
Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр /2022.11.14/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хянан хэлэлцжээ.
Тус шүүх Х.Идэр, Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах, З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр Х.Идэр албан ёсоор огцорч байна.
Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард өмгөөлөгч Б.Баасанцогт нартай хөл хорионы дэглэмийг зөрчин архидан согтуурсан, хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх хэрэгт буруутгагдан албан тушаалаасаа огцорч байсан хэдий ч Шүүхийн сахилгын хорооны шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсаар өнөөдрийг хүрсэн билээ.
Х.Идэр шүүгч огцорсноосоо хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж, сар бүр 3,000,000 төгрөгийн цалинтайгаар ажилласаар байсан юм.
Хэргийг эргэн сануулахад, энэ оны 1-р сарын 20-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны хурал болж, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарт холбогдох сахилгын хэргийн асуудлыг хянан хэлэлцээд шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.8-д Шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан шүүгч нь мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зарчмыг зөрчсөн, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлд шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч нарт сахилгын шийтгэл оноох нь зүйтэй гэж үзжээ.
Мөн шүүгч нарын зөрчлийн хэр хэмжээг харгалзан шийтгэлийг ялгамжтайгаар ногдуулсан байна. Үүнд,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Отгонбаатарт зургаан сарын хугацаанд цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ.
Мөн магадлал гарсан гардан авснаар 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхийн дагуу давж заалдсан бөгөөд энэхүү хэргийг Дээд шүүх өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.