
Грекийн парламент Грекийн Төрийн зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байсан Катерин Сакелларопулуг Грекийн Ерөнхийлөгчөөр сонгожээ.
63 настай Катерин Сакелларопулугийн төлөө нийт 300 гишүүнтэй парламентынх нь 261 нь саналаа өгсөн ба тэрээр Грекийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байгаа аж. Тэрээр ирэх 3-р сарын 13-наас эхлэн Ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгэж эхлэх аж. Associated Press агентлагын мэдээлж байгаагаар Грект эмэгтэйчүүд улс төрийн дээд албан тушаал хаших нь ховор бөгөөд одоогийн байдлаар Грекийн засгийн газрын 18 гишүүний 17 нь эрчүүд аж.
Европын Хүйсийн эрх тэгш байдлын Институтаас 2017 онд гаргасан судалгаагаар Грек улс хүйсийн эрх тэгш бус байдлаараа тэргүүлэгч орнуудын нэгээр тодорсон ба Грект албан тушаал ижил эмэгтэй эрэгтэй хүмүүсийн цалинг харьцуулахад эмэгтэйчүүд эрчүүдээсээ 12 гаруй хувиар бага цалин авдаг нь тогтоогдож байжээ. Грект Ерөнхийлөгч 5 жилээр сонгогддог ба Ерөнхийлөгч нь хязгаарлагдмал эрх үүрэгтэй байдаг аж.
Гэсэн хэдий ч хүний эрхийн төлөө тэмцэгч, эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон нь 10 орчим жилийн турш үргэлжилсэн эдийн засгийн хямралаасаа гарч буй Грекийн хувьд шинэ бөгөөд эерэг эхлэл болж байна хэмээн грекүүд үзэж байгаа аж.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.