Байлдаантай кино

Twitter Print
2019 оны 10-р сар 08-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

…Бага байхдаа байлдаантай кино их үзэж, түүнийгээ дуурайн байлдаж тоглодог байлаа.  Цаад учир агуулгыг нь сайн ухаж ойлгохгүй ч “манай  тал”, “дайсны тал” гэж талцах ёстой.

Дайсны талд ихэвчлэн жаахан доройдуу хүүхдүүдийг сонгоно. Хэдийгээр тэд дургүй байх авч тоглох хүсэлдээ хѳтлѳгдѳн саналыг хүлээж авна. Дайсан бол үхэх ёстой. “Да, да, да. Чи үхсэн шүү” гэж хашгирахдаа сэтгэл дотроо түүнийг цустай хутгалдан тарчилж үхэж байгаагаар тѳсѳѳлнѳ. Энэ үеэс л бидний дотоод сэтгэхүйд:

-Хаа нэгтээ байгаа дайсныг олж илрүүлэн устгах ад бишийн хүсэл

-Хэн нэгнийг цус нѳжтэйгээ хутгалдан үхэж байхыг харах гаж таашаал

-Алив асуудлыг үг хэлээр ойлголцож биш, хүчирхийллээр шийдэх дадал

зэрэг гаж зуршил, дуршлууд программчилагджээ. Том болсон хэрнээ тагнуултай, байлдаантай, хүчирхийлэлтэй кинонуудаа үзэж сэтгэлийн гүн таашаал, баяр бахдал  мэдэрдэг хэвээрээ. Олон нийтийн энэ гаж дуршил дээр дэлхийн кино урлаг, цахим тоглоом хѳгжиж, асар их мѳнгѳний ашиг олсоор буй. Телевиз, цахим орон зайд “Галзуу гоё”, “Солиотой сайхан” тодотголтой кинонуудыг үзэхдээ бидний сэтгэлгээний далд мэдрэмжүүд юунд дасал болж буйг бид анзаардаггүй.  Хэрвээ та анзаарах ахул:

1. Ямар ч асуудал дээр бид буруутан буюу дайсныг хайж олон үзэн ядаж, үгүйдээ шоолон тохуурхдаг болсон

2. Бид хэн нэгний үхлээс айн ширвээтэлгүйгээр, цустай хутгалдсан аймшигт цогцоснуудыг хээв нэг харж дасч байна

3. Ойлголцохгүй асуудал дээр хэн нэгнийг шууд л цохиод авах, зодох турэмгий зуршилтай, үүнд нь бид ѳѳрсдѳѳ аль хэдийн дасч орхижээ

Нас ахих хэрээрээ хүүхэд болоод залуу насандаа шимтэн үздэг байсан байлдаантай кинонуудаа үзэж чадахаа больжээ. Хэн нэгний цустайгаа хутгалдсан цогцосноос хараагаа бууруулан, дотор сэтгэлдээ “Хүмүүс бид юугаа булаацалдан бие биенээ алж хядна вэ?”, “Бид яагаад энэ дэлхий дээр амар амгалан амьдарч чадахгүй байна вэ?”, “Энэ богинохон амьдралд бие биенээ зүгээр л хайрлаж чадахгүй, яагаад үзэн ядацгаана вэ?” хэмээн гунигтайгаар харамсан бодох боллоо. Нэг их гэгээрсэндээ биш л дээ, амьдралын тѳгсгѳл рүү ойртохоороо хүн ѳѳрийн эрхгүй сэтгэл нь зѳѳлѳрч, бусдыг ѳрѳвддѳг байх.

Image result for дайнтай кино

МОНГОЛЧУУД БИДНИЙ БАЙЛДААН…

-Бид дандаа “дайсны тал” буюу буруутанг хайж олон хамтдаа үзэн ядацгаадаг сэтгэхүйгээсээ салмаар байна. Бүх зүйл сайн, муу хоёр талтай байдаг нь угаасаа жам. Тэгэхээр ямар ч асуудал дээр хэн нэгнийг даган хашгирахын оронд ѳѳрийн тархиараа нѳгѳѳ талаас нь эсвэл тэр хүний оронд ѳѳрийгѳѳ байрлуулан “Би бол яах байсан бэ?” гэж ѳѳрѳѳсѳѳ асуу. Ямар ч хувь хүн хийгээд асуудалд сайн тал нь давуу байна уу? муу тал нь давуу байна уу? гэдэг дүгнэлт дээр очдог. 100 хувь сайн, эсвэл муу гэж байдаггүй юм аа. Хэрэв сэтгэлгээний энэ тэнцвэрийг мэдэрч чадвал бусдыг ойлгон уучлахад илүү хялбар болдог юм.

