дөчин өдөр унтаж байна, сэрмэгцээ чам шиг дөчин залууг амархан дийлнэ.

-Би ямар ч гэсэн явъя. Харин буцах замдаа чамайг эхнэрээ болгон авна гээд Ало-Дино цааш явжээ.

Тэнгисийн захад ирээд морь нь,

-Би далайн морь биш, тэнгис гатлан сэлж чадахгүй гэв.

Ало-Дино мориноосоо буун чулуу дэрлэн хэвтэж байгаад унтаад өгчээ. Тэгтэл гэнэт нойрон дунд нь «Ало-Дино! Чиний дэрлээд унтаж байгаа чулуун дор далайн морины гурван хазаар байгаа. Хоёр хазаарыг нь бүсэл, нэгийг нь тэнгист живүүл» гэх сонсдов. Ало-Дино ухасхийн босож дэрлэж байсан чулуугаа өргөөд үзтэл үнэхээр гурван хазаар байна гэнэ. Хоёр хазаарыг нь бүслээд гурав дахийг нь тэнгист шиджээ. Тэгтэл өмнө нь далайн морь гарч ирээд Ало-Диног залгих гэхэд Ало-Дино айж сандарсангүй, харин ч самбаачлан дэлнээс нь шүүрэн авч мордов. Тэгтэл далайн морь хүний хэлээр,

-Ало-Дино, чи юу хүссэнээ хэл, би биелүүлье! гэв.

-Азаран-Блбулыг олж авах гэсэн юм!

-Би Азаран-Блбулыг олж чадахгүй, харин тэнгис гаргаад өгье,  тэнд миний том эгч бий. Эгч минь чамд Азаран-Блбулыг олж өгнө гэв.

Тэгээд далайн морь Ало-Диног тэнгисийн цаана гаргаж өгчээ. Гэтэд Ало-Дино хазаараа мулталж авахаа мартаад явуулчихсан байв. Далайн морь хазаартайгаа эргээд тэнгис рүү орчихжээ.

-Одоо би яах билээ! Далайн морь хазаар аваад явчихлаа! гэж Ало-Дино харуусан уулгалжээ.

Тэгээд арал дээгүүр бодолд дарагдан явж байгаад гэнэт бүсэндээ хүртэл гарт нь хоёр хазаар баригдахад сая санаж баярлан нэг хазаараа тайлж аваад нэг үзүүрийг нь тэнгис рүү дүрэхэд тэнгисээс тэр даруйхнаа далайн морь гараад ирж гэнэ. Далайн морь гарч ирээд Ало-Диног идэх гэхэд Ало-Дино нүд ирмэхийн зуур үсрэн мордов.

-Ало-Дино, чи юу хүссэнээ хэл, би биелүүлье! гэж далайн морь хэлэв.

-Би Азаран-Блбул шувууг олж авах гэсэн юм!

-Энэ амаргүй ажил! Азаран-Блбул шувуу Чачонц хааны ордонд бий, Чачонц хааны ордон тэнгисийн эрэг дээр сүндэрлэн байдаг. Хэрвээ чи миний гурван зуун жаран судас шөрмөсийг чивчиртэл ташуурдах юм бол би ордны цонх хүртэл үсэрье, чи харин тортой шувууг шүүрэн ав, хэрвээ чи яг онож шүүрч авч чадахгүй л юм бол чи бид хоёр унаж үхнэ гэв.

-За гэж хэлээд Ало-Дино морио гурван зуун жаран судас шөрмөсийг нь чивчиртэл гуядан ташуурдахад морь нь ордны цонх хүртэл үсэрч Ало-Дино ч гараа сунган торыг шүүрэн авчээ. Газарт буусан хойноо морь нь,

-Одоо намайг сулла гэжээ.

Ало-Дино морио суллачихаад буцах замдаа оржээ. Өөрийнхөө морийг олж унаад Азаран-Блбул шувуутайгаа цуг Хар Дэвийн нутагт иржээ. Ало-Дино Хар Дэвийн эхнэртэй мэндлээд шувуундаа хандан,

-Блбул шувуухай, энэ хар уулс өвс ногоогоор бүрхэгдэг гэж шившин хэлээч гэв.

Азаран-Блбул шившин хэлэхэд хар уулс халиурсан ногоон өвс ногоогоор бүрхэгдэв. Хар Дэвийн эхнэр Ало-Диногийн эхнэр болоод Азаран-Блбулын энэ увдист маш их баярлажээ.

