
УРАН ГУЛГАЛТ АА ГЭЖ...
Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн тэртээгээс өвлийн улиралд хөлдөө мал амьтны яс бэхлэн гулгаж эхэлсэн тэр цагаас нэлээн хойно буюу төмөр боловсруулж эхэлсэн цагаас эхлэн төмөр тэшүүр хөлөглөж иржээ. Улмаар энэ нь өөрийн хөгжийн явцаа тодорхойлсоор 1871 онд Тэшүүрээр гулгагчдын анхдугаар конгрессоор *Урнаар гулгах нь тэшүүрийн спортын нэгэн төрөл мөн* гэдгийг тунхаглажээ.
Энэ цагаас эхлэн тив, дэлхийн спортын уралдаан тэмцээнүүдэд эхэндээ зөвхөн эрэгтэй, хожмоо эмэгтэй болон хослон уран гулгагчдын төрөл зүйл салаалан салбарласнаар 1897 онд Спорт хосын уран гулгалт гэх төрөл бүртгэгдсэнээсээ хойш улмаар Олимпийн наадмын хамгийн үзүүштэй нэгэн төрөл болтлоо хөгжсөн юм.
*Спорт хосын уран гулгалт* хэмээх энэ төрлийн тамирчид буюу эрэгтэй эмэгтэй хос нь яг нэг хүн мэт тодорхой элементүүдийг нэгэн зэрэг өчүүхэн ч зөрүүгүй хийхийн зэрэгцээ цаанаас өгөгдсөн тодорхой үзүүлбэр болох үсрэлт, өргөлт, шидэлтийг техникийн алдаагүй гүйцэтгэх ёстой.
Харин эрэгтэй эмэгтэй хосын гулгалтын бас нэгэн төрөл нь *Мөсөн дээрх спорт бүжгийн төрөл* ба анх 1930-аад онд Англид үүсэж, 1952 онд дэлхийн аварга болон европын аваргын тэмцээний албан төрлөөр батлагдсанаас хойш олон жилийн дараа 1976 онд л Өвлийн олимпийн төрөлд орсон түүхтэй.
Бүжгийн төрлийн онцлог нь *спорт хосын уран гулгалт*-аас ялгаатай нь төрөл бүрийн бүжгийн уран гоё хөдөлгөөнөөс бүрдэх агаад спортын хосынх шиг Тодес (эмэгтэй нь хэвтээ байрлалд нэг гараараа эрэгтэйгээсээ барьсан чигтээ тойрон эргэлдэх), хоёрлосон, гурвалсан, дөрвөлсөн үсрэлтүүд болох сальхов, тулуп, аксель мөн эрэгтэй нь эмэгтэйгээ шидэхэд агаарт эргэлдсэний дараа алдаагүй газардах үзүүлбэр зэргийг хийдэггүйгээрээ онцлогтой. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн тамирчид мөн тогтсон программын дагуу тодорхой тооны үсрэлт, эргэлтийг хийж гүйцэтгэдэг.
1967 оны намар Монгол улсад Телевиз үүсэн байгуулагдсанаар үндэсний нэвтрүүлгээс гадна Оросын төв ТВ-ийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх болсон агаад монголчууд энэ цагаас эхлэн Өвлийн спортын хамгийн үзүүштэй төрөл болох Уран гулгалтын спортыг их багагүй сонирхон үздэг болсон түүхтэй.
Олимпийн наадмын уран гулгалтын төрлийн Эрэгтэй, эмэгтэй болон спортын хосын тэмцээнийг бидний үеийнхэн маш ихээр сонирхон үзэж олон удаагийн тив дэлхий, олимпийн аварга болсон спорт хосын төрлийн Белоусова-Протопопов, Роднина-Уланов/Зайцев, Валова-Васильев, Гордеева-Гриньков, Бережная-Сихарулидзе нарыг болон хожмоо спорт бүжгийн аваргууд болох Пахомова-Горшков, Линичук-Карпоносов, Бестемьянова-Букин, Навка-Костомаров нарын нэрийг хамаатнаасаа ч илүү цээжилсэн байлаа.
