Шанхайд КОВИД-19 өвчний улмаас нас барсан анхны тохиолдлууд бүртгэгджээ

Twitter Print
2022 оны 04-р сар 19-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Шанхай хотод коронавирусын омикрон хувилбарын халдвараар хэдэн зуун мянган хүн оношлогдож, хатуу хөл хорио тогтоосноос хойш тус хотод уг вирусын халдварын улмаас 89-91 насны 3 хүн өнгөрсөн ням гарагт нас барсан талаар Шанхай хотын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлжээ.

Нас барсан иргэд нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй байснаас гадна зүрс судасны өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг архаг хууч өвчтэй байжээ.

Өнгөрсөн даваа гарагт Шанхад коронавирусын халдварын шинж тэмдэг бүхий халдварын 2417 тохиолдол, шинж тэмдэггүй халдварын 19 831 тохиолдол бүртгэгджээ.

Шанхайд 3-р сарын 1-нээс хойш коронавирусын халдварын 370 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн ням гарагийг хүртэл коронавирусын халдвараар нас барсан ганц ч тохиолдол бүртгэгдээгүй нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаад байна.

Шанхай хоттой харьцуулахад Хонгконгт энэ оны 1-р сар хүртэл нийт 1.18 сая тохиолдол бүртгэгдэж, уг вирусын улмаас 9000 орчим хүн нас барсан билээ.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Хонгконгт коронавирусын халдварын улмаас нас барагсдын дийлэнх нь вакцинд хамрагдаагүй өндөр настнууд байсан аж.

3-р сарын байдлаар Хонгконгт 70 ба түүнээс дээш насныхны 48 хувь, 80 ба түүнээс дээш насныхны 25 хувь нь л коронавирусын эсрэг вакцинд хамрагджээ. Шанхай хотын хувьд тус хотод амьдардаг 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн 62 хувь нь коронавирусын эсрэг вакцины эхний тун, тэдгээрийн 38 хувь нь нэмэлт тунд хамрагджээ. Харин 80 ба түүнээс дээш насныхны 15 хувь нь вакциндаа бүрэг хамрагдсан үзүүлэлттэй байгаа аж.

Тэгвэл Шанхай болон Хонгконгт бүртгэгдэж буй нас баралтын тоо асар их зөрүүтэй байгааг Хонгконгийн их сургуулийн вирус судлаач Жин Доньян тайлбарлажээ. Түүний хэлж байгаагаар энэ нь Хонгконг болон их газрын Хятадад коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийг өөр өөр зарчмаар тоолдогтой холбоотой аж. Хонгконгт нас барсан иргэн нь сүүлийн 28 хоногт коронавирусын халдвар авсан байсан бол тухайн иргэнийг коронавирусын халдвараар нас барсан иргэдийн тоонд оруулдаг бол Шанхайд коронавирусын халдвартай өвчтөн өөр өвчний хүндрэлээс болж нас барсан бол түүнийг коронавирусын халдварын улмаас нас барсанд тооцохгүй аж.

Түүнээс гадна Шанхайд коронавирусын халдварын хүнд тохиолдлууд цөөн бүртгэгдэж байгаа ба өнгөрсөн бямба гарагийн байдлаар 16 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан гэжээ. 25 сая хүн амтай Шанхай хотод хөл хорионы дэглэм 3 дахь долоо хоногоо үргэлжилж байна.

Хөл хорионд байгаа иргэдийн бухимдал нэмэгдсээр байгаа ба иргэп хоол хүнс, эм тарианы хомстолд орж, тусгаарлах байранд байгаа иргэд тусгаарлах байрны орчин муу байгаа талаар гомдоллож байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.