Тэгээд Ало-Дино эхнэртэйгээ Хар Дэвийн хамаг баялгийг аваад Цагаан Дэвийн нутагт иржээ. Цагаан Дэвийн нутгаас бас л хамаг баялгийг нь аваад, эхнэрийг нь дунд ахдаа өгөхөөр дагуулаад явжээ. Тэгээд Улаан Дэвийн нутагт ирээд бас л хамаг баялгийг нь аваад, эхнэрийг нь том ахдаа өгөхөөр дагуулан аян замдаа гарав. Тэд Ало-Диногийн ах нараасаа салж явсан замын уулзварт иржээ. Гэтэл нөгөө өвгөн сууж байв. Ало-Дино,

-Өвгөн гуай, сайн уу? Миний ах нар эргэж ирэв үү? гэв.

-Үгүй ээ үгүй, хаан хүү минь. Хэн ч эргэж ирээгүй.

-Тэгвэл өвөө минь, би танд энэ гурван эмэгтэй бас тортой шувуугаа орхие. Би ах нарынхаа хойноос явлаа гээд Ало-Дино явжээ.

Ало-Дино ах нарыгаа хайж олон хотоор явсан боловч олсонгүй. Тэгээд нэг хотод ирж нэгэн айлд зочлон гэрийн эзнээс асуув.

-Би танай хотод хүний нутгийн хүнийг яаж олох вэ?

-Өглөө зах дээр оч. Тэнд бадарчингуудад зориулж цайллага хийх гэж байгаа гэж зар тараа. Энэ тухай чинь бадарчингууд мэдмэгцээ гүйгээд ирнэ. Чи тэдний дундаас эрж байгаа хүнээ олж чадна гэж зөвлөжээ. Маргааш нь Ало-Дино долоон шар худалдан авч алуулаад их хоол бэлтгүүлэн том хонх дэлдэн бадарчингуудыг дууджээ.

Ало-Диногийн хоёр ах нь хонх дэлдэхийг сонсоод халуун усны газрын эзнээс яагаад, юу болов гэж асуухад,

-Бадарчингуудыг хооллох гэж байгаа юм гэв.

Ах дүү хоёр ч эзнээсээ чөлөө аваад явжээ. Зах дээр цугласан олон хүн дундаас Ало-Дино хоёр ахаа хараад мах дарс өгөн асуув.

-Та хоёр намайг таньж байна уу?

-Үгүй ээ.

-Та хоёр хаана юу хийж амь зууж байна?

-Халуун усны газар нэг маань галч, нөгөө маань угаагч гэв.

Ало-Дино ах нарынхаа эзэнд очин,

-Эдний тооцоог бодно уу? Би эд нарыг авч явна гэжээ.

-Эд чиний юу юм бэ?

-Миний ах нар

-Бид чамайг танихгүй байна. Чи хэн бэ? гэж том ах нь хэлж гэнэ. Би Ало-Дино байна. Та хоёр яасан сэхээгүй юм бэ?

-Хэрвээ чи бидний дүү юм бол бид нар юу олох гэж гэрээсээ гарсныг хэл.

-Бид нар Азаран-Блбул шувууг олохоор гарсан билээ. Би шувууг олж авсан.

-Хаана байна?

-Яагаав, нөгөө замын уулзвар дээр сууж байсан өвгөнийд байгаа. Бүгдээрээ явъя. Би та нарт үзүүлье. Ингээд Ало-Дино хоёр ахдаа шинэ хувцас өмсүүлэн гурвуул өвгөнийх рүү явжээ. Өвгөнийд гурван бүсгүй байхыг харсан хоёр ах нь,

-Эд нар юун хүүхнүүд вэ? гэв.

-Энэ нь миний амийг нь хороосон Улаан Дэвийн эхнэр байсан юм гээд богцоо уудлан Улаан Дэвийн уруулыг үзүүлэн,

-Одоо том ах таны эхнэр болог. Энэ нь Цагаан Дэвийн эхнэр байсан юм. Цагаан Дэвийг би бас л хөнөөсөн, уруул хамар нь энэ байна. Одоо дунд ах таны эхнэр болог. Энэ гурав дахь бүсгүй нь Хар Дэвийн эхнэр байсан, одоо миний эхнэр гэв.

Ингээд ах дүү гурвуул Азаран-Блбул шувуугаа аван өөр өөрийн эхнэрийг сундлан буцах замдаа оржээ. Тэд явсаар байж ойд нэгэн худгийн дэргэд ирэв.

