Т.Батмөнх: Хүүхэд асрах чөлөөтэй эхчүүд хөнгөлттэй нөхцөлөөр даатгуулж болно

Twitter Print
2020 оны 01-р сар 29-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн даатгалын салбарт энэ оноос хэрэгжиж буй хуулиудад тусгасан хүүхэд төрүүлсэн, хүүхдээ асарч буй эмэгтэйчүүдийг дэмжих заалтын талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхөөс зарим зүйлийг тодруулав.

-Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх, асрах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадалгүй тасалдах тохиолдол олон байдаг. Энэ асуудлыг зохицуулах хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө үү?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчид, тэр дундаа даатгуулагч эхчүүдэд чиглэсэн хэд хэдэн өөрчлөлт орсон нь энэ оноос хэрэгжиж эхлээд байна.  Эмэгтэйчүүд хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа шимтгэл төлөлт нь тасрахгүй байх нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Тодруулбал, хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч нь, сайн дураар даатгуулсан эх тэтгэмж авах эрх үүссэн бол 50 хувийг өөрөө, 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, бусад тохиолдолд 50 хувийг эх өөрөө, үлдсэн 50 хувийг төрөөс төлөхөөр зохицуулсан. 

-Бусад нөхцөлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Сайн дурын даатгуулагч эхчүүдийн хувьд тэтгэмж авах эрх нь үүссэн буюу нийт 12 сар шимтгэл төлсөн байх, үүнээс сүүлийн зургаан сар нь тасралтгүй төлсөн гэх болзлыг хангасан тохиолдолд хүүхдийнх нь гурван нас хүртэлх хугацааны шимтгэлийн 50 хувийг даатгуулагч эх өөрөө, 50 хувийг нь тэтгэмжийн даатгалын сангаас төлнө. Үүнд нийт 7.2 мянган сайн дурын даатгуулагч ээж хамрагдах тооцоо гарсан.

Үүнд Тэтгэмжийн даатгалын сангаас 2.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байгаа. Харин бусад эхчүүдийн хувьд ногдох шимтгэлийн 50 хувиа өөрөө төлсөн тохиолдолд 50 хувийг нь төрөөс төлөхөөр  зохицуулсан. Үүнд нийт 51.5 мянган ээж өөрийн төлөх шимтгэлийн 50 хувийг төлсөн тохиолдолд улсын төсвөөс нийт 13.6 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх юм.

-Тэгвэл тухайн эхчүүд сард хэдэн төгрөг өөрөө хариуцаж төлөх вэ?

-2020 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн тогтоосон. Үүнээс тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд 12.5 хувиар тооцож сард 52500 төгрөг төлөх ба үүний 50 хувийг даатгуулагч өөрөө хариуцна гэхээр 26250 төгрөг төлнө гэсэн үг. Ингэснээр хүүхдээ гурван нас хүртэл хөнгөлөлттэй нөхцөлөөр даатгуулах боломжтой болж байгаа юм. 

-420 мянгаас өндрөөр төлөх хүсэлтэй эхчүүд яах вэ? 

-Ер нь тэтгэмжийн даатгалын сан болон улсаас хариуцаж төлөх дүн нь тогтмол гэж ойлгож болно. Тухайн эх шимтгэл төлөх орлогоо хэд ч  гэж тодорхойлж болно. Харин шимтгэл ноогдох дүнгээс 26250 төгрөг хөнгөлнө.

-Хууль одоо хэрэгжиж эхэлсэн үү. Журам гарахыг хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий?

-Аливаа хуулийг баталсаны дараа түүнийг даган гарах хэрэгжүүлэх журам, заавар, аргачлал, програм хангамж зэрэг бэлтгэл ажил хангах хэрэгтэй. Тус хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын 2019 оны 12 сарын 30-нд баталж, манай байгууллагад саяхан ирүүлсэн. Энэ дагуу НДЕГ-аас хэлтсүүд рүү хэрэгжүүлэх заавар аргачлалыг боловсруулан өчигдөр буюу энэ сарын 28-нд хүргүүлсэн. Тэгэхээр хууль хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож болно. Хэрэгжүүлэх журам, заавар хүлээгдсэнтэй холбоотойгоор энэ сард амжаагүй байсан ч нэгдүгээр сарын шимтгэлийг нөхөж төлөх боломжийг бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр даатгуулагч эхчүүд маань шимтгэл төлөлт тасарна гэж сандрах хэрэггүй. 

-Ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах вэ? 

-Бүрдүүлэх материалын тухайд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэртэйгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хамтаар харъяа нийгмийн даатгалын хэлтэстээ хандана. Дэвтэр шинээр нээлгэх бол 1 хувь цээж зураг байх ёстой.

-Ярилцлагын төгсгөлд тэтгэврийн нэмэгдлийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу. Сая нэг нэмэгдсэн, ирэх сард дахиад нэмэгдэх гэнэ гээд ахмадууд төөрөлдөөд байх шиг? 

-Эдгээр нь тусдаа эрх зүйн актууд юм. Энэ нэгдүгээр сард зарим иргэний тэтгэвэр дээр 50000 төгрөгийн нэмэгдэл орсон. Тодруулбал, 2020 оноос хэрэгжиж эхэлсэн “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн дагуу  БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг нэмсэн юм. Харин ирэх сарын 1-нээс нийт иргэдийн тэтгэвэрийг нэмнэ. 500 мянгаас доош тэтгэвэртэй иргэдийн хувьд 30 мянга, 500 мянга ба түүнээс дээш бол 25 мянган төгрөгөөр нэмнэ. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болно. Тодруулж хэлэхэд Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуульд хамрагдсан иргэдийн тэтгэвэр ч ирэх сард нэмэгдэх юм.

Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: Montsame 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.