Ядрах, нурууны үе, хөлийн булчин өвдөх нь бөөрний өвчний шинж

Twitter Print
2021 оны 01-р сар 29-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

Бөөрний өвчний үед ядрах, нурууны үеэр өвдөх, хөлийн булчин, шилбэ, өсгий дагаж өвдөх, шилэн хүзүүгээр хөшиж өвдөх зэрэг тодорхой шинж тэмдэг илэрдэг бөгөөд эдгээр шинж тэмдгийг тоохгүй өнгөрөх нь олонтоо.

Ихэнх хүмүүс эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нурууны өвчин гэж андууран өвчин намдаах эм, наалт зэргийг хэрэглэсээр явдаг нь анхаарах ёстой асуудал юм. Учир нь бөөрний өвчнийг эрт оношлуулж, эмчлүүлээгүйгээс бөөрний архаг өвчин болж, бөөрний дутагдалд ч хүрэх эрсдэлтэй юм. Тиймээс уламжлалт анагаах ухаанд бөөрний өвчнийг хэрхэн ангилж, оношлон, эмчилж байгаа талаар мэдээлэл хүргэе.

Уламжлалт анагаах ухаанд бөөрний өвчнийг бөөрний хий өвчин, бөөрний архаг өвчин, бөөрний сувагт унасан өвчин, бөөрний халуун өвчин, бөөрний ус алдсан өвчин, бөөрний гэмтсэн өвчин, бөөрний хэрэх өвчин, бөөрний дарган өвчин гэх зэргээр ангилдаг. Бөөрний хий өвчний үед бэлхүүс орчмоор унжирч өвдөх бөгөөд чихээр шуугих юм уу дүлийрнэ. Харин бөөрний архаг өвчний үед доод бие, сүүж бэлхүүсээр хүйт оргиж өвдөх, нурууны гол булчин мах чангаран, хөлөө чирч доголох, сүүж бэлхүүсээр хатгуулж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн шээс дусагнан гарах, шээсний дараа дутуу шээсэн мэт санагдах зэрэг нь бөөрний архаг өвчний шинж юм.

Бөөрний сувагт унасан өвчний үед бөөр бэлхүүсээр өвдөхийн зэрэгцээ бие загатнадаг. Хөдлөх, явах, удаан зогссоны дараа өвдөг хөлийн өлмий хавдаж хөөх зэрэг шинж илэрнэ. Харин бөөрний халуун өвчний үед явж суух, архи уух, халуун ногоотой хоол идэх үед өвдөхөөс гадна шээсний сүвээр халуу оргин, хорсож өвдөх шинж тэмдэг илэрдэг. Бөөрний гэмтсэн өвчнийг сарнисан, дэлгэрсэн, унасан гэж гурав ангилах бөгөөд энэ өвчний үед дагз шилний хоёр талаар өвдөнө, хүзүүгээ эргүүлж чадахгүй гилжгий бөгтөр болно, бөөр бэлхүүсээр ороож өвдөнө, сүүжний дээр судас дагаж хөөж хатгуулж өвдөнө. Ханиаж найтаах үед маш их өвдөлттэй байх бөгөөд хөлийн үес хөөж хавдан, сүүж бэлхүүсээр мурийх шинж тэмдэг илэрдэг. Мөн хөлөө чирч доголох, гуя шилбэний сожоо мах, өвдөгний үеэр өвддөг.

Бөөрний хэрэх өвчний үед бэлхүүснээс доош бүгд өвдөнө. Ханиах, найтаалгах үед сүүжний нүдээр өвдөнө. Нуруу хөшиж, хүзүүгээ эргүүлж чадахгүй болно. Ихэвчлэн шөнө дундаас өмнө өвддөг. Архи, бүлээн шимтэй хоол унд идсэний дараа халуун үүснэ. Бөөрний дарган өвчний үед нурууны үес гадагш гарч бөгтөр болох зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд дээрх зовууриуд мөн илэрнэ. Тиймээс эдгээр зовуурь, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчид хандан оношлуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд энэ нь бөөрний өвчнийг архагшуулж хүндрүүлэх эрсдэлээс сэргийлнэ.

Эх сурвалж: Манба дацан нэгдсэн эмнэлэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.