-Ало-Дино, худаг руу ороод ус утгаад ирээч, бидний ам цангаад байна гэж хоёр ах нь хэлэв.

Ало-Диногийн эхнэр нөхөр лүүгээ ойртон,

-Битгий ор, тэд чамайг хөнөөх санаатай байна гэж шивнэн хэлэхэд Ало-Дино,

-Үгүй биз ээ, тэдний ам нь их цангасан байна. Би худаг руу ороод ус аваад ирье! гэв

-Миний бээлий шаахай хоёрыг аваад ор. Үргэлж биедээ хадгалж яваарай. Би дараа нь хаантнаас нэхнэ. Хэрвээ олоод ордонд авчирвал чи худгаас амьд гарчээ гэж би мэдэх болно гэжээ. Ало-Дино худаг руу ормогц хоёр ах нь Азаран-Блбул шувуу гурван бүсгүйг аван хуй салхи мэт хурдлан оджээ.

Тэгээд өөрийнхөө хотод ойрхон ирээд хаан эцэгтээ элч илгээжээ. Хаан ард олноо цуглуулан хоёр хүүгээ өндөр хүндэтгэлтэй угтав. Тэгээд асуусан нь,

-Энэ юун бүсгүйчүүд вэ? гэв.

-Энэ нь миний эхнэр, энэ нь дунд хүүгийн чинь эхнэр, энэ нь зарц болог гэж том ах нь хэлмэгц Ало-Диногийн эхнэр,

-Хаан эзэн минь, том хүү чинь худлаа ярьж байна. Би түүний эхнэр биш гэв.

-Ай  хүүхдүүд минь,  та  нарын  хооронд ан  цав  байгаа бололтой. Азаран-Блбулыг хэн чинь барьсан юм бэ

Азаран-Блбулыг яриулж чадсан хүн л түүнийг барьсан даа! гэж хаан эцэг нь хэлэв.

-Алив би яриулъя гээд том хүү нь,

-Азаран-Блбул минь, манай цэцэрлэг цэцэглэн дэлгэрэг гээд шившээдхээч гэв. Азаран-Блбул юу ч хэлсэнгүй. Тэгэхэд дунд хүү нь

-Блбул  минь, манай цэцэрлэг цэцэглэн дэлгэрэг гээд шившээдхээч гэв. Азаран-Блбул юу ч хэлсэнгүй. Цөм бодол болов. Цэцэрлэг цэцэглэн дэлгэрсэнгүй. Ало-Дино маань яасан бэ? гэвэл худагт хэчнээн удаан суусныг хэн ч үл мэднэ.

Харин нэгэн худалдаачин худгийн дэргэд ирээд зарц нараа ус авчир гэв. Ало-Дино сонсоод хашгирсан нь,

-Намайг дээш нь татаж гаргаач! Туслаач! Би та нарт хэчнээн л бол хэчнээн ус утгаж өгье гэжээ.

Худаг руу хувин буулгаж хэрэгцээнийхээ хэрээр ус авцгаав. Тэгээд дараа нь олс буулгаж арван таван хүн татаж байж Ало-Диног гаргажээ. Худалдаачин Ало-Диногоос Чи яагаад худагт сууж байгаа юм бэ?" гэж асуув. Ало-Дино,

-Би  бадарчин,  харанхуй  шөнө  явж  байгаал  харсангүй уначихсан гэжээ.

-Хаа хүрч явна вэ?

-Нутаг орондоо буцаж явна.

Ало-Дино тэр шөнийг худалдаачинтай хамт өнгөрөөжээ. Өглөө нь Ало-Дино цааш явсаар нутагтаа ирээд нэгэн өвгөнийд буужээ. Тэр өвгөн түүнийг үрчилж авав. Нэг удаа хааны элч нар хотоор явж зорчигч олонд бээлий үзүүлэн,

-Хаан хүүгээ гэрлүүлэх гэж байгаа юм! Хааны бэрд энэ бээлийний өрөөснийг яг адилхан оёж өгөх хүн байна уу! гэж зарлаж байхыг өвгөн сонсжээ.

Өвгөн гэртээ ирээд энэ тухай Ало-Динод ярьжээ. Тэгэхэд Ало-Дино өвгөнийхөөс яван оёдолчинд шавь болжээ. Оёдолчин хааны хүү гэж мэдэлгүй авчээ. Ало-Дино дуулгавартай сайн шавь болов.

