Си Жиньпин ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж магадгүй

Twitter Print
2023 оны 03-р сар 14-нд 13:46 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпиний ОХУ-д хийх айлчлал өмнө яригдаж байснаас эрт буюу ирэх долоо хоногт болно хэмээн эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлжээ.

ОХУ-ын Украинд явуулж буй дайны эсрэг байр суурь илэрхийлээгүй атлаа Бээжин Украинд энх тайван тогтоох асуудал дээр зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хүсэлтэйгээ илэрхийлсэн нь барууны орнуудын эргэлзээг төрүүлж байгаа юм.

Өнгөрсөн сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний ОХУ-д хийх айлчлах нь тодорхой болсон хэмээн мэдэгдсэн ч Кремлийн зүгээс айлчлалын товыг зарлаагүй юм.

Уолл Стрийт Жорнал Си Жиньпиний айлчлал ирэх 4 эсвэл 5-р сард болох магадлалтай хэмээн мэдээлж байсан билээ.

Бээжин болон Москвагийн зүгээс энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан ба Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д. Песков, "Дүрэм ёсоор гадаадад хийх албан ёсны айлчлалын тухай мэдэгдлийг талууд хоорондоо зөвшилцсөний дүнд хийдэг. Бэлэн болмогц бид та бүхэнд энэ асуудлаар мэдэгдэх болно." хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Өнгөрсөн сард Ерөнхийлөгч В. Путин Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны Төв хорооны гишүүн Ван Иг хүлээн авч уулзсан бөгөөд Ван Игийн Москвад хийсэн айлчлал нь Ерөнхийлөгч Си Жиньпиний айлчлалын бэлтгэл ажлын нэг хэсэг байсан хэмээн ажиглагчид үзэж байна.

2022 оны 2-р сард ОХУ Украин руу дайрахаас өмнө буюу Оросын Ерөнхийлөгч В. Путин Бээжингийн Өвлийн Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох үеэр Бээжин, Москва хоёр бүх салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

Си Жиньпин БНХАУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш В. Путинтэй нийт 39 удаа уулзсан ба төрийн тэргүүнүүд хамгийн сүүлд өнгөрсөн 9-р сард төв Азид болсон чуулганы үеэр уулзсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Бээжинд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал болж, тус хурлын төлөөлөгчид Си Жиньпинийг Хятадын төрийн тэргүүнээр 3 дахиа томилсон билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.