Хар машиныг хакердсан гэх мэдээлэл гаргасан иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж байна гэлээ

Twitter Print
2021 оны 06-р сар 03-нд 14:24 цагт
Мэдээний зураг,

Хар машиныг хакердсан гэх мэдээлэл гаргасан иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаагийн байгууллага шалгадаг. Иргэн Г.Ган-Очир нь цахим орчинд сонгуулийн санал авах машинтай холбоотой мэдээллийг тараахдаа гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг ярьсан. Ярьсан асуудлуудтай нь холбоотойгоор цагдаагийн байгууллага албан ёсоор шалгая холбогдох шалгалт хийе гэхээр өөрөө зугтаад алга болчихсон.

Иймд худал мэдээлэл тараасан, бусдыг залилсан байж болзошгүй асуудлаар эрэн сурвалжилж байгаа тул иргэн Г.Ган-Очирын байгаа газрыг мэдэх хүн байвал цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.

Үүнээс гадна их хэмжээний мөнгө залилсан дөрвөн этгээдээс гурвыг нь баривчилсан бөгөөд үлдсэн нэг хүн болох Б.Энхбаатарыг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна" гэлээ.

Уг хэргийг эргэн сануулахад Ардчилсан намын 4:11 уулзалтын үеэр санал тоолох хар машиныг хакердсан хэмээн тавдугаар сарын 20-нд олон нийтэд мэдээлж байсан Г.Ган-Очир нь энэ үеэр "Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байна. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. Уг хэрэгт МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер, мөн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар хамрагддаг. МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсан.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнгөрсөн оны наймдугаар сард маргалдсан. Сонгуулийн цахим машины программчлалын хугацаа дууссан учир өөрчилсөн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд мөнгө өгвөл ямар ч хүн сонгогдоно. Д.Сумъяабазар надад сонгуулийн хар машиныг хакердуулахаар 500 сая төгрөг өгье, хамтарч ажиллая гэсэн, би зөвшөөрөөгүй. Дараагаар нь Улаанбаатар хот дахь "Эрдэнэт"-ийн төлөөлөгчийн газраас нэг тэрбум төгрөг гаргуулахаар МАН-ын удирдлагууд ярилцаж тохирсон. Би улс төрийн золиос болно гэдэг үүднээсээ маш их айж байсан. Надад бүх яриа, бичлэг бий.

Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага надыг шалгасан. Надаас гурав хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчилж, хакердаад 175 тэрбум төгрөг шилжүүлсэнийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гээд хэргийг хаасан байсан” хэмээн мэдээлсэн билээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.