Хааны элч нар оёдолчны газар болгоноор явж бээлийг үзүүлэн өрөөснийг нь оёх хүн байна уу? гэж асууна. Тэд нөгөө Ало-Диногийн шавиар орсон оёдолчны газар ирээд оёх хүн байна уу? гэв. Оёдолчин татгалзав. Тэгтэл Ало-Дино би энэ бээлийг яг ингэж оёж чадна гэв.

-Чи солиотой биш биз! Чи дөнгөж өчигдөр ажилд орчихоод  өнөөдөр ийм нарийн захиалга авна гэдэг! гэж оёдолчин хэлэхэд хааны элч нар,

-Оёг оёг, хэрвээ адилхан бээлий оёж чадахгүй бол хаан толгойг нь авна.

-За оёноо гээд Ало-Дино бээлийг авч үлджээ.

Оёдолчин түүнийг загнан,

-Би хорин жил ажиллаж байна, тэгсэн мөртлөө чадахгүй.

Гэтэл чи... гэхэд Ало-Дино,

-Бүү айж сандар! Хэрвээ надад жижиг самар таван пүү авч өгвөл би оёно гэжээ.

Оёлолчин дөрвөн пүү самар авчирч өгөхөд Ало- Дино,

-Яагаад нэг пүү дутуу аваа вэ? гэв,

-Мөнгө   хүрсэнгүй   гэж   оёдолчин   хариулав.  

Ало-Дино өглөө болтол самар цөмжээ. Өглөө нь оёдолчин хүрч ирээд хааны өгсөн бээлийн хажууд яг адилхан бээлий байхыг хараад ухасхийн авч үзэх гэхэд Ало-Дино,

-Бүү хүр, муухай болгочихно! гэв.

Удалгүй хааны элч нар ирэхэд оёдолчин айн юу ч хэлсэнгүйд Ало-Дино бээлийг үзүүлжээ. Хааны элч нар гайхан шагшиж,

-За оёлолчин минь, хаанд очъё. Хаан бээлийн чинь шан хөлсийг өгнө гэв.

-Оёдолчин, чи яваад хаанаас энэ бээлийн шан хөлсийг аваад ир! гэж Ало-Дино хэлэхэд оёлолчин,

-Ээ үгүй, үгүй, хэрвээ хаанд таалагдахгүй бол яана! Чи хийсэн, чиний л толгойг аваг! гээд явсангүй. Ало-Дино ордонд очин Хаанд бээлийг үзүүлэхэд хаан бэрд үзүүл гэх юм гэнэ. Бэрд бээлий таалагдаж оёсон хүнд гээд гурван зуун рубль өгөв. Хаан ч өөрөөсөө хоёр зуун рубль нэмж өгчээ.

Ало-Дино оёдолчныд буцаж ирээд бүх мөнгөө дэлгэн ав гэхэд оёдолчин баярлан авч гэнэ. Тэгэхэд Ало-Дино "Чи муу хүн байна" гэхэд оёдолчин "Яагаад?" гэж асуув.

-Яагаад гэвэл би чамаас таван пүү самар авч өгөөч гэсэн, чи дөрвөн пүүг авчирсан. Би энд үлдэхгүй! гээд Ало-Дино явжээ. Тэгээд Ало-Дино гуталчныд очин,

-Би өнчин өрөөсөн хүн билээ. Намайг авч өөрийн эрдэмд сургаач гэж гуйжээ.

Гуталчин түүнийг шавь болгон авчээ. Удалгүй хааны элч нар ирж өрөөсөн шаахай үзүүлэн үүний нэг өрөөснийг яг алилхан оёж чадах уу? гэж асуужээ. Гуталчин татгалзах гэтэл Ало-Дино дундуур нь орон,

-Чадна чадна, би оёод өгье гэхэд

-Чи чинь дөнгөж сая шавиар орсон. Ийм нарийн ажлыг яаж чадах вэ! гэж гуталчин уурлав.

-Бүү уурла, би оёчихноо гэж Ало-Дино түүнийг тайтгаруулна.

-Хэрвээ оёж чадахгүй бол хаан та хоёрын толгойг авна даа! гэж элч нар хэлэв. Гуталчин,

-Чи чадахгүй, бүү ав! Өвгөн намайг хайрла! гэж аргадахад Ало-Дино,

-Бүү ай, би оёчихно. Хэрвээ надад хорин пүү самар авч өгөх л юм бол би нэг шөнийн дотор оёчихно гэв. Гуталчин түүнд арван есөн пүү самар авч өгчээ. 

