Испанид агаарын хэм шөнөдөө - 25 хэм хүрч, 7 хүн нас баржээ

Twitter Print
2021 оны 01-р сар 13-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Испанийн хоёр мужид энэ сарын 12-ны шөнө агаарын хэм - 25 хэмийг давж, өнгөрсөн 20 жилийн түүхэнд байгаагүй их хүйтэрчээ. Теруэль мужийн Бельо хотод агаарын хэм шөнөдөө - 25.4 хэм, Молина-де Арагон хотод - 25.2 хэм хүртэл хүйтэрсэн байна.

Цочир хүйтэрч, их хэмжээний цас орсонтой холбоотойгоор Испанийн эрх баригчид өндөр настнуудыг гэрээсээ аль болох гарахгүй байхыг зөвлөжээ. Цаг агаарын хүнд нөхцлөөс үүдэн 7 хүн нас бараад байгаа ба хамгийн сүүлд Барселона хотод орон гэргүй 2 хүн нас баржээ. Коронавирусын цар тахлын улмаас ачааллаа дийлэхгүй ажиллаж байгаа эмнэлгүүд өнгөрсөн даваа гарагийн өглөө хальтирч унаж, бэртэж гэмтсэн иргэдийн хөлд дарагдсан байна. Эль Мундо сонинд бичсэнээр Мадрид хотын эмнэлгүүдэд өнгөрсөн даваа гарагт л гэхэд хальтирч унан, ясаа хугалсан 1200 тохиолдол бүртгэгджээ.

Save the Children байгууллагаас мэдээлснээр их хэмжээний цас орсны улмаас Мадридын Өөртөө засах нийгэмлэгийн зарим бүс нутгуудад цахилгаан тасарчээ. Үүний үр дүнд тухайн бүс нутгуудад амьдардаг эмзэг бүлгийн 2000 орчим хүүхэд гэр бүлийнхнийхээ хамтаар хүйтэнд гэрэл цахилгаангүй үлдсэн болохыг анхааруулжээ. Цаг уурчдын мэдээлж байгаагаар Испанийн 50 мужийн 41-д нь цочир хүйтэрчээ. Мадрид хотын сургуулиуд цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 18 хүртэл хичээллэхгүй байх шийдвэр гарсан байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Испанийн төвийн ихэнх нутгаар сүүлийн 50 жилд ороогүй их хэмжээний цас орсон ба Мадрид хотод орсон цасны зузаан 50 см - ийг давжээ.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.