Францаас авчирсан үнээ өдөрт 20-25 литр сүү өгдөг

Twitter Print
2014 оны 06-р сар 06-нд 08:01 цагт
Мэдээний зураг,

Шинэчлэлийн Засгийн газар 2014 оныг “Монголдоо бүтээцгээе” уриан дор үйлдвэржилтийг дэмжих жилээр зарласан. Чингис бондоос 270 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өвлийн хүлэмжийн аж ахуй, ноос, ноолуур, оёдлын үйлдвэрүүд болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэржилтэд зарцуулахаар төлөвлөсөн. Үүний 43 тэрбумыг нь сүүний чиглэлийн үйлдвэр байгуулахад зарцуулж байна. Чингис бондоос 2,8 тэрбум төгрөгийн зээл авч фермийн аж ахуй байгуулж, Францаас мах сүүний хосолмол монтбейльярд үүлдрийн 150 үнээ оруулж ирсэн “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн үхрийн фермтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцлаа.

Тус компани Францаас анх 150 үнээ авчирсан, үнээнүүд төллөж сүргийн тоо 120-иор нэмэгджээ. Монгол үнээнээс өдөрт 4-5 литр сүү саадаг бол монтбейльярд үүлдрийн үнээ өдөрт 20-25 литр сүүний гарцтай төдийгүй сүү нь уураг тэжээл өндөртэй ажээ.

Сүүлийн 20 жилд малын халдварт өвчин гараагүй Франц улсыг, ялангуяа,  өндөр уулын бэлийн монтбейльярд үүлдрийн үхрийг сонгосон. Фермийн ирээдүй маань гэрэл гэгээтэй харагдаж байгаа. Манай туршлагад тулгуурлан аль ч аймаг, суманд ижил төрлийн ферм байгуулах бололцоотой гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс ярилаа.

Үхрийн аж ахуй эрхэлж буй хүмүүс тэжээл, байрны асуудлыг бүрэн шийдэх шаардлагатай. Бид 4 мянган  га-д тэжээлийн бүх төрлийн ургамал тариалж, үхрийн тэжээлээ 100 хувь хангадаг гэж тэрбээр хэллээ.

“Хишигтэн нүүдэлчин” компани энэ сард дахин 160 үхэр оруулж ирнэ, 300 гаруй үнээтэй болно. Эднийх шиг 10 гаруй ферм Улаанбаатар орчимд бий болоход нийслэлчүүдийн сүүний хэрэгцээний 50 хувийг хангах боломж бүрдэнэ. Баталгаатай, өндөр чанартай сүүг жилийн 4 улирлын турш нийлүүлэх энэ компанийн хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлж амжилт хүслээ.

Чингис бондоос сүүний ферм байгуулахаар 15 компани 10,5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Удахгүй үйл ажиллагаагаа эхэлнэ гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэлсэн байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.