-За одоо харьж амар, би оёно гэж Ало-Дино гуталчинд хэлээд үлджээ. Гуталчин сэтгэл нь зовсоор харьжээ. Тэгээд тэссэнгүй шөнө дунд босон ирж Ало-Дино юу хийж байгааг сэмхнээр харвал Ало- Дино самар цөмөөд сууж байв.  "Энэ ажилгүй юмтай яах гэж холбогдов доо! Ингээд зүгээр байж байгаад толгойгоо авахуулах болох нь ээ!" гэж дотроо хараагаад буцжээ.

Өглөө үүр цайнгуут гуталчин гүйж ирвэл хааны нөгөө шаахайн хажууд яг алилхан шаахай тавиастай байна гэнэ. Гуталчин ухасхийн барьж үзэх гэхэд Ало- Дино,

-Өчигдөр чи энэ ажлыг хийхгүй гээд байсан. Өнөөдөр энэ шаахайд бүү хүр! гэв.

Удалгүй хааны элч нар ирээд шаахайг нь аваад,

-За явцгаая. Хаанаас очиж харамж хөлсөө аваарай гэхэд гуталчин,

-Хэрэв хаанд таалагдахгүй бол яана! Ало-Дино, чи өөрөө яв! гэж айгаад явсангүй.

Ало-Дино ордонд очин шаахайг хаанд өргөхөд хаан бэрдээ үзүүлэхийг тушаав. Бэр нь өөрийнхөө шаахайг үзээд Ало-Дино байна гэж мэджээ. Тэгээд,

-Яагаад ордондоо ирэхгүй байгаа юм бэ? гэж асуужээ.

-Цаг нь болоогүй байнаа! гэж Ало-Дино хариулав.

Хааны бэр таван зуун рубль, хаан таван зуун рубль бэлэглэв. Ало-Дино мөнгөө аваад гуталчинд эргэж ирээд мөнгөө өгөн, би энд ажиллахгүй гэв.

-Яагаад?

-Би чамаас хорин пүү самар авч өгөөч гэхэд арван есхөн пүү авч өгсөн. Ингээд Ало-Дино нөгөө үрчилж авсан өвгөнийдөө эргэн иржээ. Өвгөн,

-Хүү минь, чи хаана байв? гэхэд,

-Залуу хүн би хотоор жаахан тэнэлээ гээд арван атга алт өгчээ.

Хэд хоногийн дараа өвгөн зах дээр явж байгаад үй олон цэрэг харжээ. Энэ нь Чачонц хааны цэргүүд Азаран-Блбулыг хулгайлсан хүнийг эрж байгаа гэнэ. Энэ тухай сонсоод Ало-Дино өвгөнд,

-Эцэг минь, хаан эзнээс морийг нь гуйгаад ирнэ үү? Миний хүү морийг чинь унаад Чачонц хаантай үзэлцэхээр явна гэж хэлээч! гэв. Өвгөн ордонд ирэв.

-Морь минь ирсэн өдрөөсөө л жүчээнд байгаа, хүн гар хүрч зүрхлээгүй байгаа гэж хаан хэлэв. Хааны бэр өвгөнийг нөхөр нь явуулсныг таамаглаад хаанаас морь авах зөвшөөрөл гуйжээ. Хаан зөвшөөрч бэр ч морийг жүчээнээс гарган өвгөнд өгөв. Өвгөн морийг авчирч өгөхөд Ало-Дино морио унан зээлийн талбай дээр очтол том ахтайгаа дайралджээ.

-Хаа хүрэх нь вэ? гэж Ало-Дино асуув.

-Би Азаран-Блбул шувууг олж ирсэн юм. Одоо Чачонц хаанаар  үнэн  гэж  батлуулж  нотлуулахаар  явж  байна  гээд Чачонц хааны их цэрэг рүү давхив. Том ах нь цэргүүдээс,

-Хааны цацар хаана байна? гэж асуухад цэргүүд нь «Тэр, тэр улаан!» гэж зааж өгчээ. Тэгээд Чачонц хааны цацарт ороод долоон удаа мэхийн мэндлэв. 

-Чи хаан хүү юу? гэж Чачонц хаан асуухад "Тийм" гэжээ.

-Чи Азаран-Блбулыг хулгайлсан уу?

-Тийм.

-Чи яаж хулгайлсан бэ?

-Таны ойн модонд өлгөөтэй байхад авсан.

-Ээ худалч, эндээс зайл! Чи Азаран-Блбулыг хулгайлаагүй байна гэж Чачонц хаан түүнийг хөөв. Том ах нь буцаж ирэхэд дунд ах нь мордон Чачонц хаан руу явжээ.

-Та хаа хүрэх нь вэ? гэж Ало-Дино замд нь асуув.

-Би Азаран-Блбул шувууг олж ирсэн билээ. Одоо Чачонц хаанаар үнэн гэдгийг батлуулж нотлуулах гэж явна! гэжээ. Тэгээд Чачонц хааны цацарт ороод долоон удаа мэхийн мэндэлжээ.

-Чи Азаран-Блбулыг хулгайлсан уу?  гэж Чачонц хаан асуув.

-Тийм.

-Яаж хулгайлсан бэ? Алив нэг яриадхаач!

-Хав харанхуй байлаа. Гэнэт энэ шувуу нисэж ирээд үүрэн дээрээ суулаа шүү. Би гараа байдгаар нь сунгаж байгаад ганцхан хап гээд л бариад авсан.

-Худлаа! Чи Азаран-Блбулыг хулгайлаагүй  гээд бас  л хөөжээ.

Үүний дараа Чачонц хаан «Азаран-Блбулыг хулгайлсан хүнээ олж авчрахгүй бол танай улс орныг талхилан устгана» гэж айлгажээ. Ало-Дино хаан эцэгтээ ирэн Чачонц хаан руу явах зөвшөөрөл гуйжээ. Хаан хүүгээ таньсангүй,

-Хэрвээ явах хүсэлтэй бол явагтун! гэв.

-Хаан минь гэж Ало-Дино хэлээд, 

-Одоо тохиролцъё. Хэрвээ харийн хаан Чачонц эх нутгаас минь явах юм бол би гурван цаг хаан төр барина шүү! гэв. Хаан ч за гэж, Ало-Дино ч Чачонц руу явав.

-Чи хаан хүү юу? гэж Чачонц хаан асуув.

-Тийм ээ.

-Чи Азаран-Блбулыг хулгайлсан уу?

-Тийм ээ, би Азаран-Блбулыг хулгайлсан.

-Яаж хулгайлсан бэ?

Ало-Дино яаж хулгайлснаа нэгд нэгэнгүй ярьжээ.

-Чи тэгвэл Ало-Дино байх нь ээ! гэж хаан гайхан асуув.

-Тийм ээ.

-Энэ бүх гавьяаг чи байгуулсан гэж би юугаар чинь итгэх вэ? Ало-Дино удаан ч бодсонгүй, богцоо уудлан гурван Дэвийн уруул хамрыг хаанд үзүүлэв. Тэгэхэд хаан Чачонц,

-Хүү минь! Би чамд Азаран-Блбул шувуугаа бэлэглэе гэж хэлээд их цэргээ аваад улс нутаг руугаа буцжээ.

-Ало-Дино эргэж ирээд эцэгтээ «Та намайг танихгүй байна уу?» гэхэд эцэг нь

-Танихгүй байна гэжээ.

-Би Ало-Дино байна гэж бага хүүгээ хэлэхэд эцэг нь «Тэгвэл чи цэцэрлэгээ цэцэглүүлэн ногооруул!» гэв. Ало-Дино Азаран-Блбул шувуунд дөхөж очин,

-Хайрт шувуухай минь, манай цэцэрлэг цэцэглэн ногоорог гэж шившин хэлээч! гэлээ. Шувуу шившин хэлэхэд цэцэрлэг тэр дорхноо цэцэглэн ногооров. Дараа нь Ало-Дино хаан эцэгтээ,

-Би гурван цаг хаан төрийг барина гэж бид тохиролцсон байхаа гэв. Эцэг нь тийм гэж зөвшөөрч тэгээд Ало-Дино гурван цаг хаан ширээнд суугаад ах нараа шүүжээ. Хоёр ах нь бүх буруугаа хүлээв.

-Хаан эцэг минь, эд нарыг яаж шийтгэх вэ? гэхэд эцэг нь «Хүү минь, чиний эрх!» гэв.

-Эд нар намайг алаагүй. Би ч бас алахгүй. Харин эхнэрүүдээ аваад эх нутгаас минь зайлаг! гэж Ало-Дино хэлжээ. Ингээд Ало-Диногийн зарилгаар ах нар нь алс холын нутагт цөлөгдөж гэнэ.

Орчуулсан: Ж.Оюунцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.