Хятадын дэвшилтэт технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх явдлыг хязгаарлажээ

Twitter Print
2023 оны 08-р сар 10-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн лхагва гарагт Хятадын дэвшилтэт технологийн салбарт АНУ-аас оруулах хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай тогтоолд гарын үсгээ зуржээ.

Уг тогтоолын дагуу АНУ-ын Сангийн сайд Хятадын хагас дамжуулагч, микро электроник, квантын мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг салбаруудад АНУ-аас оруулах хөрөнгө оруулалтант хориг тавих эсвэл хязгаарлах эрхтэй болох аж.

Вашингтоны зүгээс уг тогтоолыг эдийн засгийн бус үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс гаргасан хэмээн тайлбарлажээ.

Дээрх тогтоолыг гадаадын орнуудад АНУ-ын хөрөнгө оруулалтыг зэвсэгт хүчин, тагнуул зэрэг салбаруудаа хөгжүүлж, АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх явдалд нь саад болох үүднээс гаргасан хэмээн Цагаан ордны зүгээс тайлбарласан ба гадаадын орнууд гэдэгт БНХАУ, Хятадын тусгай захиргааны бүс болох Хонгконг, Макаог нэрлэжээ.

Ассошиэйтэд Пресс агентлагийн мэдээлснээр БНХАУ-д оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны 2-р улиралд өмнөх оныхтой харьцуулахад 89 хувиар буурчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Байдены гаргасан тогтоолд Бээжин сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн, хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Хятадын Худалдааны яам энэ пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ Вашингтон дээрх тогтоолоороо хөрөнгө оруулалтын салбарт тогтоосон харилцаа холбоогоо тасалж, зах зээлийн эдийн засаг болон шударга өрсөлдөөнөөс ухарч байна хэмээн онцолжээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.