Шударгаар бичихэд спорт хосын болон бүжгийн хосын алтан медалийг алдалгүй авдаг байсан оросууд харин эрэгтэй эмэгтэй ганцаарчилсан төрөлд алт мөнгө авч чадалгүй олон жилийг өнгөрөөсөн нь гарцаагүй үнэн. Хамгийн гайхалтай нь, 1991 онд задран унасан ЗСБНХУ-ын дараа шинээр байгуулагдсан ОХУ-ын спортын түүх бичигдэж эхэлснээс хойш уламжлал сайтай спортын түүхэн дэх уран гулгалтын спорт хосын болон бүжгийн төрлийн олимпийн аваргын алдраа нэгэн хэсэгтээ алдсан нь хуучны алдартай дасгалжууулагч нар нь бүгд далайн чинадад болон Европ тивээр таран одож орос школынхаа нууцаас харамгүй цацсанаас үүдэлтэйгээр хэдэн арванаар ноёлсон манлайлагч байр сууриа нэлээн олон жил алдахад хүрсэн юм. 10 гаруй жил замбараагүйтсэн эдгээр хоёр төрлөө дахин сэргээхийн тулд гарч явсан алдартнуудаа эргүүлэн татах зөв бодлого явуулснаар талын нэг тарсан байсан дасгалжуулагч нар Оростоо буцаж ирснээр оросын тамирчдын дасгал сургуулилт эрчимжиж, хуучин шигээ хоёр төрөлд бус харин ч Уран гулгалтын 4 төрөлд нь жигдхэн өндөр төвшинд өрсөлдөх болжээ.
Т.Тарасовагийн шавь А.Ягудин, Е.Плющенко нар эрэгтэй ганцаарчилсан төрөлд, И.Слуцкая эмэгтэй ганцаарчилсан төрөлд тодрон гарч тив дэлхийн авар болцгоосон нь үсрэнгүй амжилт болсон юм. Харин эсрэгээрээ муудсан спортын хос болон бүжгийн төрөлд аварга алдраа буцаан авчрах аз Навка-Костомаров, Бережная-Сихарулидзе нарт тохиосноос хойш оросууд медальт байрнаас мултрахаа больжээ.
Ялангуяа 2014 оны Өвлийн олимпоос хойш А.Сотникова гэх охин аваргалснаас хойш гайхалтай чанга дасгалжуулагч Э.Тутберидзегийн охид гэж нэрлэгдэх болсон өсвөр насны охид Олимпийн аваргын ээлж дараалан авах болжээ.
Монгол хүрэлцэн ирсэн ОХУ-ын Уран гулгалтын багийнхны бүрэлдхүүнд ид үедээ гялалзаж яваа Спортын болон Бүжгийн төрлийн, эрэгтэй эмэгтэй ганцаарчилсан гулгагчид ид хав, ур чадвар, техникийн элементүүдийг бахдалтайгаар үзэгчдэд харуулж чадлаа.
Уг бүрэлдхүүнд миний харснаар Бүжгийн төрлийн хос болох алдарт дасгалжуулагч А.Жулины шавь В.Синицина-Н.Кацалапов нараас бусад нь Спортын гурван хос гулгагчид байв.
М. Кондратюк, Е.Семененко, Д.Алиев, Е.Туктамышева нарын ганцаарчилсан гулгагчид бүгдээрээ үзүүлбэрээ техникийн зохих төвшинд гүйцэтгэснээс гадна тэдний артистизм буюу жүжиглэлт маш өндөр буюу тэдний хоёр нь ч монгол үндэсний цамц, малгай өмсөж гарсан нь шоу үзүүлбэрээ илүү сонирхолтой агаад сэтгэл гаргаж бэлтгэсний илрэл байлаа.
Эрэгтэй тамирчдын эргэлтийн болон үсрэлтийн техник үнэхээр гайхалтай байсныг тэмдэглэхийн зэрэгцээ Д.Алиевийн номер *Хулиган* нь орос танхай эрийн араншинг маш чадмаг гаргаснаараа монголчуудын сонирхлыг татаж чадсан юм.