-Бид ямар ч асуудал дээр хүлээцтэй хандаж чаддаггүй, маргалдаж зѳрѳлдѳхѳд шууд л хүчирхийлэн зодолдохыг илүүд үздэг. Ядаж байхад яасан ч тэнэг онгироо араншинтай юм. “Чи муу п..да, хохь нь шүү”, “Чамайг ална шүү”, “Чи муу яаж чадах юм” хэрцгий балмад ийм үгсийг бид хэвийн хэллэг мэт хүлээж автлаа дасчээ. Хэрэв ѳндѳр хѳгжилтэй орнуудад ингэж хашгирвал тэр хүнийг цагдаа нь хуулиар хамгаалдаг юм. Иргэн бүр хуулийн хамгаалалт дор амар тайван амьдрах эрхтэй. Харин монголчууд бид цагдаадаа бүү хэл ѳѳртѳѳ ч итгэхгүй. Энэ их хууль ярьж маргалдаад байгаа эрхмүүд наад захын ийм хэм хэмжээг Монголд бий болгож чадсангүй. “Ам ажлын зѳрѳѳ” гэж энэ юм шүү дээ.

-Алив асуудлыг байлдан тэмцэж биш, ухааран ойлголцож шийдэж сурмаар байна. Музей, театруудын барилгууд түүхийн үнэт дурсамж учраас нураалгүйгээр сэргээн засварлах ёстой, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх нь утааг багасгах шийдэл байж болох боловч, түүнийг хэрэглэхээс нь ѳмнѳ ѳѳрсдѳѳ туршиж, хэрхэн хэрэглэх зааврыг олон нийтэд урьдчилан сургах ёстой, МАХН аас иргэдэд үнэгүй байр тараана гэдэг амлалт нь биелэх боломжгүйгээр барахгүй, сонгуулийн хууль зѳрчсѳн хуурамч сурталчилгаа, монгол хүний амь нас, аюулгүй байдлыг Тѳр хамгаалах үүрэгтэй учраас баавгайд бариулж, угаартаж амь насаа алдсан хүмүүсийн тѳлѳѳ Тѳр хариуцлагаа хүлээх ёстой. Тэгэхээр бид асуудлуудад хэт улстѳржиж бус бодитоор хандаж шаардлагуудаа зѳв тавьж сурахаас эхлэх хэрэгтэй байна. Эс тэгвэл бид мѳнѳѳх сэтгэхүйгээрээ утга учиргүй байлдсаар л байх болно.

Image result for mongolian life smog

ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? гэж үү

1. Байлдаантай киногоо бага үз ээ. Оронд нь хүндлэл хайрын тухай, амжилтад хүрсэн хүмүүсийн бодит түүхийн тухай, байгаль ертѳнцийн зүй тогтлын тухай илүү олныг үз. Ард олныг соён гэгээрүүлэх үүрэг хүлээдгийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд бодлогоо жаахан ѳѳрчилмѳѳр байна. Бидний үр хүүхдүүд ядаж талцаж байлдалгүй, эерэг ѳѳдрѳг сэтгэлтэй болог л дээ

2.  Хаа сайгүй хүчирхийлэлийг жигшин зогсоох хэрэгтэй байна. Хүчирхийлсэн үйлдэл болгоны эсрэг зоригтой зогсож хуулийн байгууллагуудад эсвэл олон нийтэд ил тод мэдээлж жигшүүлэх хэрэгтэй байна. Зодох гээд заналхийсэн хүнийг цагдаад мэдэгдэж, цагдаа шуурхай арга хэмжээ авч үйлдлийг нь таслан зогсоож, хохирогчийг хамгаалж чадах хуулийн тогтолцоо хэрэгтэй байна

3.  Бид ѳѳрсдѳѳ алив асуудалд сургаар биш мэдлэгээр хандаж сурах хэрэгтэй болж байна. Ном сонин, сэтгүүл унш аа. Тэгээд алив асуудалд зѳвхѳн муу талаас нь биш олон талаас нь харж ѳѳрийнхѳѳрѳѳ дугнэж сурцгаая. Чанга хашгирсан хүн болгоны ард нь очоод алга ташаад, дагаж хашгираад байдаг муу чанарыг тань улстѳрчид овжин ашиглаад байна шүү дээ. Ядаж ѳѳрийн санаа бодолтой нийцсэн хүмүүсээ ухамсартайгаар, итгэлтэйгээр дэмжиж бас хамтарч бай.

Урьд үнэхээр гоё санагддаг байсан байлдаантай кинонууд одоо тэгж санагдахаа больжээ. Цусандаа хутгалдаад үхэж байгаа тэр хүний ард талд гэр бүл , үр хүүхдүүд бас амьдрал нь байгаа гэж бодохоор гунигтай. Энэ ганцхан дэлхий дээрх богинохон амьдралд бид яагаад бие биенээ хѳнѳѳгѳѳд, эсвэл “амьдаар нь алаад” байдаг юм бол?  Эцсийн эцэст амар тайван амьдрал хүний жаргал нь юм шүү дээ. Бусдыг хайрлаж чадахгүй бол ядаж үзэн ядахаа багасгах сан даа , хүмүүс минь.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Вашингтон ДС хот                                                                                    

2019.10.08

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.