Монголчуудын зөв, гар барихгүй шүү...

Twitter Print
2020 оны 01-р сар 25-нд 14:16 цагт
Мэдээний зураг,

Монголчууд баруун гараа зүрхэн тушаа авч тэргүүнээ ялимгүй мэхэсхийж, бие цэх, цээж тэнэгэр алсаас инээмсэглэж, эрхэмсэг сайхан мэндэлдэг.

Бас ойр дотно ахмад эрхэм хүнийхээ хоёр тохойг сар шинээр жилд нэг удаа, бусад үед зөвхөн баруун гарын тохойг (энгийн үед) өргөн хүндэлж мэндчилдэг аж. Тэнгэр бурхан, Сүлд шүтээн, өвөг дээдэс, уул усандаа хоёр алгаа дэлгэн мэхийдэг гэнэ шүү. Мэндэлж хүндлэхээс эхлээд Монгол ёсон нэхэгдэж байна. 

Улс дамнасан халдвар, өвчин тахал ухаант хүний амьдралын хэмнэл бүхнийг цочоов, шалгав, сэрээв. Уурхайгаар тэргүүлсэн Австрали тивийг ус, гал, салхины аюул завсаргүй нөмөрч, байгаль эхийн цогц эргэлтэнд багтаж чадахгүй чи хэн юм бэ гэх шиг байранд нь тавьж байна. Уранаар магнайлсан улс бүхэн үхмэл цөл, ургийн гажиг, усны хомсдол, урхаг бүхэнтэй тулав. Мөхөхгүй орших, мөнх хөх дэлхий, мөн хүн хүнээ хайрлах ухааныг харъя, үзье гэж хайж ирэх нь ээ. 

Монгол хүн өөрийн аягыг хаа ч авч явдаг, байгальд хог үлдээдэггүй. Нус цэр, хумс, үс гээд ил юу ч хаядаггүй. Нус цэрний сав, алчууртай байсан юм билээ. Үсний сэвээр шувуу үүрээ засвал үгүйрдэг гээд хаяулдаггүй байлаа, учиртай биз. Газрыг гадсалж ухдаггүйн учир нь амьтан хөлөө гэмтээхээс гадна хөрсний доорх түмэн бодисын хэлхээг алдагдуулж болохгүй гэснийх байж. Бас морь бүдрэх аюулгүй дураар давхих сайхан сан. Мэдээж сүү ээддэг учир усанд оруулж болохгүй. Сүүгээ хүртэл тугалаар нь ивэлгэж, хайр шингэсэн сүүгээр ундаалдаг. Чин хай багшийнхан сүүг хилэнцтэй гээд уудаггүй учир ногоон хоолтой гэсэн. Монгол малын сүүг шинжлээд үзвэл салахгүй байлгүй.

Идсэн ууснаа дагаж хүн хувьсаж байна. Бордсон тахиа гахай шиг хэлбэрт шилжсэн улс арвин үзэгдэнэ. Монгол хүн хэзээ ч мал амьтан тамалдаггүй. PETA-г буруутгахаас илүү Монгол ёс, соёлт ахуйгаа буруу ойлгуулсан алдаагаа засах л ёстой. Монголчууд бид эртнээс уламжилсан өндөр соёлт ард түмэн. Дэлхий соёлоороо дайтаж, хэн зөв, өвөрмөц, өнгөтэй өөдтэйгөө даган уусч байна.

Өнөөдрөөс эхлээд эрхэмсэг сайхан инээмсэглэл дүүрэн мэхийж, тохой өргөн мэндэлж суръя. Би гар барихгүй шүү өршөөгөөрэй. 

АЛИВ АЮУЛ АЙДАС ҮГҮЙ АГУУ МОНГОЛ ӨВ СОЁЛОО СЭРГЭЭЕ!

ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ, СЭРГИЙЛЬЕ, АВАРЪЯ.

Содномцэрэнгийн Заяадэлгэр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.