Этери Тутберидзе хэмээх хатуу чанга сахилга батаар нүдэж, охидыг туйлын өндөр төвшинд бэлтгэхийн тулд тэднийг байтугай өөрийгөө ч үл хайрлаж бэлтгэл хийлгэдэг хэмээн *Харгис хатагтай* хочит гүрж гаралтай дасгалжуулагчийн бэлтгэсэн охид болох К.Валиева, С.Агатьева нарын гулгалтыг Монголдоо үзнэ гэдэг хамгийн гайхалтай сюрприз байв. Энэ эмэгтэй цагтаа өөрөө тамирчин байхдаа бэртэл авсныхаа дараа АНУ-д хэдэн жилийг үр дүнгүй өнгөрүүлсний эцэст Оростоо буцаж ирээд өөрийн гарын шавь нараа бэлтгэж эхэлснээс хойш тив, дэлхий, олимпийн аваргын алтан медалийг түүний л шавь нар хамдаг болсон нь үнэн түүх. Гадаад дотоодгүй түүний арга барилаас тагнах нь энүүхэнд.
Миний олж уншсанаар тэрээр өөрийн судалж мэдсэн ажиглалтанд дүгнэлт хийснээр өөрийн гэсэн шинэ үсрэлтийн техник шавь нартаа эзэмшүүлсэн юм билээ. Энэ нь уламжлалт буюу өнөөг хүртлэх уран гулгалтын түүхэнд эмэгтэй гулгагчид олон эргэлттэй үсрэлт хийхдээ ихэвчлэн хоёр гараа дороос суга хавьцаа аваачиж үсэрдэг байсныг Этери өөрчилж гурвалсан, дөрвөлсэн үсрэлт хийхдээ хоёр гараа уртаар нь толгойн дээрээ эгц дээшээ байрлуулснаар биеийн хүндийн төвөө дээш чиглүүлснээр биеийн жин хөнгөрч, олон эргэхэд маш тустай байрлал болдог болсон тухай уншсанаа өнөөдөр эргэн санахад хүрсний учир нь түүний хоёр шавь хоёулаа тэгж үсэрснийг харснаар санаанд зурсхийгээд ороод ирчихлээ. Түүнээс гадна тэрээр охидыг анхнаасаа шилж сонгож авахдаа маш жижиг ястай, 15 хүртлээ л амжилт үзүүлэх магадлалтай гэж шинжсэн хүүхдүүдийг л авдаг тухай яриа бас чих дэлсэж байсныг саначихлаа. Би яагаад энэ тухай ярив гэхтэйн зэрэг манай өнөө Камила маань хөөрхөн жин нэмээд бондойсон том охин болчихож гэж эгдүү хүрч харлаа, хоёр өдөр.
Мэдээ орсон цагаасаа эхлэн Уран гулгалт гэдэг спортыг Оросын ТВ-ээр үзэж өссөн, 11 нас хүртлээ 15-р хорооллынхоо каток дээр конькигээр гулгаж өссөн миний хувьд энэ хоёр өдрийг нүдэндээ нулимстай, сэтгэлдээ нартай, зүрхэндээ баяртай саатан өнгөрөөлөө. Ялангуяа хоёр дахь өдрийн тоглолтон дээр Камилагийн үзүүлбэр дээр хөгжим нь тасарсан ч монголчуудын гал халуун алга ташилтын дор барцдаа үргэтэл тэшсэн охиныг хараад сэтгэлийн диско огцом тэсэрч, өөрийн мэдрэлгүй урсах нулимсаа арчин арчин үзлээ, чи минь...
Монголчууд хотлоороо ТВ-ээ ширтэн жаргаж үзэцгээлээ. Хэчнээн олон охид, түүний дотор ирээдүйн тив, дэлхий, олимпийн аварга ч болох нигуртай монгол охид хоёр өдөр шинэхэн мөрөөдөлтэй болсныг бидний хэн нь ч эс таана...
Ж.НАРАНА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
BAT
(197.211.63.97) 2023-05-20 05:17БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах