
АНУ-ын Калифорни мужийн далайн эргийн Халф Мүүн Бэй хотод өнгөрсөн мягмар гарагт зэвсэгт этгээд хоёр газар гал нээж, 7 хүний аминд хүрсэн хэрэг гарчээ.
Хэдхэн хоногийн өмнө Калифорни мужийн Монтерэй Парк хотын бүжгийн студид зэвсэгт этгээд гал нээж, 11 хүний аминд хүрсэн хэрэг гарсан билээ.
Халф Мүүн Бэйд гал нээж, хүмүүсийн аминд хүрсэн этгээд өөрөө цагдаагийн хэсэгт очиж хэргээ хүлээсэн байна. Сан Матео засаг захиргааны нэгжийн шериф Кристина Корпусын мэдээлснээр сэжигтэнг 67 настай Чунли Жао болохыг тогтоосон ба тэрээр хэрэг гарсан газрын нэгэнд нь ажилладаг байжээ.
Сэжигтний машинаас цагдаа нар хагас автомат гар буу олсон байна. Дуудлага авсан цагдаа нар эхний хэргийн газраас амиа алдсан 4 хүн, хүндээр шархдсан 1 иргэнийг олж, эмнэлэгт хүргүүлсэн бол хоёр дахь газраас 3 хүний цогцсыг олжээ.
Энэ он гарснаас хойш 21 хоногт АНУ-д галт зэвсгийн улмаас 4 ба түүнээс олон хүний амь эрсдсэн 38 хэрэг гарчээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.