Комеди “Корона” болох нь ээ

Twitter Print
2020 оны 02-р сар 01-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Охидын сормуус, хүүхнүүдийн бөгс, эгч нарын харвин л Монголын Комеди банди нарыг тэжээж байна даа.

Жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй энэ нялх Сэнгүмүүдэд ээж нь, эгч нь, эхнэр нь, найз хүүхэн нь, ер нь эмэгтэйчүүд, бас эрчүүд "гэрээсээ гарч элэглээч ээ" гээд эелдэг хэлээд өгч болохгүй байгаа юм уу. Нийгмийн хамгийн хүлцэнгүй хэсгийг тохуурхаж мөнгө хийж байгаа нь шударга ёсны хувьд гудамжинд биеэ үнэлж байгаа хүний хөдөлмөрт ч хүрэхгүй шүү дээ. Ичмээр.

"Ёоо, аймар тээ, яагаад тийм байдгийн бэ, аймар, монгол охидууд тээ аймаррр..." хараад байгаарай тэдний амны хайрцаг, аахилж амьсгаадахыг, "Идэр-од" хэв маягийг хуулбарлан тогтооцгоочихсон. Зовмоор. "Шаасан, наасан, писсс..." ороогүй өгүүлбэр хэлбэл комедид тооцогдохгүй, тайзнаас буулгана гэсэн дүрэм байдаггүй байлтай. Та нарын элийрэл та нарыг тун удахгүй "Эргэн дурсахуй"-д аваачиж тохуурхах дараагийн шинэ үеийг бэлтгэж байгаа шүү. Тэр үед хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, архидалт тамхидалт, завхайрал, доромжлол хэрээс хэтэрлээ гэж "Эргэн дурсахуй"-аас агсам тавихад оройтсон байх болов уу.

Комедичууд аа, та нарыг хүүхэд залуус хэдэн зуун мянгаараа үзэж даган дуурайж байгаа, та нарын нөлөө их. Яг л бид Аглуу Бооёо Амби Асигаар хүмүүжсэн шиг. Хүүхнүүд, хөгшид гэсэн сэдвүүдийг чинь тэр ах нар "гавьяат жүжигчид" болтлоо мөлжсөн бас хөлжсөн. Ертөнцөөр дүүрэн элэглэх егөөдөх сэдэв байхад толгой тархиа ажиллуулаач. Комеди соён гэгээрүүлэх үүрэггүй зөвхөн зугаа цэнгэл гэж ярихыг чинь сонссон.

Тийм юм бол жорлонгоо олж сариач, гадуур нь цацаад байх юм. Доромжлол, ялгаварлалаар цэнгэл хийсээр байвал комеди "Корона"-аас ялгаагүй ээ.

Э.Эрдэнэсувд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.