
Жил бүрийн 12-р сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг билээ. НҮБ-ын гишүүн улс орнуудын санаачилсан Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, ХДХВ-ын оношлогоо эмчилгээг сайжруулснаар 2030 онд ХДХВ халдвар болон ДОХ эмгэгээс ангижрах зорилго тавьсан билээ.
Тэгвэл цар тахалтай холбоотойгоор Европт ХДХВ илрүүлэх ажил удааширсны улмаас ХДХВ оношлогдоогүй үлдсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн нь 2030 он гэхэд ХДХВ/ДОХ-оос ангижрах зорилтод заналхийлж байгааг ДЭМБ болон Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс анхааруулж байна.
Дээрх хоёр байгууллагын хамтран гаргасан тайланд ДЭМБ-ын Европын бүс нутагт багтах орнуудад 2021 онд оношлогдсон ХДХВ-ын тохиолдлууд цар тахлаас өмнө бүртгэгдсэн тохиолдлуудаас даруй 25 хувиар буурчээ. Тус бүс нутагт ХДХВ-ын халдвар хамгийн ихээр бүртгэгддэг ОХУ болон Украин улс багтдаг аж.
ХДХВ-ын тохиолдлууд буурсан нь өнгөрсөн жилүүдэд Европын улс орнуудад коронавирусын цар тахал дэгдэж, ХДХВ-ын илрүүлгийн ажил хойш тавигдсантай холбоотой гэжээ.
Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх,, хянах төвийн ХДХВ-ын халдварын мэргэжилтэн Анастэйжа Фаррис, "2020, 2021 онд клиникийн салбар, нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд коронавирусйн цар тахлыг нэн тэргүүнд тавьж ажилласан нь ХДХВ-ын илрүүлэг буурах шалтгаан болсон ба энэ байдал одоо ч үргэлжилсээр байна." гэжээ.
ДЭМБ, Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн хамтарсан тайланд мэргэжилтнүүд шинээр бүртгэгдэх ХДХВ-ын тохиолдлуудыг тоог тооцолон гаргаж, Европын бүс нутгийн 53 орны 46-аас нь ирсэн тоотой харьцуулан үзжээ. Судалгааны үр дүнд Европын бүс нутагт амьдарч буй ХДХВ-тэй 8 хүний 1 нь ХДХВ-тэй гэдгээ мэдэхгүй байгаа гэж гарчээ.
ХДХВ халдвар авснаа мэдэхгүй ХДХВ-ын шинжилгээнд хамрагдахгүй хэр их хугацааг өнгөрүүлнэ тухайн хүний өвчин хүндрэх, үхэлд хүргэх эрсдэл нэмэгдэхээс гадна ХДХВ-ын халдвартайгаа мэдэлгүй халдвараа бусдад тараах эрсдэлтэй юм.
Цар тахлын улмаас зогсонги байдалд ороод байсан ХДХВ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх ажил өнгөрсөн жилээс дахин идэвхжсэн ч дэлхийн улс орнууд эдгээр өвчнөөс бүрэн ангижрах замдаа ороогүй байна гэдгийг эдгээр өвчнүүдтэй тэмцэх НҮБ-ын олон улсын сан өнгөрсөн 9-р сард онцолсон билээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.